-Өнгөрсөн өдрүүдэд таны нэр болон танд хаяглагдах таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ гарсан харагдсан. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн цэргийн эмнэлэг нэрээр шорон болгохыг завдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг таныг нэгэн цагт хувьдаа авахыг завдсан тухай тэр мэдээлэл үнэн бол яана даа гэмээр сэтгэгдэл төрснөө нуух юун. Гэхдээ аливаа хүнд тайлбар хийх эрх нь хадгалагдах ёстой гэдэг зарчмаар ярилцлагад урьсан хэрэг. Иймд та тухайн цаг үед юу болоод өнгөрсөн тухай тодорхой мэдээллүүдийг өгөхгүй юу?
-Юун түрүүнд сонин хэвлэлээр гарсан тэр бүх мэдээлэл өнөөдрийн миний хашиж буй албан тушаал буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн ажил албатай ямар ч холбогдолгүй гэдгийг зориуд тодотгож хэлмээр байна.
Учир нь, намайг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж байхад буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед, тодруулбал 2015 онд “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” гэдэг төсөл бичигдсэн байдаг.
Энэ төслийг бичихэд мэдээж миний зүгээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын хувиар санал бодлоо хуваалцаж, менежментийн шинэчлэл талаасаа хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдэгт өөрийн бодлыг нэмэрлэсэн зүйл бий. Гэхдээ энэ нь, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийгдсэн ажил.
Гэтэл өнөөдөр шууд гэнэт миний нэрийг ор үндэсгүй холбогдуулж, би хувьдаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг авах гэж улайраад, тэр даруйд нь миний хууль бус санаархлыг нээн илрүүлсний үндсэн дээр засаг төрөөс асуудлыг таслан зогсоосон мэтээр бичиж эхэлсэн нь харамсалтай хэрэг.
Иймд үнэн бодит мэдээллийг энэ ярилцлагаар дамжуулан өгөхийн зэрэгцээ хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж буйгаа бас хэлмээр байна.
Нэр хугарахаар яс хугарсан нь дээр гэдэгчлэн Халдварт өвчин судлалын төв эмнэлэгт асрагчаас эхлүүлсэн эмчийн мэргэжлийнхээ нэр хүнд, салбарын шинэчлэлд зориулсан цаг хугацаа, хүч хөдөлмөрөө ор мөргүй худал мэдээллээр үгүйсгүүлж, харлуулмааргүй байна.
Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэдэгчлэн хоёр, гурван удаагийн давтамжтай гарсан тэр мэдээллүүдийн араас ер нь нэг ярих цаг болсон юм байна гэж бодогдсон. Яагаад гэхээр эмчийнхээ хувиар ч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын хувиар ч би хэвлэл мэдээлэлд их ховорхон ярилцлага өгдөг байсан.
-Магадгүй тэр бүх мэдээлэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсонтой тань холбоотой байж болох юм. Яагаад бичих болов гэдэг гаргалгаа талаас нь харвал?
-Магадгүй. Яалт ч үгүй салбарын гүйцэтгэх удирдлага гэдэг талаасаа олон хүний нүдэнд сондгой харагдсан байж болох л юм.
-Энэ нь өнгөрсөн цаг хугацааны танд хамааралгүй мэдээллийг хамаатуулж бичихэд хүргэсэн байж болох юм гэж үү?
-Үгүйсгэхгүй байна. Яагаад гэхээр тухайн үеийн Засгийн газрын тогтоол шийдвэрийг хувь хүнд маань наалдуулж бичээд байгаа нь яаж ч бодсон санамсаргүй үйлдэл биш гэж бодоход хүргэсэн.
-Тэгвэл яг болж өнгөрсөн үйл явдлыг та нэгд нэгэнгүй, он cap өдөр судар, цаг хугацаатай нь ч хамаагүй ярихгүй юу?
-Н.Удвал сайд Эрүүл мэндийн сайд болсон даруйдаа “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт” гэдэг форумыг анх удаа Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан.
Энэ форумын үеэр манай Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүгээс “Эмнэлгийн барилга болон үйл ажиллагааны шинэчлэлд хөрөнгө оруулалт, санхүүжилт зайлшгүй чухал байгаа, эн тэргүүнд шаардлагатай” тухай илтгэл тавьсан.
Анх 1970 онд Чех улсын буцалтгүй тусламжаар түлхүүр гардуулах журмаар баригдсан энэ эмнэлгийн барилга өнөөдрийн буюу орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэр дундаа өвчтөн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд бэрхшээл учирч мэдэхээр тийм нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Хэрэв одоо л энэ эмнэлгийн барилгыг засварлаж, шинэчлэхгүй бол дараагийн удаад бүрэн буулгаж, шинэ эмнэлэг барихаас өөр аргагүй болно.
Яагаад гэхээр орчин цагт өвчтөнийг эмнэлэг зөвхөн эмчлэх бус үйлчилгээний соёл, шинэчлэл, аюулгүй байдал, өвчтөний эмчилгээ үйлчилгээ авах орчин нөхцөл гэдгийг эмчилгээний үр дүн, арга барилтай холбож авч үздэг болчихсон.
Тэгэхээр зөвхөн эмчлэх, мэс засал хийх, тариа тарих чинь эмчилгээ биш болж байгаа биз. Эмнэлэг хүн эмчлээд гаргадаг ч гэсэн эргээд халдвар тараах, бохирдол үүсэх орчин нөхцөл болох талтай.
Яагаад гэхээр орчин нөхцөл үүнд хамгийн чухал байхгүй юу. Нэг ёсны эрсдлийг бууруулах шаардлагатай гэсэн үг. Хана, таазнаас эхлээд шал нь хүртэл бактерийн эсрэг үйлчилгээтэй болж шинэчлэгдэж байна. Будаг нь хүртэл адилхан.
Энэ дагуу өөрчлөлт, шинэчлэл хийх зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвалын зохион байгуулсан тэр форумын үеэр “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” гэдэг санаачилга гарсан. Тэр дагуу манай эмнэлгийн удирдлагын баг төсөл боловсруулсан.
-Тэгэхээр яах аргагүй та нэр холбогдох нь зөв юм биш үү?
-Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийгдсэн ажил гэдгийг би сая хэлсэн дээ. Тэр хүрээнд л хийгдсэн ажил гэдгийг дахин давтаж хэлье. Яах вэ Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлсэн гэдгээр буруудах ёстой бол буруутгаж болох байх.
Гэхдээ Б.Бямбадорж гэж хүн хувьдаа авахын тулд Засгийн газрыг ухуулан сэнхрүүлж, ятган тулгасан юм шиг бичиж болохгүй л дээ. Цуврал нийтлэлийн утга нь ерөөсөө тийм байсан.
-Та гэхдээ “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийг боловсруулахад бол оролцсон юм байна. Тийм үү?
-Төрийн даалгаврыг биелүүл-сэн үү гэвэл биелүүлсэн. Гол нь буруу зорилт бол байгаагүй юм. Яагаад гэхээр манайх шиг өндөр ур чадвар бүхий 160 гаруй эмчтэй Чех, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс орны эмнэлэг жилдээ сая орчим хүнд үйлчилдэг.
Тэгэхэд манайх үсрээд, үсрээд 320 мянгаас хэтэрч чаддаггүй. Энэ нь байр савны хүрэлцээтэй холбоотой. Дээр нь, сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмж 24 цаг тасралтгүй ажиллах боломжтой болчихсон.
Гэтэл манайх үсрээд 20 цаг хүртэл ажиллуулж үзсэн байх жишээний. Хэрэв үйлчилгээний 24 цагийн стандартыг нэвтрүүлье гэж зорих юм бол зайлшгүй нэмэлт өргөтгөл, шинэ байр хэрэгтэй. Эмчлүүлж байгаа өвчтөнийхөө хажууд 24 цаг аппарат ажиллуулж, оношилгоо хийгээд байж болохгүй байхгүй юу. Тэгэхээр зайлшгүй хүчин зүйл байгаа гэсэн үг биз.
Үүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар форумын үеэр сонсож байсан юм билээ. Тэгээд Ерөнхий сайд болсныхоо дараа буюу 2015 онд “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” гэдэг төслийг албажуулах үүрэг өгсөн.
Тухайн үед Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг шорон болгочихсон байсан. Дараа нь, Засгийн газар дахин эмнэлэг болгох тогтоол гаргасан. Яг үнэндээ тухайн үед дотор нь ороод үзэхэд нүд халтирмаар дүр зурагтай байсан.
Наанаасаа нэвт гэрэлтдэг шилэн цонх хаалга, шоронгийн сараалжин торон цонх гээд эмнэлгийн зориулалттай барилгыг тэгж эвдэж, бусниулсан гэхээр үнэнийг хэлэхэд нүдэндээ итгэмээргүй санагдсан.
Харамсалтай нь, дараа нь Засгийн газар эргүүлэн эмнэлэг болгох шийдвэр гаргасан ч тухайн үед Монгол Улсын эдийн засаг хасах бланстай байгаа. Юун эмнэлгийн барилга болгож шинэчлэх.
Үүний дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг манай эмнэлгийн удирдлагын багийг дуудаж уулзаад “Та нар “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслөө энэ эмнэлэг дээр хэрэгжүүл. Мөнгө ол. Танайх гадаад харилцаа сайтай юм чинь хөрөнгө оруулагч ол” гэдэг үүрэг өгсөн. Тэр дагуу нь бид нар судалгаа хийж, хөрөнгө оруулалт хийх уулзалт хийж эхэлсэн.
-Хөрөнгө оруулагч олсон уу?
-Олоогүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг улсын эмнэлгийн дагавар эмнэлэгт татна гэдэг хэцүү ажил байсан. Яг үнэндээ хөрөнгө оруулагчид тухайн үед Улсын нэгдүгээр төв эмнэлэгт итгэх нь битгий хэл Монгол Улсад ч итгэхээ байчихсан цаг үе.
Манайхан гадаадад ч, дотоодод ч олон уулзалт хийсэн. Олдоогүй. Эцэст нь харин “Хишиг-Арвин” гэж ганцхан компани хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлж, тэр дагуу шилжүүлсэн байдаг юм.
-Гэхдээ энэ шилжүүлэлтийг хийхээсээ өмнө та “Юниверсити хоспиталь” гэдэг ХХК байгуулж, тэр компаниа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр бүртгүүлэх замаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг шилжүүлчихсэн юм биш үү. Тэр цуврал нийтлэлд энэ тухай нэлээн тодорхой бичсэн байсан даа?
-Тэр чинь Засгийн газрын тогтоолын хүрээнд байгуулагдсан компани. Тухайн үеийн Улсын төв эмнэлгийн удирдлага дур мэдэж нэг ч шийдвэр гаргаагүй. Яагаад энэ компанийг байгуулах болсон гэхээр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлгүйгээр ямар ч хөрөнгө оруулагч яриа хэлэлцээнд орохгүй нь тодорхой.
Нэг ёсны бидэнд итгэхгүй байхгүй юу. Иймд эхний ээлжид Засгийн газрын үүрэг даалгаврын хүрээнд тухайн үед С.Жавхланбаатар даргын удирдаж байсан Хөрөнгө оруулалтын газраас долоодугаар сарын 9-ний өдрийг хүртэл хөрөнгө оруулагч олдохгүй бол татан буулгах үүрэг бүхий компани байгуулах чиглэл өгсөн.
Хөрөнгө оруулагч олох юм бол гурван сарын дотор үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулах, үйл ажиллагааныхаа төсөл хөтөлбөрийг боловсруулж дуусгаад компани мөн л татан буулгах үүргийг манай эмнэлэгт авсан.
Ерөөсөө бүх процесс ном журмын дагуу явагдаж байсан. Энэ компаниа “Эмнэлгийн удирдлагын багийн хүрээнд шийдвэрлэ” гэсний дагуу үл ойлголцол үүсэх, зөрчил гарах, бичиг баримтын найдвартай байдлаа хангах үүднээс Д.Баярсайханы нэр дээр байгуулсан.
Хэрэв ор тас мэдэхгүй, буруу хүний нэр дээр байгуулчихвал эргээд бичиг баримтаа олж авах, компаниа татан буулгах, эмнэлгийнхээ барилгыг эргүүлж олж авах гээд бөөн асуудал үүсэж мэднэ ээ дээ. Хөрөнгө оруулалтын газраас ч бидэнд ийм анхааруулгыг өгч байсан.
Хэрэв хүсвэл тэр үеийн бүх хурлын протокол, Засгийн газрын тогтоол, Хөрөнгө оруулалтын газраас өгсөн үүрэг даалгаврыг үзэж болно. Бүгд бэлэн байгаа.
-Гэхдээ та энэ асуудлаас болж Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан юм билээ. Тийм үү?
-Дуудаж асуусан тохиолдол бол байгаа. Гэхдээ сүүлд “Хишиг Арвин”-д шилжүүлсний дараа тодорхой хэл ам, хардлага гарсан шиг байгаа юм. Тэр дагуу Авлигатай тэмцэх газраас дуудаж асууж байсан. Нэг ёсны биднийг хариуцаж байх үетэй бол хамаагүй л дээ. Эргээд “Хишиг Арвин” компани хөрөнгө оруулалт хийх боломжгүйгээ илэрхийлээд гарсны дараа гэсэн үг шүү.
Манай эмнэлгийн хувьд “Хишиг Арвин” компанийн өмнө хүлээсэн гэрээнийхээ үүргийн хүрээнд эмнэлэг арга зүйн зөвлөгөөг өгч, эмч эмнэлгийн ажилтныг сургахад мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн үү гэвэл үзүүлсэн.
-Улсын нэгдүгээр төв эмнэлгээс удирдаж байгуулсан “Юниверсити хоспиталь” ХХК их бага гэлтгүй санхүүгийн гүйлгээ хийх тохиолдол байсан уу. Тэр дундаа, зарлагын?
-Ямар ч гүйлгээ хийгээгүй. Зөвхөн аж ахуйн гэрчилгээ авч, түүндээ тулгуурлан хөрөнгө оруулагч олох үүргийг л “Юниверсити хоспиталь” ХХК хүлээж байсан. Бүр данс ч нээгээгүй л компани байхгүй юу.
Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг болохоор менежментийг нь авч явах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй оролцсон. Засгийн газрын тогтоолын агуулга нь ерөөсөө л тэр.
-Та тэр компанийн Удирдах зөвлөлд багтсан байсан уу?
-Үгүй. Компани гэж зөвхөн гэрчилгээ л байсан. Юун Удирдах зөвлөл, юун хувьдаа авах.
-Таныг хувьцаа эзэмшигч нь байсан гэж бичсэн байсан?
-Харин тэр тухай уншаад хүнийг гүтгэе гэвэл яаж ч өөрсдийнхөө дураар гүтгэж болдог юм байна даа гэж бодоод сууж байна. Хөрөнгө оруулалтын газраас гурван сарын дотор хөрөнгө оруулагчаа олоод, уг компанийг татан буулгана гэсэн үүрэг даалгавар өгч, тэр нь Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж байхад би яаж тэр компаниас хувьцаа эзэмших болж байна аа.
Гүтгэнэ гүтгэнэ гэхэд хүнийг бас ингэж гүтгэж болохгүй л дээ. Ер нь яаж ч бодсон улсын эмнэлгийг хувьдаа авах гээд явах хэмжээний ёс суртахууны доройтол, хэтэрсэн шунал надад байхгүй ээ.
-“Юниверсити хоспиталь” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрөл өгсөнгүй гээд таныг Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгч, шүүх хуралд өөрийн биеэр өмгөөлөгчийн хамт оролцож, эрх ашгаа маш тууштай хамгаалж байсан гэж байсан даа. Тийм үйл явдал үнэхээр болсон юм уу. Тэр шүүх хурал ямар учиртай шүүх хурал байсан юм бэ?
-Тийм зүйл байхгүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зөвшөөрөл манай Улсын нэгдсэн төв эмнэлгийн нэр дээр гарсан байсан. Үүнийг “Хишиг арвин” компани өөрийнхөө нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан. Харин яамнаас тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй. Иймд тэдний компани Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгсөн байдаг юм.
Тэр шүүх хуралд нь Улсын нэгдсэн төв эмнэлгийн даргын хувиар очиж мэдүүлэг өгсөн. Ердөө л тэр. Ер нь бол энэ асуудлаас болж “Хишиг арвин” компани үргэлжлүүлэн ажиллахаас татгалзсан болов уу гэж би ойлгодог төдий. Тэрийг л надтай ор үндэсгүй холбоод гүтгэлэг зохиочихож байгаа хэрэг шүү дээ.
-Магадгүй энэ мэдээллүүд таныг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал, орлогч захирлаар тасралтгүй олон жил ажилласантай холбоотой байж мэдэх юм. Та АН-ын ч үед, МАН-ын ч үед удирдлагад нь байсан юм билээ?
-Магадгүй л дээ. Гэхдээ хэлэхэд хэцүү. Тодорхой шалтгаан байгаа болоод ор үндэсгүй атлаа тодорхой зорилтот мэдээллийг төлбөр төлж тараагаад байна уу гэж миний хувьд харж байгаа. Ажил амьдралын гарааны тухайд бид ерөөсөө л Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өлгийдүүлсэн эмч гэж болно.
Анх 1988 онд Халдварт өвчин судлалын төв эмнэлэгт Сахиургүй хүүхдийн тасагт асрагчаар ажиллаж эхэлсэн. Acparn бол тухайн үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхны ажлын талбар байдаг байлаа. Тэр дэг жаягийг зөрчөөгүй. Дараа нь, төгсөх курстээ Улсын хоёрдугаар төв эмнэлгийг сэхээнд Д.Нэргүй багш, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний тасагт профессор Х.Гэлэгжамц, Д.Энхзаяа нарыгаа дагаж давхар ажиллаж байсан.
Төгсөөд шууд Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхээ Бөөрний тасагт эмч, ЭМШУИС-даа давхар багшилсан. Дараа нь, 1999 оноос Бөөрний тасгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэр хугацаандаа эмчилгээний олон ч шинэ арга туршлагыг хэрэгжүүлж, санаачилсан, эмнэл зүйн чамгүй олон шинэчлэлийг эхлүүлсэн, амжилттай нутагшуулсан гэдэгтээ итгэлтэй байдаг.
-Шинэ туршлага, шинэчлэлээсээ тэгвэл цааргалахгүй бол дурдаж бас болох юм. Нэгэнт ярилцлага эхлүүлсэн хойно?
-Өө зөндөө л ажил хийсэн. Манай тасгийн коридорт эмчилгээний шинэчлэлийн түүх бичигдсэн байдаг. Тэндээс харахад аяндаа ойлгогдоно доо. Он дараалал, үр дүнгээс нь харахад.
-Би одоо шууд очиж тэмдэглэх боломжгүй учраас та нэг мөсөн энэ ярилцлагаараа дамжуулаад ярьчихсан нь дээр байх аа?
-Хамгийн эхлээд хиймэл бөөрний аппарат буюу гемодиализын эмчилгээг ёстой гал алдуулахгүй авч явсандаа харин ч нэг бахархдаг. Тэр үед буюу 2000 оны эхээр улсын хэмжээнд хоёрхон аппарат байдаг байлаа.
Тэрний дараа “Мэд Импекс” гэж компани шинэ аппарат авчирч, тэрийг нь ажиллуулах гэж багагүй туршлага дутсан. Хэвлэлээр “Эвдэрхий аппарат шахсан байна. Эмч нарын ур чадвар гологдож байна” гэх мэтээр ёстой жинхэнэ утгаараа гөвүүлж дууссан. Гэтэл тэр аппарат доголдоод байсан гол шалтгаан нь аппарат авчирсан компанийн ч буруу биш, ажиллуулж байсан эмч нарын ч мэдлэг боловсролтой холбоотой байгаагүй юм билээ.
