АН хүчтэй болох уу, Х.Баттулга эрх мэдэлтэйгээ үлдэх үү?

АН Их хурлаа энэ сарын 16-нд хийхээр товлож, бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж Их хурлынхаа товыг тогтоосон байдаг.

Энэ удаагийн Их хурлаар АН-ынхан УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцсон тайлангаа хэлэлцэж, дүрмийн шинэчлэл, бүтэц зохион байгуулалтын зарим өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна. Ирэх жилүүдэд АН-ыг удирдах бүрэлдэхүүн ч Их хурлаас тодорно. Үүнээс гадна 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой.

АН-ын дүрэм ёсоор намын даргыг сунгаагаар тодруулах ёстой боловч энэ нь дотоод эв нэгдэлд халтай, Ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлнө, санхүүгийн хүндрэл үүсгэдэг гэх мэт шалтгаанаар дүрмээс хасах магадлал өндөр байна. Хэрэв дүрмээ өөрчилбөл АН-ын даргыг 21 аймгаас нийслэлд ирэх Их хурлын төлөөлөгчид сонгоно гэсэн үг. АН-ын хувьд бол ухралт болно.

АН-ын даргад мэдээж олон хүн санаархаж буй. Тэдний нэрийг тоочихоос илүү эрх ашгийн, фракцуудын сонирхол чухал нөлөөтэй. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх удирдлагын алдаан дээр дөрөөлж АН дахь өөрийн хүчийг нэмэгдүүлж, хүмүүсээ аль болох олон тоогоор байршуулах бодлого баримталж буй нь бүгдэд тодорхой байгаа. Үүний цаана Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох амин хүсэл бий.

Нөгөө талд хуучин “Алтан гадас” фракцынхан эргээд хүчээ нэгтгэх замаар АН-ын удирдлагад нөлөөгөө тогтоох сонирхолтой байгаа гэлцэнэ. Бас АН-ыг хаяж урваж шарвасан зарим нэг шилрэмтгий хүмүүс эргээд хадаг барих улс төрийн цэнгээнт үзүүлбэр ч өрнөх сурагтай. Ардчиллын алтан хараацайнуудаасаа салж, залуусыг гаргаж ирэх ёстой гэж зүтгэх хэсэг ч бий.

Энэ бүх сонирхол, ил далд тэмцэлдээний дундаас АН-ын удирдлага тодорно. Товчхондоо бол Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох хүсэлтэй Х.Баттулга эрх мэдэлтэйгээ 6 жил байх уу, хоёр ч сонгуулиар дараалан ялагдал хүлээсэн АН эвтэй байж хүчтэй сөрөг хүчин болох уу гэдэг сонголтыг Их хурлын төлөөлөгчид хийнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...