Мянганы сорилтын сангийн 350 сая долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг та дуулсан байх. Тэгвэл дээрх мөнгөөр ус хангамжийн чиглэлээр яг ямар ажлууд хийх вэ? Төслийн хүрээнд нийслэлд хоёр үйлдвэр барихаар төлөвлөжээ. Тодруулбал, ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг ахин боловсруулах үйлдвэр барина.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь олборлосон усаа гүн цэвэршүүлээд нийтийн унд ахуйн зориулалтаар ус сувгийн шугам сүлжээнд нийлүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл Биокомбинат, Шувуун фабрик орчимд 50-52 гүний усны худгуудыг гаргаж шинэ гүний усны эх үүсвэр байгуулна. Ингэж газрын гүний усыг аваад цэвэршүүлээд нийслэлийн усны өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах аж. Жилдээ 50 сая метр куб ус олборлож, түүнийгээ гүн цэвэршүүлэх бөгөөд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг хадгалах байгууламжтай нь мөн төвлөрсөн системд дамжуулах шугам сүлжээтэй нь цогцоор нь байгуулах ажээ.
Хоёр дахь үйлдвэрийн тухайд Улаанбаатарт баригдах гэж буй шинэ Төв Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа уснаас өдөртөө 50 мянган метр куб ус авч дахин боловсруулах юм байна. Аж үйлдвэрийн болон ахуйн хаягдал ус нийлээд төв цэвэрлэх байгууламж руу ордог. Энэ усыг дахин боловсруулаад, үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ усаа III, IV цахилгаан станцад өгөх бөгөөд жилд 15 сая метр куб ус цахилгаан станцуудад өгнө гэсэн тооцоо гаргажээ. Цахилгаан станцуудад үнс зайлуулах, цамхаг хөргөх гэх мэтэд дахин боловсруулсан усыг ашиглах юм байна. Уг үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна төслийн хүрээнд усны салбарын зөөлөн дэд бүтэц буюу бодлого, эрх зүйн орчин, усны эдийн засгийн үнэ цэнэ, усыг яаж үнэлэх талаарх тулгамдсан асуудлаа шийднэ. Усны эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг тодорхойлж, усны үнийн тарифыг шинээр тогтоох юм байна. Одоо гэр хорооллын айлуудад ус хүргэхэд литр тутамд долоон төгрөгийн зардал гаргаж байгаа ч нэг төгрөгийн орлого олдог ажээ.