А.Эрдэнэбаатар: Төрийн байгууллага хүнд тодорхойгүй хариулт өгдөг газар биш

Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатартай хийсэн зангиагүй  ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

ХҮҮХЭД БАЙХДАА ВАГОНЫ ЖОЛООЧ БОЛНО ГЭЖ МӨРӨӨДДӨГ БАЙСАН

-Өглөөний мэнд хүргэе. Амьдрал таныг ямар зарчимд сургав. Юунаас эрч хүч, урам зориг авч ажилладаг вэ?

-Хүний амьдрал бол цаг хугацааны орон зай гэж боддог. Энэхүү орон зайд хүн өөрийнхөө түүх, дурсамжийг бүтээж амьдардаг. Өнгөрүүлсэн цаг хугацаанд өөрийнхөө үнэмлэмжийг олж авч, байхгүй цаг хугацаанд  дурсамж үлдээх нь жам ёс. Миний амьдралдаа баримталж ирсэн зарчим нь хүмүүс дунд зөв амьдрах, тэдний итгэлийг даах. Тэр олгосон итгэлийг зүтгэлээр, хүмүүсийн төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг байх зарчмыг баримталж ажилладаг. Мөн амьдралд идэвхтэй, хүчтэй байх олон хүчин зүйл бий. Хүмүүсийн магтаал, шүүмжлэл, дэмжлэг гээд. Энэ бүхнээс би урам зориг эрч хүч авч ажилладаг.

-Бага насандаа ямар зүйлсийг мөрөөдөж, хүсдэг байв?

-Хүний амьдралын хамгийн үнэтэй хэсэг нь хүүхэд нас гэж боддог.  Анд нөхөд, дотны хүмүүс уулзалдахаараа тэр алтан үеийг дурсахгүй өнгөрдөггүй шүү дээ.  Энэ сэдвээс хэн ч уйддаггүй. Би хүүхэд байхдаа  олон зүйл мөрөөддөг байлаа.  Вагоны жолооч болно гэж их боддог байсан. Тэр том техникийг жолоодож давхих юмсан гэх хүслээр дүүрэн байв. Арай том болоод ирэхээрээ тагнуулч болно гэж мөрөөдсөн.  Нас насны үечлэлээр мөрөөдөл минь солигдож, гэнэн, ирээдүй рүү тэмүүлсэн цагаахан хүслээр дүүрэн хүүхэд насаа үдсэн дээ.

– Та “Миний багш Монголын түүхийг надад ингэж үнэнээр нь зааж байсан юм” гэж багшийнхаа өмнө бахархан өгүүлж байсан. Түүхийн багшийн мэргэжлээрээ хэр олон хүнийг сургаж, энэ замд хөтөлсөн бол?

-Тийм ээ. Би түүхийн багш мэргэжилтэй. Энэ мэргэжил надад эх оронч үзэл санаа, монгол хүн байх зэрэг үзлийг миний зүрхний тольтонд хүртэл төлөвшүүлсэн. Мөн алтан сайхан багш нарыгаа дурсахгүй өнгөрч болохгүй.  МУГБ М.Аюуш, доктор, профессор З.Баасанжав, Монголын нэн шинэ үеийн түүхийн шинэчлэлийг тархинд минь суулгаж өгсөн Ренчин багш, Түүхийн ухааны доктор, Төрийн соёрхолт Д.Өлзийбаатар, н.Баттогтох багш нар минь намайг энэ мэргэжлийг эзэмшиж, эзэн болоход минь нөлөөлсөн.  Ялангуяа 1900-аад оноос  хойших түүх бичлэгт гарсан  гажуудал, түүнийг бодитой үнэн болгоход том гавьяа байгуулсан хүмүүс бол миний багш нар.

