Аварга цолны төлөө аймаг, сумаа хорлодог тогтолцоог хална

Аймаг, сумд мянгат малчдынхаа тоогоор уралддаг болоод уджээ. Мянгат тодруулах энэ марафонд орон нутгийн удирдлагууд хүртэл татагдан орж, олон мянгаттай л бол онцгой сайн ажилласан Засаг дарга гэгдэх юм шиг аашилдаг хэт туйлширсан хандлага газар авсан. Чанарт бус тоонд шүтсэн ийм туйлшрал эцэстээ бэлчээрийн доройтолд хүргэв. Малын чанар, таваарлаг байдал ч алдагдаж эхэлсэн гэдгийг учир мэдэх хашир малчид хэлдэг. Малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт эрчимжиж байгаа нь өнөөдөр бидний нүүр тулаад байгаа хамгийн бодит бэрхшээл. Бэлчээр талхлагдсанаас мал тарга тэвээрэг авч чадалгүй өвөлтэй золгож, аймаг дамжин отор нүүдэл хийхэд хүрч, анхны цаснаар зутардаг гээд тоочвол олон л хүндрэл бий. Энэ бол уламжлалт нүүдлийн мал ахуйгаа зөв голдирлоор хөгжүүлэх, малчдаа урамшуулж, дэмжихдээ тоо хөөцөлдөх бус чанарт нь анхаарах хэрэгтэй болсныг харуулж буй юм.

Энэ бүхнээс үүдээд улсын аварга малчдыг тодруулах болзол, шалгуурыг ч шинэчлэх зүй ёсны шаардлага үүсээд байв. Үүнийг олж харсан зөв, оновчтой шийдвэрийг Засгийн газар уржигдрын ээлжит хуралдаанаараа гаргажээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчлүүлэхээр асуудал оруулсныг эцэслэн баталсан байна. Шинэ журмаар улсын аваргыг шалгаруулахдаа малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг чухалчилж байхаар болжээ.

Мөн худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалж хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр зөв үлгэр дууриалал үзүүлсэн, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байх нь улсын аваргаар шалгаруулах бас нэг хүчин зүйл болох аж. Улсын аварга тариаланчдыг тодруулах журам ч мөн дээрхийн адил байгаль экологид ээлтэй, нийгэмдээ эерэг нөлөө авчирч байгаа эсэх гэсэн шалгуурыг голчлохоор болжээ.

Тэгэхээр цаашид улсын аварга малчин, тариаланчдыг шалгаруулах үзүүлэлтэд эрс өөрчлөлт орно гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг дүрэм, журмыг шинэчилсэн төдий өнгөц өөрчлөлт биш, хандлагын маш том өөрчлөлт юм. Аливаа шагнал, урамшуулал, өргөмжлөн алдаршуулах, хүндэтгэн дээдлэх зүйлийн шалгуур босгыг тогтооход ийм агуулга, чанарын өөрчлөлт үгүйлэгдэж байгааг залуу сайд З.Мэндсайхан соргогоор мэдэрч, олж харжээ. Бас зоримогоор шинэчилж, шийдэл гаргаж чаджээ. Одоо цаашид малчид тооны хойноос улайран хөөцөлдөх нь утгагүй юм гэдгийг ухаарч ойлгож эхлэх нь тодорхой.

Харин эсрэгээрээ малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эрүүл, таваарлаг байдалд нь анхаарах, түүнчлэн малчин хүн гэдэг нийгэм, олон нийтийн өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээх юм, байгаль орчноо хэрхэн хайрлан хамгаалах вэ гэдэгт л илүү анхаарч, тэр чиглэлд сэдэл санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Маш товчхоноор хэлэхэд тоо толгойг нь олшруулахад биш бэлчээрийнхээ даацад тохируулан мал сүргээ өсгөн үржүүлж чадсан нь аваргын болзол хангана гэсэн үг.

Ийнхүү улсын аварга малчин гэдэг бол олон малтай хүнийг хэлдэг уламжлалт ойлголт халаагаа өгч байна. Мэдээж малын тоо толгой нэг үзүүлэлт нь байж болох ч хамгийн гол нь экологид ээлтэй, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхүйц үлгэр жишээч байж энэ хүндтэй цолыг хүртэх нь. Энэ бол хэн нэг хүнийг шагнах болзол төдий асуудал биш гэдгийг олон жишээгээр дурдаж болно.

Монгол Улсын эдийн засгийн нэг гол тулгуур нь мал аж ахуй. Гэтэл бид мал аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Наад зах нь сүүний хэрэгцээнийхээ дөнгөж 30 хувийг л чадан ядан хангадаг гэхээр энэ салбарт бодлогын, чанарын олон өөрчлөлт, шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн үг. Хөрсний бохирдол, бэлчээрийн доройтол, малын тоо хэт олширсон зэргийг бид олон жил ярьсан. Үүнийг өөрчлөх шийдлийг хэт холоос хайх хэрэггүйг улсын аварга малчин шалгаруулах журмыг өөрчилсөн Засгийн газрын шийдвэр харуулж байна. Энэ өөрчлөлт ирэх жилүүдэд үр дүнгээ бодитоор өгнө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

З.Мэндсайхан: ХАА-г дэмжих 500 тэрбумын зээл олгоход бэлэн боллоо

ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн...

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг өргөн барив

Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал,...

З.Мэндсайхан: Эрүүл хүнс хэрэглэгч, үйлдвэрлэгч болоход цахим шилжилт үр дүнгээ өгнө

Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Гэхдээ бид эдийн...

ХАА-н тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх хуулийн төслийг дэмжжээ

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх...