Ээлжит бус сонгууль зарлавал С.Эрдэнэ, У.Хүрэлсүх нар рейтингээ бариад гардан тулаанд орно

Хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилсан намрын энэ өдрүүдэд Монголын улс төрд халуу шатаж байна. Яг л хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн дарьтай торх шиг. Одоогийн УИХ-ыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулах төлөвлөгөө наадмын сүүдэртэй асарт яригдаж намрын сэрүүнд хэрэгжих учиртай байж. Ерөнхийлөгч Х.Баттулга гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн одоогийн УИХ-ыг тарцгаа хэмээн хоёр ч удаа чуулганы индрээс мэдэгдсэн. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн учраас анхаарал өөр тийш сарниад, сарниулаад явчихсан.

Төрийн тэргүүний хэлсэнчлэн одоогийн УИХ гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн гэдэг оргүй ч тодорхойлолт биш. Хүчин, хүн амь, ЖДҮ-ийн зээлийн хулгай гээд 30 гаруй гишүүн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нь бодитой баримт. Эхнээс нь УИХ-ын гишүүдийн холбогдсон гэмт хэргийг бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгая гэхэд МАН-ын бүлэг хамгаалаад үлдсэн. Дараа нь дахиад 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулахаар бэлдэж байтал Улсын ерөнхий прокурорыг ажлаас нь халчихсан. Хулгайч гишүүддээ хариуцлага тооцох уу, парламентаа хугацаанаас нь өмнө тараасан гэдгээр гул барьж хэргээс мултлах уу гэдэг бас л асуулт.

Эрх баригчдын тооцоолсноор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахдаа УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараахыг давхар асууж, давхар цохилт хийхээр тооцсон бололтой юм. Олон нийт Үндсэн хуулийн өөрчлөлтөд ТИЙМ, УИХ-д ҮГҮЙ гэж хэлэх магадлал угаасаа өндөр. Судалгаануудын дүнгээс харахад улс төрийн намуудын рейтинг шалаар нэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод улс төрийн тоглолтод голлох оролцоотой байгаа хувь улстөрчдийнх тэнгэрээр дүүлж яваа тул ээлжит бус сонгууль явуулах эр зориг ундраад байж мэдэх юм.

Арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явуулах гэж зүтгэж буйн цаад ил болон далд хэд хэдэн зорилго нуугдаж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Юуны түрүүнд эрх баригч МАН дотооддоо их цэвэрлэгээ хийх бололтой байна. МАНАН гэж нэрлэгдээд, улс төр, бизнесийн олигарх гэгддэг М.Энхболд, Н.Номтойбаяр зэрэг “эсэргүү” хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэлгүй тойргийн гадна үлдээх бодлого хэрэгжих магадлалтай. У.Хүрэлсүхийн танхим нам дотроо “хамтарсан Засгийн газар”-ын хэлбэрээр байгуулагдсан. Үүнийг засах хүсэл байдаг нь нууц биш. МАН-ын дотоод цэвэрлэгээнд улсаараа татагдан орж, хөлд нь чирэгдэх ёсгүй гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй гарна.

Хүмүүсийн хамгийн их хямрааж байгаа зүйл бол парламентын засаглал хямралд орсон мэтээр сурталдаж байгаад Ерөнхийлөгчийн засаглалыг тулгах вий гэсэн айдас. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эсэх асуудлаар ард нийтийн санал асууя гэдэг саналаа УИХ-д тавьсан. Энэ бол засаглалын хэлбэрийг сольж, Ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрүүлье гэдэг хүсэл сонирхол бодитойгоор оршин байгаагийн нотолгоо юм. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах улс төрийн цаана Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдөгчид гэтэж байх вий гэсэн болгоомжлол үүнээс урган гарч байна.

Өчнөөн зардал чирэгдэл болж сонгууль хийдгийн гол утга учир намуудын мөрийн хөтөлбөр. Сонгуульд ороход хөтөлбөр боловсруулж, дараагийн сонгуулийн өмнө эрх барьсан нам нь олон нийтэд тайлагнадаг. 11-р сард улс төр халж, УИХ тарж, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахаар зарлавал намууд мөрийн хөтөлбөр боловсруулж бараг л амжихгүй. Намуудын рейтинг шалаар нэг байгаа. Ийм тохиолдолд АН, МАН болоод бусад намын дарга нар хувь рейтингдээ түшиглэн сонгуульд оролцох сонголттой нүүр тулна. Товчхондоо бол ээлжит бус сонгууль явуулбал намууд хөтөлбөрөөр биш даргынхаа рейтингэд дулдуйдаж гардан тулаанд орно гэсэн үг.

Ээлжит бус сонгууль зарлавал төсөв хэрэгтэй. 2019 оны төсөвт сонгуулийн зардал суугаагүй. Тийм учраас төсөвт тодотгол хийх шаардлага гарах болов уу. Гэтэл ОУВС-гаас төсөвт тодотгол хийхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт байнга өгч буй. Үүн дээр бага зэрэг хүндрэл гарч мэдэх эрсдэл бий. Юутай ч улс төр огцом хөдөлгөөнд орчихлоо. УИХ-д суудалтай намууд УИХ-ыг тарахыг дэмжих асуудлаар намынхаа бүтцээр ойрын хугацаанд хэлэлцэж улс төрийн шийдвэр гаргах байх. Хугацаанаасаа өмнө тарах бичигт УИХ-ын 47 гишүүн гарын үсгээ зурсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...