Багшийн мэргэжлээр цөөн жил ажилласан ч олон шавь нараар өнөөдрийг хүртэл хүрээлүүлж, хүндлүүлж яваадаа баярладаг. Монголын түүхийг түгээн дэлгэрүүлэх, уралдаант, шалгалтад нийгмийн ухааны мэргэжлээр хүүхдүүдийг бэлтгэх зэрэг ажилд нэлээд цаг хугацааг зарцуулж, бэлтгэдэг байлаа. Би тэр үед Мөрөн хотын нэгдүгээр найман жилийн сургуульд багшилж байсан. Монголын түүхийн арванхоёр цаг, биеийн тамирын долоон цагийн хичээлүүдийг хослон заадаг багш болсон.

-Яагаад биеийн тамирыг хослон заах болсон юм бол. Та Түүхийн багш шүү дээ?

-Тухайн үеийн захирал н.Жүгдэр багшийн дэмжлэгээр дээрх хоёр хичээлийг хослон заах болсон. Багшийн орон тоо ховор байсан л даа. Төгсөж ирсэн залуу боловсон хүчнийг дэмжих, бас спортын авьяас, сонирхолыг нь харгалзан үзэж биеийн тамирын цаг өгч байсан. Дараа жил нь түүхийн хичээлийн цаг нэмж жинхэнэ мэржгэлээрээ дагнан багшлах болсон. Би сагсан бөмбөгөөр 6-р ангиасаа хичээллэж эхэлсэн.  Энэ спортын  анхны багш минь Ж.Бямбажав гэж Монголын сагсан бөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга хүн байсан. Хөвсгөл аймагт томилолтоор  ирж 5 жил  ажилласан. Би Хөвсгөл аймгийн шигшээ багт гурван жил тоглосон. Одоо ч эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдал зэргээс сэргийлэх зорилгоор залуучуудтайгаа долоо хоног бүр нэг удаа тоглож байна. Энэ нь миний мэргэжлээсээ гадна эзэмшиж чадсан ур чадвар юм. Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийг эзэмшдэг.

– Таны туулж өнгөрүүлсэн амьдрал дунд ханиа алдах хамгийн хүнд үе байсан байх.  Анх амьдралаа эхлүүлж, дөрвөн хүүхдийн аав, ээж болсон түүхээсээ хуваалцаж болох болов уу?

-Хүний амьдрал дандаа аз жаргалтай явдаггүй. Зовлон бэрхшээл тулгарч, хагацал харуусал дунд өрнөдөг. Энэ чанга хувь тавиланг би эдэлсэн. Амьдрал жигдэрч, хорвоо ертөнцийг илүү ухаарч эхэлдэг насандаа ханиасаа хагацсан. Гэсэн ч ханийхаа хүсэл сонирхолыг гүйцээж, үр хүүхдүүдээ өсгөж, ажил мэргэжилтэй болгох зэрэг хамтдаа босгосон амьдралын  том зорилгоо биелүүлэхийн төлөө амьдарч, ажиллаж явна.

Заяаны хань зам дээр байдаг гэж үг бий. Би Хатгал тосгонд төрсөн хүн. Оюутан байхдаа өвлийнхөө амралтаар ирж, ах дүүдээ золгохоор тэр үеийн зараа автобусаар явах болсон. Автобусанд суух цагаасаа жаахан хоцорч ороход нэг эмэгтэйн хажууд   хоосон суудал үлдсэн, бусад нь бүгд хүн суусан байсан. Ингэж шороон замаар дөрвөн цаг явж Хатгалд очих  хугацаанд анх ханьтайгаа танилцаж байв. Одоо бодохдоо бурхан надад тэр суудлыг зориулан үлдээждээ гэж боддог. Тэр цаг үеэс хойш 20 гаруй жил амьдралын хатуу, зөөлөнд хамтдаа, дөрвөн хүүхдээ өлгийдөн авч жаргалтай өнгөрүүлсэн.

