“Хятадын стратеги” номын зохиогч Эдвард Луттвак “Монголын төр, засаг газар зүйн таатай бус байрлалд улсынхаа аюулгүй байдал, хөгжлийн асуудлаа шийдэхэд хүч тавих төдийгүй Хятад дахь Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан, ОХУ-ын Халимаг Буриадын монголчуудыг хамруулан хамуг Монгол үндэстнийхээ оюун санаа, соёлыг манлайлан чиглүүлэх эрхэм хариуцлагыг үүрч явах учиртай. Дэлхий дээрх Монгол үндэстний тусгаар тогтносон, цор ганц төрт улсын хувьд, өвөг дээдсийнхээ ариун дагшин өлгий нутгийг хамгаалсаар яваагийнхаа хувьд Монгол Улс тэрхүү хариуцлагыг огоорох эрхгүй. Тэрхүү эрхэм хариуцлагын нэг нь өнгө өнө эртний, тансаг чамин монгол бичгээ сэргээх талаар нухацтай авч үзэх явдал мөн” гэжээ.
Нэрт эрдэмтэн ийнхүү хэлж үлдээснийг бодохуйц өнөөдрийн Өвөрмонголд үүсээд байгаа нөхцөл байдлыг урьдчилсан сануулсан мэт харагдах. Тэгвэл монгол бичгийн дархлаа хэзээнээс сулрав, үндэсний өв соёлоо авч үлдэхэд бидэнд юу дутав. Яг одоо Шинжаан Уйгарт монголчууд хэрхэн амьдардаг, Монгол бичгийн өв соёлыг үндэстэн өөрсдөө анхаарахгүй бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн аугаа их түүх арчигдах магадлалтай гэдгийг мартах учиргүй билээ. Тиймээс Шинжаан Уйгарын өөртөө засах оронд очиж сурвалжилга хийснээ хүргэе. Энэ тэмдэглэл бол таван жилийн өмнө ( 2015 онд “Үндэсний шуудан” сонины 2015 оны наймдугаар сарын 10-ны өдрийн дугаарт) хэвлэгдсэн бөгөөд тухайн үеийн Шинжаан Уйгарын талаар сэтгүүлчийн өнцгөөс харсан зүйлээ тэмдэглэн авсан юм. Энд тус газрын байгалийн онцлог, үүх түүх, иргэдийн амьдралыг бодитоор нь бичсэн билээ.
“Илбэн дагуулах шинэ хязгаар”
Ази Европыг холбосон Торгоны их замын томоохон өртөө болох Шинжаан-Уйгарын өөртөө засах орших бүс нутгийг өмнө нь эртний нүүдэлчдийн төрт улсууд захирч байсан гэдэг. Тухайлбал, Хүннү, Баруун Түрэг, Уйгар, Хар Кидан, Хятадын Баруун хань, Тан болон Монголын Эзэнт гүрний Цагаадай удмын улс Монголистан эзэмшиж байжээ. Хожмоо зүүн, баруун, өмнөд, хойд Туркестан болон задарч, Зүүн Туркестан хэмээх исламын шашинт улсын нийслэл Кашгарт төвлөрч байсныг ХYI зуунд Зүүн гарын хаант улсын эзэн Эрдэнэбаатар хунтайж ( Галдан Бошигтын эцэг) нэгтгэж авсан байна. 1600-1700 оныг хүртэл 1000 гаруй жилийн турш Төв болон Дундад Азийг дамнасан өнөөгийн БНХАУ-ын нутаг дэвсгэртэй бараг дүйцэхүйц хэмжээний асар уудам газар нутгийг эзэгнэн захирч байсан Зүүн гарын Хаант улсыг Манж Чин улсын Тэнгэрийг тэтгэгч хаан олзолж энэ нутгийг “ Илбэн дагуулах шинэ хязгаар” гэж нэрийдсэн түүхтэй аж.
