Ардчилсан намын X Их хурал өнөөдөр 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн Их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон Их хурлын 1206 төлөөлөгч цахимаар хуралдаж байгаа юм. Монгол Улсын түүхэнд улс төрийн намын Их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.
Цахимаар хуралдахын тулд АН-ын ҮБХ, аймаг,нийслэл, сум дүүргийн намын хороо, анхан шатны үүрүүдтэй цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь Их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын Их хурлаар хэлэлцэхээр болоод байна.
АН-ын Их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэн дүрэм батлагдаж байж, Монголын ардчилал эрүүл, бат бэх оршино гэж Монголын ард түмэн, гишүүд, дэмжигчид үздэг. Харин энэ удаагийн хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох Их хурлаа дахин хийхээр тогтжээ.