Австрали улсад сүүлийн 48 цагт ариун цэврийн цаас нүдний гэм болж, дэлгүүрүүдийн лангуун дээр энэ төрлийн бүтээгдэхүүн хоосроод байна. Тэр ч бүү хэл дэлгүүрт сүүлчийн ариун цэврийн цаас авах гэсэн хоёр эмэгтэй булаацалдан маргаж, нэг нь цүнхнээсээ хутга гаргаж ирснээр цагдаад хүртэл дуудагдсан тохиолдол гарчээ. Ариун цэврийн цаас хомсдсоноос нийтийн бие засах газрын цаасыг хүртэл хулгайлах болсон байна. Тэгвэл яагаад Австралид ийм байдал үүссэн бэ?
Энэ явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Австралийн Перт хотод “Covid19”-ийн халдвар авсан 78 настай эрэгтэй нас барсан үеэс эхэлсэн гэж болно. Мөн Сиднейд 95 настай халдвар авсан эмэгтэй нас барсны дараа тус улсын засгийн газраас гараа сайн угаах, бактерийн эсрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэх, 14 хоногийн хүнсний нөөцөө бэлтгэх, шаардлагатай гэвэл ахуйн хэрэглээний бусад зүйлээ нөөцлөхийг зөвлөсөн байна. Үүний дараа Австралийн иргэд дэлгүүрийн лангууг хоосолж эхэлсэн бөгөөд гурил будаа гэх мэт гол нэрийн хүнснээс гадна ариун цэврийн цаасыг боодол боодлоор нь нөөцлөснөөр хомсдол үүсгэжээ. Үүний дараа төр засгаас нь иргэдээ худалдан авалтын шокноосоо гарахыг сануулсан ба тус улсын Эрүүл мэндийн асуудал хариуцсан дарга Брэндэн Мөрфи иргэдээ ариун цэврийн бүтээгхдэхүүн их хэмжээгээр нөөцлөх шаардлага байхгүйг ойлгуулахыг хичээж байгаагаа парламентдаа тайлагнасан юм.
Томоохон супермаркетууд нөөц байгаа учир сандарч их худалдан авалт хийхгүй байхыг иргэдэд зөвлөж, ариун цэврийн цаас үйлдвэрлэгч “Kleenex” компани эрэлтээ хангахын тулд 24 цагаар ажиллаж байна. Засгийн газраас нь коронавирүсийн эсрэг хангалттай бэлтгэлтэй байгаагаа зарлаж, тайван байхыг сануулж байгаа ч одоогоор байдал хэвээр л австраличууд ариун цэврийн цаасаа боодлоор нь нөөцлөсөөр байна.
Хэрэглэгчийн сэтгэл зүйн шинжээч Гриффит их сургуулийн профессор Дебра Грэйсийн хэлснээр энэ үйлдэл нь ухамсаргүйгээр бусдыг даган дуурайх үйлдэл бөгөөд сошл мэдиа болон мэдээлэл хүний тархийг хэрхэн угааж болохыг харуулсан явдал гэнэ. FOMO синдром буюу ямар нэгэн зүйл дуусах, алга болохоос айх синдром гэж байдаг байна. Хэрэв хэн нэгэн үүнийг худалдан авч буй бол, хөрш маань нөөцлөөд байгаа бол ямар нэгэн учир шалтгаан зайлшгүй байгаа, тийм учраас би ч бас дутах ёсгүй гэсэн сэтгэхүйн айдсаас энэ бүхэн үүдэлтэй гэж “New South Wales” их сургуулийн профессор Нитика Гарг австралид үүссэн энэ нөхцөл байдлыг дүгнэсэн байв.
Гэхдээ иймэрхүү байдал зөвхөн Австралид ч үүссэн юм биш. Хонконг, Сингапур, Япон гэх мэт улсад коронавирүсийн халдвартай холбоотойгоор ариун цэврийн цаасны хомсдол, замбараагүй байдал адилхан үүссэн юм. Хонконгд гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард коронавиүсийн халдвараас шалтгаалж үйлдвэрүүд нь хаагдаж магадгүй гэсэн цуурхал нийгмийн сүлжээгээр тарааснаас үүдэж ариун цэврийн цаас хомсдож байсан юм.