– Өнгөрсөн сард зэсийн үнэ ямар түвшинд байсан бэ?
– 2019 оны 10-р сард Лондоны Металлын Биржийн цэвэр зэсийн үнэ дунджаар 5742,89 ам.доллар тонн байсан нь өнгөрсөн есдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны эхний арван сард зэсийн үнэ дунджаар 6014 ам.доллар тонн байгаа нь 2018 оны дундаж үнэтэй харьцуулахад 513 ам.доллараар, 2019 оны төлөвлөгөөт үнээс 258 ам.доллараар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
– 2019 оны үлдсэн хугацаанд буюу дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ ямар түвшинд байх төлөвтэй байна?
– 2019 оны аравдугаар сард судалгааны байгууллагуудын шинэчлэн гаргасан 2019 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн төсөөлөл харилцан адилгүй байна.
Ихэнх томоохон судалгааны байгууллагууд 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 5700-5800 ам.доллар тонн, 2019 онд 5950-6000 ам.доллар тонн байх магадлалтай гэж үзэж байна. Tухайлбал Wood Mackenzie судалгааны байгууллага 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 5760 ам.доллар, 2019 онд дунджаар 5972 ам.доллар тонн байх төлөвтэй гэж судалгаандаа дурдсан бол CRU судалгааны байгууллага 2019 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ дунджаар 5770 ам.доллар, 2019 онд дунджаар 5980 ам.доллар тонн байна гэж судалгаандаа дурджээ.
– Сүүлийн үеийн мэдээллээс харахад 2019 оны дөрөвдүгээр улирал болон 2020 онд зэсийн үнэ өсөх магадлал бага байна. 2019 онд дэлхийн зэсийн уул уурхайн үйлдвэрлэл 0,3 орчим хувиар буурч цэвэр зэсийн зах зээл 99 мянга орчим тонны хомсдолтой байсан. 2020 онд зэсийн уул уурхайн үйлдвэрлэл өсөх боловч зэсийн зах зээл мөн 86 мянган тонны хомсдолтой байна гэж Олон улсын зэс судлалын Групп болон бусад судалгааны байгууллагууд мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим судлаачид зэсийн үнэ өснө гэсэн байр суурьтай байгаа. Гэвч өнгөрсөн оны нөхцөл байдлаас харахад зэсийн үнийн түвшинд зэсийн эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн тэнцэл гэх мэт суурь хүчин зүйлсээс илүү макро эдийн засгийн байдал голлон нөлөөлж байна.
Иймээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшин сул, АНУ, Хятадын худалдааны дайны асуудал эрсдэл дагуулсан хэвээр байгаа зэргээс шалтгаалан 2020 онд зэсийн үнэ 2019 оны түвшнээс өсөх магадлал бага гэж судлаачид үзэж байна.
Томоохон судалгааны байгууллагуудын 2020 оны зэсийн үнийн төсөөлөл дунджаар 5895 ам.доллар тонн байгаа.