АН: Ардын намынхан амлалтаасаа няцсан дөрвөн жил байлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд 2016-2020 оны  УИХ-ын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ танилцууллаа.

Д.Эрдэнэбат: МАН Монгол Улсаас хөрөнгө оруулагчдыг зугтуулж, хөгжилгүй орны тоонд багтааж байна

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам 9 суудал авч сөрөг хүчнээр, үнэмлэхүй олонхи МАН-ын Засгийн газрын хууль бус, судалгаа, шинжилгээгүй, алдаатай, эргэж буцсан, амлалтаасаа ухарсан олон шийдвэрүүдийг засаж залруулах, цуцлуулах, ард иргэдийнхээ төлөө тоо цөөдөхгүйгээр ажиллаж, хүчтэй сөрөг хүчин байж ажиллалаа.

Бид Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд цаг үеийн тулгамдсан асуудлаар нийт 32 удаа асуулга тавьж, манай гишүүд дангаараа 58 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьж хэлэлцүүлснээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай тогтоол тус тус батлагдсан, Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан саналуудаас бид чухал ач холбогдолтой доорх заалтуудаа оруулж батлуулж чадсан.

-“Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно” гэх зарчмын саналыг төслийн 25.1.7-д шигтгэн оруулж дэмжигдсэн юм.  Энэ хориглолт нь УИХ улсын төсвийг батлахдаа дур зоргоор өөрчилдгийг хязгаарлах суурь гэж үзэж байна.

-Ардчилсан намын бүлгийн саналаар “УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл болно” гэх зарчмын саналыг 29.3-т нэмж тусгана дэмжигдсэн билээ. Ингэснээр гишүүн ард түмний эрчийн хувьд илүү хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

-ҮХНӨ-ийн 6.2-т “Байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.” гэсэн санал дэмжигдсэн бөгөөд Ардчилсан намын зөвлөлийн гаргасан “Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэх санал тусгагдаж дэмжигдсэн байна.

-Ардчилсан намын зөвлөлөөс орон нутаг татвар хураах эрхтэй байх саналыг гаргаж, 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.” гэж оруулж өгсөн.

Улс орны нэгдсэн бодлого алдагдаж, Гүйцэтгэх засаглалын тогтворгүй эргэж буцсан олон шийдвэрийн нөлөөгөөр хууль тогтоох байгууллагын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, эдийн засаг, ард иргэдийн амьдрал доройтож, иргэдийн бухимдал, тэвчээр дээд цэгтээ хүрсэн.

МАН хэт олонхоороо түрүү барьж аливаа асуудалд хандаж, асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, хариуцлагаас зугтах гэсэн Засгийн газрын оролдлого Монгол улсыг эдийн засгийг сөхрүүлж ФАТФ-ын саарал жагсаалтад оруулсан.

Эрх баригчид энэ алдаагаа засахын оронд сөрөг хүчинд буруугаа тохох, эсвэл өөр хоорондоо буруутай эзэн хайсаар Европын холбооны хар жагсаалтад Монголын нэрийг оруулснаар улс орноо дэлхийн давцанд нэр хүндгүй, тусгаар тогтносон Монголын ард түмний хувь заяаг үгүй хийж, бидэнд гар сунгах улсгүй, хөрөнгө оруулагчид зугатсан, хөгжилгүй орны тоонд багтааж чадлаа.

Бид ирэх дөрвөн жилд эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалтай хариуцлагатай жилүүд ирж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу маш олон эрх зүйн орчныг шинэчлэх хүлээлтийн дөрвөн жил ирж байна. Тиймээс УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд маш өндөр хариуцлага ноогдоно гэж бид харж байна.

З.Нарантуяа: Эдийн засгийн өсөлт хөрсөн дээр буухгүй байгааг иргэдийн амьдрал харуулж байна

Өнгөрсөн дөрвөн жилд буюу 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харах юм бол тэд 70 орчим хувьтай биелэгдсэн гэсэн дүгнэлтийг энэ Засгийн газар гаргасан байна. Бодит байдал дээр засгийн газрын мөрийн хөтөлбөр 70 хувь биелсэн үү гэвэл ҮГҮЙ. Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлэхийг шаардаж ажилласан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар

-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хамгийн том зорилгоо олон тулгуурт дотоодын үйлдвэрлэлийг түшиглэсэн тогтвортой эдийн засгийг бий болгоно,

-Үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд орно гэж тодорхойлсон.