“Илбэн дагуулах шинэ хязгаар” нь өнөөдрийн Шинжааны түүхийн эхлэл. Байгалийн зохилдолгоо нь уран зургийг санагдуулам, элсэн цөлд бүтээн байгуулалт босгосон энэ нутгийнхан өнөөдөр 60 жилийг ардаа орхиж түүхэн ойгоо тэмдэглэж байна. Ингэхдээ тэд Ази, Европ, Африкийн 17 орны, Бээжин, Шинжааны томоохон хэвлэлүүдийн 55 сэтгүүлчийг хамтад нь урьж хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг танилцуулахыг зорьжээ. Хил хязгаар тусдаа, ойлголцох хэл ондоо ч олон орны сэтгүүлчдийг нэгэн дээвэр дор ийнхүү нэгтгэсэн нь ойн баяртаа ихээхэн ач холбогдол өгсний илрэл. Магадгүй олон улстай хиллэдэг, олон үндэстний орон гэдэг утгаараа өртөөлөн өнгөрсөн 60 жилийнхээ ажлыг нэгмөсөн тайлагнаад авья гэж бодсоных биз. Үнэндээ ч ажлын явцад хийсэн бүтээснээрээ бахархсан, түүхэн баатруудаа дурссан, хөдөлмөрийн үнэ цэн, ажлын амтыг мэдрүүлсэн бүхий л бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг танилцуулж явлаа. Бидний хөтөч Яанаагийн хэлснээр, “Шинжаан дахь Хятадын армийнхан бүхэлдээ бүтээн байгуулалтын ажил эрхэлж, олон зам, гүүр тавьсан төдийгүй олон мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур нефтийн 4500 км хоолой татаж, өндөр, орчин үеийн барилга байшингуудыг барьсан.
Нүдэнд харагдах гарт баригдах бүтээн байгуулалтын ажилчин анги, армийнхан ихээхэн ажиллаж, хөдөлмөрлөсөн нь одоо та бидний харж байгаа энэ зүйлүүд гэдгийг тэрбээр онцлон хэлж байлаа. Ард иргэд маань зөвхөн хөдөлмөрлөөд зүгсохгүй, эх оронч сэтгэлгээг багаасаа хөгжүүлж чадсан нь өнөөгийн амжилтын хамгийн том түлхүүр гэдгийг ч бахархан ярьсан. Үнэндээ ч бахархахгүй байхын аргагүй бүтээн байгуулалт, шинэчлэлт, өөрчлөлт бидний өмнө байсан юм. Сэвэлзүүр салхи сэвшин үлээдэг Монголчуудын хувьд энэ нь илүүтэй мэдэгдэм. Хацар хайрам тэсгим өвлийг туулдаг бидэнд нүүр өөдөөс халуун, аагим нар шарах нь тэсгим алдам. Ийм халууныг тэсвэрлэн элсэн цөлд урд өмнө хэзээ ч харж байгаагүй бүтээн байгуулалтыг цогцлоожээ. Элсэн цөлийг нил ногоон өнгөөр чимэглэж, амуу тариа, аяга будаа, амттан жимсээ тариалах гэж хэчнээн их хөдөлмөрлөж, хэчнээн хөлс урсгасныг таашгүй.
Газар нутгийн хувьд нийт хэмжээ нь 1.66 сая хавтгай дөрвөлжин километр буюу БНХАУ-ын газар нутгийн зургааны нэгтэй тэнцдэг гэсэн. Ийм том газар нутгийн нэгээхэн хэсгийг ч үлдээлгүй амьжиргааны бүхий л бүтээгдэхүүнээ тариалж авдаг, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээл дээр Шинжааны гэх брэндээр өрсөлддөг байна. Тухайлбал, усан үзмээрээ дэлхийд дээгүүрт ордог. Бараг л бүх айл өрх усан үзмийн талбайтай бөгөөд нэг ч ч ядуу өрх байдаггүй Турфан хотын Засаг захиргааны дарга бидэнд хэлж явсан. Гэхдээ хаа газрын амьдрал тэгш адилхан гэж юу байхав. Зарим нэг нь амьжиргаагаа баян тансаг авч явахад, зарим хэсэг нь тарчигхан байгаа нь гаднаас нь харахад илхэн. Ерөнхийдөө иргэдийнх нь гол амьжиргааны эх үүсвэр газар тариалан, мал аж ахуй аж. Хойд нутгаараа мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлсэн бол өмнөд хэсгээрээ (халуун байдаг учраас) усан үзмийн талбай ихтэй байв. Учир нь, усан үзэм их дулаахан орчинд ургадаг, эмзэг турьхан жимс гэнэ.
Тиймээс их халуун байх тусмаа усан үзэм олширч, ургац арвин байдаг ажээ. Мөн сүүлийн жилүүдэд элсэн цөлийг аж үйлдвэр, эдийн засгийн хөгжлийн бүс болгон аялал жуулчлал хөгжүүлэх нь нутгийн удирдлагын зүгээс төдийгүй Бээжингээс явуулж буй томоохон бодлогын нэг биз ээ. Тухайлбал, Өрөмчийн нисэх онгоцны буудал дотооддоо 93 чиглэл, олон улсын 46 нислэг үйлдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 10-30 минутын зайтай нислэг байдаг гэсэн үг. Бидний хувьд Монголоос Өрөмч рүү хүрэхийн тулд эхлээд Бээжин хүрч, тэндээсээ Өрөмчийг зорьсон. Бээжингээс Өрөмч хүртэл гурван цаг 30 минут нисдэг. Үүнээс гадна Ховд Булган сум дахь Ярантын боомтоор гарч болно. Шинжаан автобус, галт тэргээр гадаад, дотоодын жуулчдыг тээвэрлэж эхэлсэн нь өнөөдрийн Ази, Европыг холбосон гүүр болсон нь харагдаж байна.
