Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж. Мөн онлайнаар тасалбараа захиалах нөхцлийг бүрдүүлж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхээс татгалзаж байгаа гэдгийг “Тэнгис” кино театрын Үйлчилгээний менежер Д.Дуулал хэллээ. Мөн ундаа, уснаас бусад идэх зүйлсийг танхимд оруулахыг хориглосон байна.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн туслана. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын хувьд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны хэлснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, худалдаа, хоолны газруудад Мэргэжлийн хяналтын газраас 626 байцаагч ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд энэ сарын 8-ныг дуустал урлаг, соёлын 11 тоглолт болохоор байна. Өнөөдрийн хувьд хоёр газар тоглолт болно. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтраад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Урлаг, соёлын тоглолтууд дээр Мэргэжлийн хяналтаас 44 байцаагч ажиллаж байгаа. Хамгийн гол нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг хэлээд үргэлжлүүлээд нийслэлийн иргэдээ вакцинжуулах тал дээр шуурхай зохион байгуулалт хийнэ гэлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 15-наас хотын иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай хийнэ. Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайдад Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана гэлээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдээ цаашид бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд санал, хүсэлтээ 1800-1200 тусгай дугаарт өгөхийг зөвлөлөө.