Миний том охин сэтгүүлч мэргэжилтэй, одоо МУИС-ийн хуулийн эчнээ ангид суралцаж байна. Удаах охин маань АШУИС-ийг 8 жил суралцаж төгсөөд,  дүрс оношилгоо, компьютер, томографикийн нарийн мэргэжил эзэмшиж дүрс оношилгооны эмчээр  ажиллаж байна. Гурав дахь хүү МУИС-д хоёр дахь жилдээ суралцаж байгаа. Бага хүү минь аавдаа хань болж, хамт амьдарч байна. Одоо 5-р ангид суралцдаг. Бас хөөрхөн зээ хүү, хүргэнтэй болсон.

-Таны төрсөн нутаг Хатгал тосгон  үйлдвэрлэлийн том хот байсан. Тэгэхээр таны аав ээж тэрхүү үйлдвэрүүдэд ажиллаж байсан байх. Хатгал тосгоны уугуул иргэд үү?

-1950-иад онд Хатгал тосгон үйлдвэрлэлийн том хот байсан. Миний аав Д.Алтангэрэл Алаг-Эрдэнэ сумын Алаг цар гэдэг газар төрсөн гэдэг.  Ээж Д.Лүмбэн Цагаан-Уул сумын Агарын голын хүн. Ээж минь  16 настайдаа  тэмээн жингийн цуваагаар Хатгалын Артельд оёдлын үйлдвэрт ажилд орж, аав  Артельд мужаанаар ажиллаж эхэлснээр танилцаж, гэр бүл болсон юм билээ.

 МОНГОЛЫН НЭН ШИНЭ ҮЕИЙН ТҮҮХЭН ДЭХ УЛС ТӨРИЙН АНХНЫ ЖАГСААЛЫГ УДИРДАЖ БАЙВ

-Улстөрч хүн сэтгэлдээ их “ачаатай” явдаг байх. Яагаад энэ замыг сонгох болов?

-Улстөрч болъё гэсэн бодол надад байгаагүй. Сайн багш л болно доо гэж боддог байсан. Сургуулиа төгсөж ирээд багшийн ажлаа хийсэн. 1992 онд МАХН-ын  хорооны дэд дарга байсан н.Цэрэндорж гуай надад санал тавьсан. Чи нийгмийн ухааны хүн байна. Залуу лектор клуб нээгээд Монголын түүхээ танилцуул. Түүх бичлэг өөр болж байна. Үүнийгээ сурталчилаад явахгүй юмуу гэж хэлсэн. Ингэж би МАХН-ын хорооны дэргэд Залуу лектор клуб байгуулж, ажилласан. Тухайн үед намд элсээгүй л дээ. Түүхийн шинэчлэлийн асуудлыг нийгэмд түгээж, мэдээлэл хүргэж ажилласан нь улс төрийн намд ойртсон. Үүнээс өмнө 1989 оны 12-р сарын 07-нд Ховдод өрнөсөн Монголын нэн шинэ үеийн түүхэн дэх улс төрийн анхны жагсаал гэж нэрлэгдэх болсон жагсаалыг удирдан зохион байгуулсан хүний  нэг. Энэ нь түүх бичлэгт нэр устайгаа үлдсэн байдаг. 1989 онд монголд нэг ч нам эвсэл үүсээгүй байсан үе. Энэ үед бид Ард Аюушийн талбайд өөрчлөн байгуулалт удаан байна. Монголын төр шинэчлэгдэх ёстой, Засгийн газар, улс төрийн товчоон бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэсэн шаардлагуудыг тавьж жагссан юм.  Улс төрд ороход түүхийн багш, нийгмийн ухааны мэргэжил минь чиглүүлж,  улс төрд идэвхтэй амьдархад минь  хөтөлж оруулсан юм болов уу гэж боддог.

Улс төрийн зам бол хатуу зам. Орсон бол гарч болдоггүй. Энэ бол үнэн. Улс төр, улс төрийн нам гэдэг нь засгийн эрхийн төлөө зорилго тавьдаг ийм л бүтэц. Ийм зорилгын төлөө явж байгаа бүтцэд орсон бол ухарч няцахгүйгээр явдаг. Буруу явбал улс төрийн хариу буулт хатуу байдаг. Зөв явбал улс төрийн нам, нийгэм, хүмүүсийн хайрыг хүртдэг. Би  төр, улс төрийн удирдах албан тушаалыг 26 жил хашсан.