Гэвч яг өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд хөгжсөн үү, үйлдвэржсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа ААН-ийг татварын орлогоос дэмжиж чадаагүй. Өнөөдөр ХАҮТ-аас нийт үйлдвэрлэгч нар Засгийн газарт хандаж маш олон саналуудыг тавьсан. Ялангуяа хямралын нөхцөлд ААН-ийг дэмжих төрийн бодлого дутагдаж байна. Энэ чиглэлээр дорвитой алхам хийх хэрэгтэй байна гэж сөрөг хүчнээр дамжуулан тогтоолын төсөл, хуулийн төсөл өргөн бариулсан. Харамсалтай нь ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй. Яаж тооцохоороо дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж, эдийн засгийнхаа солонгорсон олон төрөлт салбарыг хөгжсөн гэж тайлагнаж байгааг ойлгохгүй байгаа. Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа ААН-үүдэд олгох зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна гэж амласан.

Гэтэл зээлийн хугацаа болон хүү ААН-үүд дээр хэд байгаа билээ гэдгийг иргэд сайн мэдэж байгаа. Зээлийн хүү бууруулах тал дээр макро эдийн засгийн бодлого, төсөв сангийн бодлогыг уялдуулсан дорвитой шийдэл гаргаж чадаагүй байгаа гэдгийг ААН-үүд хэлж байна. Хамгийн гол нь иргэддээ ээлтэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Харамсалтай нь сүүлийн гурван жилд эдийн засаг тогтвортой 6-8 хувь өсөөд байгаа боловч яг иргэдийн амьдрал, өрхийн орлого нэмэгдсэн зүйл бол алга байна. Хэдийгээр бид цаасан дээр тоо өсөлттэй сайхан гарч байгаа хэдий ч эдийн засгийн хүртээмж айл өрхөд, гэр бүлд бодитойгоор хүрч чадахгүй байна. Энэ нь өсөлт газар дээрээ буухгүй байгааг илэрхийлж байна.

Мөн эдийн засгийн өсөлтийг уул уурхайгаас бусад салбарт хөгжүүлнэ өсгөнө гэдэг том зорилт байсан. Ялангуяа малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, нэгтгэх, нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэж мөрийн хөтөлбөрт тусгасан боловч хэрэгжээгүй. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийг эзэлж байгаа ХАА-н салбарын хувь хэмжээ 10 орчим хувь дээр гацсан байдалтай байна. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд Ардчилсан намын засгийн газрын үед муу хэлүүлээд байсан бондын санхүүжилтээс ХАА, ЖДҮ-ийн импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл хэрэгжүүлсний үр дүнд 10 хувьд хүрээд үүнээс хойш өдийг хүртэл гацсан байдалтай хэвээр байна. Өнөөдрийн байдлаар малчдын ноос, нэхий арьс шир үнэгүйдэж жалганд хог болон хэвтэж байна гэдгийг малчин ард иргэд нийтээрээ хэлж сануулж байна. Иймээс бодит нөхцөл байдал зорилгоосоо өөр нөхцөл байдалтай байгааг харуулж байна. Энэ байдлаас харахад эдийн засгийг хэвийн хэмжээнд нь оруулахад дор хаяж хоёр засгийн газрын маш их хүчин чармайлтын үр дүнд засаж залруулах хэмжээний алдаатай бодлогоор өнгөрсөн 4 жилд ажилласан байна.