Монгол голоор овоглосон Өрөмч хот
Шинжаан-Уйгарын өөртөө засах орон олон улстай хиллэдэг, олон үндэстний орон гэдгээрээ ялгарах аж. Зүүн талаараа Монгол Улс, хойд, баруун хойд талаараа ОХУ, Казахстан, Кыргыз, Тажикистан баруун өмнөд хэсгээрээ Афганистан, Пакистан, Энэтхэг улстай хиллэдэг. Энэ удаагийн аяллын багт Монгол, Казахстан, Кыргыз, Тажикистан гээд хил залгаа улс орнуудын сэтгүүлчдийг урьсан нь цаанаа учиртай аж. Аялал жуулчлалын бүсийг өргөжүүлж хөгжүүлэхэд хөрш орнуудын түншлэл хамгийн чухал. Наанадаж худалдаа, үйлдвэрлэл, цаашилбал хотынхоо хөгжил цэцэглэлтийг бусад оронд давхар танилцуулах боломж юм. Тиймээс энэхүү аяллын ерөнхий зохион байгуулагч Ли Нин, “Бидний хийснийг бусдад танилцуулаад өгөөрэй” гэх нөхөрсөг захиас байлаа.
Шинжааны үүх түүх ихэд өвөрмөц юм. Анхлан Монголын Зүүнгарын хаант улсын мэдэлд байсан энэ хот өнөөдөр Монгол голын нэрээр овогложээ. Тодруулбал, Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулаас аван урсдаг голын монгол нэр аж. Урьд өмнө нь монгол угсаатан байсан учраас энэ нэр өдийг хүртэл оршин тогтнож байгааг үгүйсгэхгүй. Өөр бас нэг гайхалтай зүйл нь Азийн өндөр уулсын нэг Тяньшанийн нуруу энд бий. Хамгийн хүндтэй зочдоо Тяньшань буюу Тэнгэр ууландаа зочлуулдаг нь энэ нутгийнхны заншил болжээ. Өрөмч хотоос 120 км зайтай, уулын мөнх цаст оргил, унаган байгалиараа үлдсэн цорын ганц нуурыг үзэхийн тулд дотоод, гадаадын жуулчдын хөл тасардаггүй юм билээ. Монголын минь цэлмэг хөх тэнгэртэй дүйцэхүйц, ноён оргилуудын дунд мөнх цаст уул дүнхийн харагдах нь хараа булаана. Байгалийн ямар шалгарлыг даван туулан үлдэж ийнхүү гоо үзэсгэлэнгээ гайхуулж байгаа талаар тэнд очсон хүн бүр л ам булаалдан ярилцах аж. Яг л уран зургийн галерейд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр байгалийн мөнхийн гоо үзэсгэлэнд сэтгэл сэргэсэн манай багийнхан уулын бэлд байх казахуудын хотхонд зочилсон юм. Хятадад нийт 56 үндэстэн байдгаас 34 нь Шинжаанд амьдардаг гэсэн. Үүнээс хүн амын эздэх тоогоороо хятад, уйгар, казахууд эхний гуравт жагсдаг байна.
Казах хотхонд оронгуут Баян- Өлгий аймагт очсон мэт санагдав. Хүрэн зандан модоор сийлсэн бүргэдийн хөшөөг орох хаалгандаа хүндэтгэлтэйгээр зассан нь казах тосгонд ирснийг илтгэнэ. Гадна талд нь нэг бөхт тэмээг хэрэндээ “ гангалан” сойсон нь жуулчдад зориулсан “бэлэг” бололтой. 60 гаруй насыг зооглож буй бололтой өвгөн биднийг тэмээнд мордож үзэхийг санал болгон, нэг мордож үзэхэд 30 юань, тосгоноор явбал 100 юань гэж тайлбарлаж байлаа. Ингээд цаашаа явахад домбор хөгжмийн хос маягийн даруухан хөшөө угтах. Холын зочид ирсэн учраас казах түмний уламжлал болсон хуримыг ёслолыг ч бидэнд үзүүлэв. Сэтгүүлч миний бие энэ ёслолд бэргэн болон оролцож сэтгүүлч нөхдөөсөө урмын үг хүртээд амжсан. Казах түмэн өнөөг хүртэл өвөг дээдсээсээ өвлөгдөн үлдсэн ёс заншлаа гээгээгүй хэвээр хадгалан авч үлдсэн нь үндэстний бахархлыг төрүүлж байлаа.