-Яагаад Ховдод жагсаал удирдах болов оо?

-1986 онд  10-р ангиа төгсөж, Их сургуулийн хуулийн ангид конкурс өгч Ховдын багшийн дээдийн Монгол хэлний ангийг авсан. Сургуульдаа очиж хүсэлт тавьж ангиа солиулсан. Би Монголын түүх, биеийн тамир хоёрт л дуртай гэж З.Баасанжав багшдаа хандсан. З.Баасанжав багш намайг сонирхолтой анги руу минь  шилжүүлж өгснөөр тэр сургуулийг амжилттай төгсөх, мэргэжлээрээ сайн суралцах, ажиллах, цаашид улс төрийн орон зайд байх энэ бүх амьдралын замыг ганцхан шийдвэрээр  нээж өгсөн. Би дотроо энэ багшийгаа өөрийнхөө “эцэг” гэж бодож явдаг. Ингэж суралцаж байх хугацаандаа дээрх жагсаалыг удирдан зохион байгуулсан байдаг юм.

-Аймаг орон нутгаа удирдаж, сум байгууллагын  даргаар ч олон жил ажиллаа. Үүний үр дүн нь юу юм бол? Таны гаргасан ямар бодлого шийдвэр нийт олонд өгөөжөө өгсөн гэж боддог вэ?

-Удирдах хүний гол зүйл нь хаа байгаа газартаа зөв бодлого тодорхойлж байх хэрэгтэй. Цалин авч, хэдэн хүнийг удирдахыг дарга гэж хэлэхгүй. Хүмүүс сайн сайхан амьдаръя гэсэн зорилготой байдаг. Үүнийг нь дэмждэг ганц бүтэц нь төр байдаг.  Тиймээс нийтлэг эрх ашгийн төлөө зөв бодлоготой байж хүмүүсийн эрх ашиг, хүсэл сонирхолд дэмжлэг үзүүлж чаддаг байх явдал. Үеийн үед үргэлжлэх оновчтой бодлого энд үйлчилж байх ёстой. Тэгж байж үр дүн гарна гэж боддог .

Хорин таван настай залуу байхдаа 4-р арван жилийн сургуулийн захиралаар томилогдож байлаа. Тэр үед математикийн гүнзгий сургуулийн хүрэн байр оюуны хомсдолтой хүүхдүүд хичээллэдэг байсан цагаан байр, 2 давхар дотуур байр энэ гурван байрыг нийлүүлээд 4-р 10-н жилийн сургуулийг байгуулсан юм. 1200 хүүхэд 68 багш, ажилчинтай болсон. Түүний дараагаар Мөрөн сумын ИТХ-ын даргын ажлыг 2000-2004 онд хийж ИТХ-г бие даасан албатай, тусдаа байртай  болгож сумын жишиг ИТХурал гэж үнэлэгдэж байлаа.

Аймгийн ХХҮГ-ын даргаар 4  жил орчим ажилласан. Ажиллах хугацаандаа  халамжийн сангийн мөнгийг эзэнтэй,  тусгай программтай болгож төрийн мөнгийг үр дүнтэй хэрэгцээтэй зүйлд нь зарцуулах боломжтой болсон. Мөн ахмадын сувиллын газрыг Мөрөн суманд байгуулж чадсан.  Хувийн өмчийн байрыг худалдаж авч засаад ахмадын 4 улиралын  сувилал байгуулсан явдал нь энэ салбарт ажиллах үедээ хийсэн миний нэг томоохон ажил гэж бодож явдаг. Мөрөн сумын  Засаг даргаар 1 жилийн хугацаатай ажиллахдаа Мөрөн хотын хөгжлийн төлөвлөгөө тэр дундаа дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж суурийг нь тавьсан. Аймгийн Засаг даргаар 3 жил ажиллахдаа уг төлөвлөгөөг бодит үр дүн болгосон. ОНХС-ийн нийт хөрөнгийн 70 хувийг Мөрөн суманд зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн төв хотын тохижилттой байх хэрэгтэй гэж үзсэн. Мөрөн хот дотор бага тойрог, дунд тойрогийн 17 км авто зам,  явган хүний зам барьж,  гэрэлтүүлэгийн ажлыг хийсэн  нь бүтээн байгуулалтын томоохон ажил болсон. Төрийн байгууллага бол хүнд тодорхойгүй хариулт өгдөг газар биш юм. Ард иргэдэд үйлчилдэг тэдний хүсэл сонирхлыг дэмждэг газар байх ёстой.