Б.Пүрэвдорж: МАН өнөөдөр иргэн бүрийг 27 сая төгрөгийн өртэй болголоо

Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж айлгаж, энэ дарамтаас гаргана гэж амлаж гарч ирсэн МАН өнөөдөр иргэн бүрийг 27 сая төгрөгийн өртэй болголоо. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригч МАН амлалтаа биелүүлээгүй дөрвөн жил байсан. Есөн төрлийн татварыг нэмж, үүнийгээ ОУВС-гийн халхавчилсан. Хэтийдсэн тансаг зардлын хэмжээг танах боломжтой байтал ард түмнийхээ халаасыг ухах замаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүллээ. Хүн амын орлогын албан татварыг гурав, дөрвөн удаа нэмсэн. Үр дүнд дундаж, чинээлэг давхарга нь бүүр доошоо унасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр далд эдийн засаг бий болж,ажил олгогч нар бэлэн мөнгөөр цалингаа  тавьдаг болж даатгалын сан эрсдэлд оруулж байна. Шатахууны татварыг үе дараатай нэмсэн.

Үүний хажуугаар МАН-ын бага хурлын гишүүд, төрийн сайдын компаниуд хуурамч шатахуун үйлдвэрлэж, ард түмний халаасыг хоосолж, татвараас зайлсхийж, дээрээс нь иргэдийн машиныг эвдэж байна. Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, оюутны далан мянгыг зогсоосон. Ипотекийн зээлийг зогсоосон гээд иргэдийн амьдралыг  сайжруулах хөтөлбөрүүдийг үгүй хийсэн. Ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэчихээд эсрэгээр нь нэмэгдүүлсэн. 2016 онд ядуурал 21 хувь байсан бол өнөөдөр Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 33 хувь болсон байна. Авлигыг бууруулна гэж амлаж гарч ирсэн ч олон улсын индексээр 86-д байсан манай улс 106-д орж буцаж ухарсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсных нь үр дүнд Монгол Улс саарал жагсаалтад орсон байгаа. Өнгөрсөн дөрвөн жил МАН-ын гаргасан бүх шийдвэр ард түмний  орлогыг бууруулж, бодит амьдралын баталгааг дордуулж амлалтаа биелүүлээгүй дөрвөн жил боллоо.

О.Баасанхүү: Ард түмэн ядуу, Ардын нам баян байна

2016 онд Ардын нам засгийн эрх авахдаа Ардчилсан намын бүтээн байгуулалтыг хийсэн,ажил бүх хүнийг цоллож, яллаж, буруутгаж байсан. Гэтэл харамсалтай МАН-ынхан хулгай, хүн амь, хүчингийн хэрэг гээд хамгийн аймшигтай бузар бүх зүйлийг хийснийг та бүгд мэдэж байгаа. ЖДҮ-дсэн, 60 тэрбумдсан, концессчин байна гэдгийг Ерөнхий сайд өөрийнхөө амаар хэлж байсан. Мөн зарим зүйлийг сануулахад, Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон асуудлаар 197 гэрээг хууль бусаар хийсэн байна. Эдгээр гэрээний 70, 80 хувь нь хятадуудтай байгуулсан, үнийн дүнгийн хамгийн бага тоо нь гэхэд 150 сая ам.доллар. Өнөөдөр 51,49 хувийн аль альных нь асуудлыг шийдээгүй.Гэтэл хуульзүйн сайд Ц.Нямдорж хүүгийнхээ компанид шахаа хийсэн. Сангийн сайд нь Хотгор шанагаар бөөн асуудал дагуулсан. Мөн Капитал банк дампуурсан. Одоо Чингис хаан банкны асуудал хүнд яригдаж байна. Ардын нам шат шатанд сонгуульд ялчхаад 14 Засаг дарга нь авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон. Тансаглал нь хэтэрсэн. Ард түмэн ядуу,ардын нам баян байна.  Миний тооцож байгаагаар өнөөдрийн Засгийн газрын гайгаар 2000 орчим хүн нас барлаа. Жишээлбэл, Хууль сахиулахын их сургуулийн багш ажилчид бэртэж хүн нас барсан. Ууланд 10 гаруй хүн, угаартаж маш олон хүн амь насаа алдсан.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрх баригч МАН-ынхан Бага хурлаа цахимаар хуралдуулж байна

Эрх баригч намынхан Бага хурлаа зарлан хуралдуулж байна. Шинэ...