Манай багт Баян- Өлгий аймгийн сэтгүүлч байсан бөгөөд тэрбээр казах ёс заншлын талаар бидэнд сонирхуулахдаа, “Шинжаанд амьдардаг казах зон олон маань ёс заншил, өвөг дээдсийн уламжлалаа нэр төртэйгээр авч яваа нь ихэд сэтгэл хөдөлгөв. Ялангуяа хуримын ёслол өмнө нь ч ийм байсан, одоо ч хэвээрээ байгаа. Аялгуут домборын аялгууг сонсоход ард үлдсэн зүн олныг минь улам ихээр санагдууллаа” хэмээн сэтгэл хөдлөн ярьж байлаа. Өндөр гоолиг биетэй, өтгөх хар хөмсөгтэй, үзэсгэлэн төгөлдөр казах бүсгүйчүүд үндэснийхээ хувцсыг өмсөн бүжих нь өргөн олноороо зочлон очсон олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Мөн хар өнгийн хантаазаар гоёж, орос бахиал “өшиглөсөн” хасаг эрчүүд Оросын алдарт “Катюша” дууг эрэмгийгээр дуулан бүжиглэн хүндэтгэл үзүүлэв. Казах тосгоны халуун дулаан орчноос ийнхүү хөндийрөн явах зуураа энэ нутгийн эрхэмсэг оршихуй бүргэдийн хөшөөнд нэгэнтээ хүндэтгэл үзүүлээд цааш хөдөллөө.
Баатар эрсийн зоригийг илтгэх Куньлуний нурууд
Айдас хүрэм, сүрлэг өндөр Куньлуний нуруу энд бий. Өмнө нь ийм өндөр, тэгсэн хэрнээ тийм ганцаардмал гэмээр нуруу харж байгаагүй болохоор нэг л айдас, хүйдэс даамаар. Яагаад ийм сэтгэгдэл төрснийг бодоод олохгүй юм. Хурдны замаар давхих зуур өөрийн мэддэг маань мэгзэмээ уншиж явлаа. Яг л дээрээс нурж ирэх гэж байгаа мэт энэ нуруудын эцэс төгсгөл нь хаана байгаа юм бол, ийм нурууг яаж нүхлэн энэ их урт замыг тавьсан юм бол хэмээн бид гайхаж, өөр хоорондоо ярилцаж явав. Ингээд энэ нурууны түүхийг орчуулагчаас сонирхсон юм. Тэрбээр ийн ярьсан. “Шинжаан Эв нуур, Лоб нуур, Баграшкүль гэсэн гурван том нууртай. Эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай. Газар зүйн бас нэгэн чухал хүчин зүйл нь Куньлуний нуруутай холбоотой. Монголчилбол, энэ нь Хөндлөн уул гэсэн үгийн хувирсан дуудлага. Хөх нуур ба Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой нуруу. Тэнгэр уулаас дутахгүй өндөр бөгөөд мужийн газар зүй, уур амьсгалд маш их нөлөөтэй. Хөх нуур, Хатан голын (Шар мөрөн ) чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадгаас Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөлжжээ.
Шинжаан- Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт Өрнө Дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ. Энд дэлхийд хамгийн урт газар доорх суваг бий. Эрт дээр үед ард түмэн нь зундаа 40 С градусаас буудаггүй халуунд тариалангаа услахын тулд газрын гүнд 5500 кмт суваг байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг. Харин энэ чандмань эрдэнийг ууршуулж алдахгүйн тулд усыг газар доорх сувагт шургуулж авдаг байна. Тиймээс Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шинжаан- Уйгарт аялал жуулчлалын хэд хэдэн бүс байгуулаад байгаа” гэв.
Куньлуний нуруу нь хэзээ ч үр мөхөх баатар эрийг харцыг санагдуулах ч ямар нэгэн айдас хүйдсийг яагаад дагуулаад байгааг асуухад, “ Маш олон оргилтой учраас нүдэнд ихэд сүрлэг харагддаг. Бид ч гэсэн анх удаа харж байхад яг л тийм сэтгэгдэл төрж байсан. Нөгөө талаар энэ нуруу шөнийн цагт харахад дайнд мордох гэж буй баатар эрчүүдийн зоригийг санагдуулдаг. Куньлуний нурууны тухай олон сайхан домог яриа одоо ч байсаар байдаг гэсэн юм.
Шинжаан- Уйгар. Өрөмч хот. 2015 оны наймдугаар сарын 10
Сэтгүүлч В.Сарантуяа