-Нийгмийн массаас та бүхэнд ирдэг хайр, үзэн ядалтын талаар ярьвал?

Ер нь амьдрал хоёр талтай. Олон жил төрийн алба хашихад ирсэн дэмжлэг нь хүмүүсийн итгэл юм. Үүнийг  мартаж болохгүй. Ард иргэдийн болон улс төрийн хүрээний дэмжлэг байсан. Улс төр өчүүхэн жаахан алдаагаар маш том амжилтыг  нурааж болдог ийм орон зай. Жаахан ч гэсэн  алдаа нийгэмд шүүмжлэл, дургүйцэлд хүргэдэг. Бүр олигтой байж чадахгүй бол нийгмийн үзэн ядалт дээр очдог. Улс төрийн алба, төрийн алба нь ёс зүйн хэм хэмжээ,хариуцлагын хувьд ч хяналтан дунд өрнөж байдаг. Иргэд олон нийт өгсөн итгэлээ араас нь хариуцлагатай хянадаг болохоор бид хяналтан дунд, хязгаарлалтан дунд ажиллах болдог, үүнийг төрийн албан хаагч бүр хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.

-Залуус улс төрийн намыг арай өөрөөр хараад байна уу гэж боддог. Таны бодлоор?

-Улс төрийн амьдралд идэвхтэй орж байх үедээ нэг л зүйл дээр суурилж  нам сонгож байсан. Тэр нь нам итгэл үнэмшил, үзэл санааны нэгдэл байж чаддаг байсан. Одоо улс төрийн намуудын итгэл үнэмшлийн нэгдэл нь задарч, үзэл баримтлал нь тодорхойгүй болсон. Ардчилсан нам, МАНам хоёрын үзэл баримтлал өөр шүү дээ. Нэг нь либерал, нөгөө нь социал демократ үзэл санаатай. Гэтэл өнөөдөр энэ бүхэн нь холилдчихсон явж байна. Намд байхын утга учир нь итгэл үнэмшилийн нэгдэлд биш хэсэг бүлгийн нэгдэл болчихсон. Хэн нэг хүнийг дагаж, цүнх баригч хийж  байгаад, дэмжүүлж дарга болно гэсэн жам ёсны бус замыг  сонгосон энэ байдал нь намайг эмзэглүүлдэг. Намд-төрд ийм замаар орсон хүмүүс цаашид төрийн дархлааг сулруулна. Залуучууд би хэн бэ гэдгээ  илэрхийлж чаддаг, орон зайгаа бэхжүүлж, өөрийнхөө давуу талыг бий болгож байж улс төрд  өөрийнхөө хүч чадлаар ордог байх хэрэгтэй. Төрд нь ч улс төрд нь ч туулах ёстой замаар нь яваагүй ногоон гэрлээр орсон хүмүүс нийгмийг буруугаар ойлгож байна. Тэд төрийн эрх мэдлийг амьдрах арга, баяжих зам, амьдралын түвшинг ахиулах хэрэгсэл гэж боддог. Тэгэхээр нам үзэл санааны нэгдэл болох үндсэн чиглэл рүүгээ явах, намуудын хоорондын ялгаа тодорхой байх хэрэгтэй байна. “Нам гэдэг нь  цаасан дээр жагсаасан нэрс биш, оюун бодлын бат нэгдэл,эрдэнэт хүний эд эс, амьд бие байх ёстой” гэсэн том тодорхойлолтыг МАН-ын дарга асан Б.Даш-Ёндон гуай хэлсэн байдаг. Үүнийг л бид санаж явах учиртай юм.

