Нийслэлийн иргэд бид Төв цэвэрлэх байгууламжаас гардаг тааламжгүй үнэрийн талаар сайн мэддэг, сайн ч шүүмжилдэг. Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарахаар өнгөрсөн оноос УСУГ-аас лаг усгүйжүүлэх байгууламж барьж үнэрийг өмнөхөөс 2-4 дахин багасгаад байна. Цаашид ч мөн үнэрийг дахин бууруулахаар мэргэжлийн хүмүүс төлөвлөн ажиллаж, төсөв тооцоогоо гаргачихаад байгаа. Гэхдээ энэ удаад бид Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн талаар бус нийслэлийн иргэд бидний хайхрамжгүй үйлдэл цэвэрлэх байгууламжид хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар мэдээлэл бэлтгэлээ. Өөрөөр хэлбэл иргэдийн ариун цэврийн суултууртаа хийдэг ахуйн хог хаягдал, үс ноос, зарим үйлдэрүүдийн хэт их бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд нэлээдгүй бэрхшээлийг үүсгэдэг талаар тоо баримт дурдах гэж байна.
Тухайлбал, Цэвэрлэх байгууламжийн бохир усанд агуулагдаж буй том овор хэмжээтэй хог хаягдлыг шүүх үүрэг бүхий хүлээн авах сараалж үс, ноос, хог хаягдалд бөглөрөх нь энгийн үзэгдэл. Уг дамжлагаар хоногт 1500-2000кг хог хаягдлыг шүүн авч зайлуулах ажил хийдэг бөгөөд үүний 50% нь ноос, үс хялгас эзэлдэг байна. Насосны ажлын дугуй, шугам хоолой хаалтанд ноос орж бөглөснөөс өдөрт 10-15 удаа задлаж хог, ноосыг авч байж хэвийн ажиллагааг хангахаас аргагүйд хүрдэг ажээ.
Мөн өнгөрсөн онд ашиглалтад оруулсан лаг усгүйжүүлэх байгууламжид ч ноос, үс хялгас ихээр ирж шугам хоолой, насос тоног төхөөрөмжид бөглөрөл, гэмтэл үүсгэж эхэлжээ. Байгууламжийг ашиглалтанд хүлээн авснаас хойш нийт 3 удаа лаг тогтворжуулах резервуарын ноос, үс хялгасыг цэвэрлэх ажлыг хийж, нийт 25тн орчим үс хялгас, ноосыг цэвэрлэж зайлуулсан гэсэн тоог мэргэжлийн хүмүүс хэллээ.
Үүнээс гадна ирж байгаа бохир ус хэт өндөр бохирдолтой, химийн бохирдол давамгайлж байгаа тул лаг хүлээн авах 300м3 эзэлхүүнтэй тогтворжуулах резервуарт хорт хий ихээр үүсэж үнэрийн тархалт нэмэгдэж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж байгаа аж. Тухайлбал, лаг усгүйжүүлэх байгууламжид хүхэрт устөрөгч 10 дахин, хүхрийн давхар исэл 26 дахин, азотын давхар исэл 9,7 дахин их байгаа гэсэн тоо байна.
Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 140 ажилтантай, хоногт дунджаар 160000-200000м3 бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээг хийн, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна. Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн болон урьдчилан цэвэрлэгээ хийсэн MNS6561:2015 стандарт, /байгууламжийн хүлээн авах хүчин чадал/ хангасан бохир усыг хүлээн авч цэвэрлэх технологитой юм. Химийн бохирдол агуулсан бохир усыг цэвэрлэх технологийн дамжлага манай Төв цэвэрлэх байгууламжид байхгүй. Гэвч химийн хэт өндөр бохирдол, механик хог хаягдал ихтэй усыг байнга цэвэрлэх шаардлагатай тулгарч, тэр болгон нь Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна. Үс ноос, хэт их өөх тос, ариун цэврийн цаас зэргийг суултууртаа хийгүй байх нь цэвэрлэх байгууламжийнхандаа тус дэм болж буй иргэн таны дэмжлэг, хувь нэмэр билээ.