-Нуур мандалдаа хомоол тогтоодоггүйн адил, хүн амьдралдаа толбо тогтоож болдоггүй юм шүү гэж залуучуудад хандаж хэлж байхыг тань сонссон?

-Тийм. Ховдын багшийн Их сургуулийг төгсөж дипломоо аваад явах гэж байхад миний багш  надад зориулж хэлж байсан юм.  Энэ үг миний насан туршид зүрх, тархинд минь хадгалагдан явж байна. Ер нь нэг буруу хүн байхад хамт олонд гай болдог. Бүх ажлыг нураадаг, харлуулдаг, үр дүнгүй болгодог. Ийм учраас тухайн үед төрийн албаны шинэчлэлийн хүрээнд энэ үгийг хэлж байсан. Төрд зааглах хэд хэдэн зүйл байна. Компани, бизнес, шашин гурав төрөөс хол байх зарчимтай. Харин тусдаа байж хэзээ ч чадахгүй зүйл бол нам. Жишээ нь: Намаас нэр дэвшүүлж, намаас сонгогдсон хүн төрийг, УИХ-ыг бүрдүүлээд явчихаж байгаа юм. Төрийн эрх мэдэлд улс төрийн зарчим давамгайлаад байх юм бол нам, төрийн ажлын нэр хүнд унадаг. Төрийн ажлыг төрийн шинжтэй сайн хийгээд байвал улс төрийн намын нэр хүнд өсдөг. Тэгэхээр  улс төрийн зарчмыг төрийн ажилтай битгий холь гэж би үздэг. Дээрх зарчмуудыг хэлэхээр хэн нэгэн хүнд хандаж хэллээ гэж ойлгодог. Үгүй юм. Энэ бол онол, бодит байдал.

-Саяхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Энэ талаар та өөрийнхөө санал, бодлыг хуваалцаач?

-Үндсэн хуулийн өөрчлөлт нийгмийн том асуудал болсон. Учир нь нийгмийн дэмжлэг, шүүмжлэл зэрэг нөхцөл байдал дунд батлагдлаа. Би Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг шүүмжилж байгаа. Улс төрийн хүрээнд бий болсон сөрөг нөхцөл байдлыг зохицуулахын тулд хийсэн засвар болчихлоо гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэхээр дараагийн нийгмийн бэлэн онол, практик алга. 1990 оноос хойш шинэ нийгэмд шилжээд явж байна. Энэ нийгмийн шилжилтийн үе дуусддаггүй юмуу. Миний хувьд хүмүүнлэг иргэний зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үе дууссан гэж боддог. Үүнийг монголын төр зарлаач ээ гэж хэлэх гээд байна. Яагаад гэвэл баян, хоосон, өмчтэй, өмчгүйн ялгаа илт мэдэгдэж байна. Ийм нийгэм байсан юм бол бид хүсэхгүй байх байсан байна ш дээ гэсэн гутранги үзэл рүү иргэдийг аваачиж байна. Тэгэхээр шилжилтийн үеийг дуусгаж, зах зээлийн эдийн засагтай хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмээ байгуулж эхлэх үе шат руугаа орох ёстой. Үүнийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулаад өгсөн бол жинхэнэ өөрчлөлт болох байлаа гэж би дүгнэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ирээдүй тод, тодорхой харагдахгүй байна.

ОЛОН ЗӨРЧЛИЙН ДУНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ХҮЧГҮЙДЭЖ БАЙНА

-Хөвсгөл аймагт Мэргэжлийн хяналтын байгууллагын  анхааралд ямар объектууд өртөж байна вэ?

МХГ-ын 30 гаруй байцаагч жилийн дотор 640 гаруй объектод хяналт, шалгалт, 8000 орчим объектод эрсдлийн үнэлгээ хийлээ. Олон зөрчил дунд манай салбар  хүчгүйдэх тал шинэ удирдлагын хувьд ажиглагдлаа. Нийгмийн дэмжлэгтэй хувийн хэвшил, аж ахуй нэгж байгууллага, бусад төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг зохион байгуулж байж зөрчлүүдийг багасгаж, буруулна уу гэхээс биш ганцхан бүтэц үүний төлөө тэмцээд үр дүн гарахгүй юм байна гэж ойлгож байгаа. Энэ ажлыг авахад нүүрс тээвэрлэлтийн зөрчил байсан. Могойн голын уурхай экспортод нүүрс гаргаснаар түүхэндээ анх удаа  нэг тэрбум гурван зуун сая төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ бага ашгаар том хохирол амсаж болохгүй. Зуун арван таван тэрбум төгрөгний өртөгөөр боссон Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдрэх эрсдэл бий болгосон. Тиймээс арван хоёр компаний гэрээ цуцалж, аймгийн ИТХ-ын тогтоол гарч экспортын нүүрс тээвэрлэлт зогссон. Мэдээж экспорт зогссоноор сөрөг байдал үүснэ. Могойн голын уурхай цаашид яаж ашигтай байх вэ зэрэг үүссэн нөхцөл байдал дээр бодлого тодорхойлогдох ёстой. МХГ-ын зүгээс хэд хэдэн шаардлага тавьсан. Байгаль орчинд сөрөг нөлөө үүсгэхгүй байх үнэлгээ хийлгэх, авто тээврийн замын маршрутаа батлах, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл байдал хангах, уулын ажлын төлөвлөгөөгөө мэргэжлийн байлгах гэсэн шаардлагуудыг тавьсан. Мэргэжлийн түвшинд зөв зохистой ашиглахын тулд Могойн голын удирдлага, ТУЗөвлөл бүгд мэргэжлийнх  байх ёстой гэж үзэж байгаа.

Мөрөн суманд долоон махны үйлдвэр  үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч махны үнэ арван гурван мянгад хүрч байна. Махны үйлдвэртээ байхын ач тус байна уу гэж иргэд асууж байна. Үнэндээ Улсын хэмжээнд хамгийн олон малтай аймгийн тоонд явдаг. Махны үйлдвэрүүдийн бодлого экспортод мах гаргахаар ажиллаж байгаа. Дотоодын зах зээлийг хангах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, махны үйлдвэрээ дэмжсэн нийгмийн дэмжлэгийг авах бодлого байхгүй болчихож байгаа юм. Манай зүгээс махны үйлдвэрүүдэд байгаль орчин, орчны эрүүл ахуйд ээлтэй байх зэрэг шаардлагыг нэн тэргүүнд тавьж байгаа. Зах дээр махны хомсдол үүсч байна. Махны үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангадаг бодлого тодорхойлж, суурин хүн амын хэрэгцээг хангах үүрэг давхар  гүйцэтгээч. Аймаг, махны үйлдвэр хоорондоо энэ асуудлыг авч үзэн гэрээ байгуулаач гэдэг шаардлагыг тавьсан. 2020 оноос энэ асуудал шийдэгдэн хэрэгжиж дээрх шаардлага, хүсэлтийг хангаж ажиллах нөхцөл үүсэх байх.

Махны үйлдвэрүүд ХААЯамтай, аймагтаа хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй байна. Энэ үйлдвэрийн төслийг дэмжиж байна гэсэн МХЕГ-ын Улсын ахлах байцаагчийн ганц дүгнэлтэн дээр суурилаад махны үйлдвэр байгуулагдчихаж байна. Орон нутагт ирээд хувийн хэвшил, иргэдээс газар худалдаж аваад үйлдвэр байгуулчихдаг. Аймаг, орон нутагтаа хамтын ажиллагааны гэрээтэй байх хэрэгтэй. Тэр гэрээ нь нийтийн эрх ашгийг хангасан байх ёстой.

-Газрын зөрчилд ямар хяналт, шалгалт тавьсан бол?

-МХГазар тухайн онд аймаг, сумын ИТХ-аар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу  газрыг олгож байна уу үгүй гэдгийг төлөвлөгөөнийх нь дагуу хянах үүрэгтэй. Нөгөө талаар иргэд, аж ахуй нэгнээс гомдол ирсэн бол тэрхүү гомдлыг хууль журманд нийцэж байсан байна уу, төлөвлөлтийн дагуу байна уу гэдгийг хянаж үзэх ёстой. Хууль бусаар газар олголоо, худалдлаа гэсэн энэ талын гомдол нэг ч ирээгүй байна. Харин төлөвлөлт зөрчигдөж байгаа асуудлууд байна. Тухайлбал махны үйлдвэр гэр хороолол, Дэлгэрмөрөн голын салаан дунд байгуулагдаж байна. Үүнийг зогсоох эсвэл стандарт шаардлагыг биелүүлэх шаардлага тавина.

-Тэгэхээр таны ярианаас үзэхэд төрийн байгууллагуудын ажил, үүргийн хоорондын  уялдаа холбоо сул байгаад байна уу даа.?

-Мөрөн сумын хувьд төлөвлөлт хийх газаргүй болчихсон. Зүүн тийшээ Түнэл сум газар өгч байна. Тэгтэл аймгийн төв зүүн тийшээ хэрхэн тэлж хөгжих вэ гэсэн хөгжлийн төлөвлөгөө Мөрөн суманд байж байгаа. Тэрийг Түнэл сумын захиргаа маш сайн ойлгочихсон байх ёстой байхгүй юу. Аймгийн төв Мөрөн хотыг тэлж хөгжүүлэх төлөвлөлтийг Түнэл сум, Мөрөн сум хоорондоо хамтын ажиллагааны хувьд зөв хийх хэрэгтэй. Гэтэл Түнэл нь мэддэггүй. Мөрөн сум зүүн тийшээ газар олгох эрх байхгүй. Мөрөн хотыг тэлж хөгжих бодлогыг хатуу баримтал гэдэг чиглэлийг аймгийн зүгээс  Түнэл суманд өгөх цаг нь болчихсон.

ГХБХБГазар, Мөрөн сум, МХГазар бид уялдаатай хамтын ажиллагаа зохион байгуулсан бол гэр хороолол, үйлдвэрлэл, төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн бүсийг эмх замбараатай зохион байгуулж болохоор байв. Тухайлбал махны үйлдвэрүүдийг гэр хороолол дунд байгуулахгүй байх байсан.

-МХГ-ын албыг удирдах хугацаандаа  заавал хийнэ гэж төлөвлөсөн ажил гэвэл юуг онцлох вэ?

– Одоогоор МУ-ын Шадар сайд, Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дэмжлэгтэйгээр 112 сая төгрөгний тохижилт хийж  МХГ-ын лабораторийг Нэгдсэн эмнэлгийн түрээсийн байрнаас  нүүлгэн шилжүүлж, МХГ-ын байрны дөрвөн давхарт төвхнүүллээ. МХГ-ын лабораторид нэн шаардлагатай жижиг тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх ёстой. Хорин гурван сая төгрөгийн өртөгтэй. Энэ асуудлыг аймгийн удирдлагад танилцуулахаар бэлтгэж байна. Аймгийн Засаг даргын зүгээс Бүсийн жишиг лаборатори байх ёстой гэсэн чиглэл өгсөн байгаа. Лабораторид ажиллах хүчнийг сургах, чадавхжуулах дэмжлэгийг аймгийн ИТХурал үзүүлнэ гэж байгаа.

Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй, мэргэжилдээ эзэн байх ур  чадварт илүү анхаарна. МХГазар бусдыг айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг ийм систем байх ёсгүй юм. Тийм хардлага үнэлэмжийн дунд бид ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар бурууд хатуу, зөвд зөөлөн хандах болно.

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

Б.Гэрэлням

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...