Одоо хэлэхэд ичмээр сонсогдож магадгүй л дээ. Ерөөсөө л тог цахилгааны хэлбэлзэл, хүчин чадлаас үүдээд аппарат доголдоод байгаа болж таарсан сүүлдээ. Аргагүй шүү дээ, тэр үед улсын хэмжээнд тогны хүчин чадал ямар байлаа.
Тэр дундаа, манай эмнэлгийн цахилгааны холболт өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ажиллуулж дөнгөхгүй байсан гээд л бод. Энэ яриа тэгэхээр эргээд яах аргагүй эмнэлгийн байр савны шинэчлэлийн тухай ярихад хүргэчихэж байгаа юм л даа.
Нэг ёсны эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний үр дүнг зөвхөн эмчийн чадал чансаа, аппаратын хүчин чадлаар ярьж болохгүй байгаа биз. Гэхдээ бас яах вэ ээ, аав маань насаараа трактор комбайнчин хийж, би хичээлээ тараад л ажил дээр нь очиж тостой холилдож, засварынх нь ажилд тусалдаг байсны хэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн завсар, шинэчлэлд бас тус болсон.
Ер нь хүнд сурсан мэдлэг, дадал гэдэг юм хэзээд хэрэг болдог гэдэг үнэн юм билээ. Тэр туршлага дээрээ үндэслээд эмнэлгийн тоног төхөөрөмжөө инженерүүдтэйгээ хамт тостой хутгалдаад засалцах үе ч гардаг л байлаа.
Энэ сонирхолдоо хөтлөгдөж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерчлэлийн сэдэвтэй ном ч их уншсан. Номоо бариад суухад бас зүгээр байхгүй шүү.
-Таныг тасгийн эрхлэгч байх үед эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж нэлээн хэцүү байсан байх, тийм үү. Эмнэлэгт тариураа ариутгаж байна гээд буцалсан усанд чанаад суудаг байсан санагдах юм. Миний үеийнхний хувьд хүүхэд байх үеийн сонин дурсамж л даа. Одоо хаяа бодохоор сонин санагддаг?
-Хэдийгээр нийгэм эдийн зас-гийн байдал харьцангуй тогтворжиж байсан ч яг үнэндээ эмнэлгийн салбар өөрөө маш их ядуу байлаа л даа. Нэг удаагийн тариур их ховор. Тэрийгээ дагаад алга болох нь их. Хэвлэлээр байнга л, сувилагч нэг тариураар хэд хэдэн хүн тарилаа, өглөө буухдаа гэр рүүгээ аваад явчихдаг гэнэ гээд л бөөн сенсааци. Тэр их шуугиан, зөрчлийг арилгах зорилгоор нэгж тунгийн систем гэдгийг нэвтрүүлж байлаа.
Одоо хүртэл энэ систем эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа. Уг нь одоо бол эргүүлээд өөрчилмөөр байгаа юм. Харьцангуй хангалт сайжирсан байгаа нөхцөлд тарианы өрөө гэж гаргаад нэг дуслын системд бүх тариагаа аажуухан дуслаар явуулдаг системд бүх шатны эмнэлгүүд шилжих хэрэгтэй. Тэгж гэмээнэ олон удаагийн хатгалт цөөрнө, тариурын хэрэглээний тоо ч буурна.
Тэгэхээр эмнэлгийн эмчилгээний менежмент гэдэг тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор шинэчлэгдэж явах хэрэгтэй байгаа биз. Ингээд яривал олон л зүйл байна.
Яг ингээд яриад суухаар бас бага гэлтгүй хийсэн шинэчлэл, өөрчлөлт, үр дүн санаанд ордог юм байна л даа. Одоо эргээд харахад инээд хүргэдэг шинэчлэл ч бас байна.
-Бага гэлтгүй инээдийг тань хүргэдэг гэхээр ямар шинэчлэл байна?
-Одоо ч манай Бөөрний тасагт байгаа даа. Цонхны хөшигний шугаман төмрийг ашиглаад дээр нь нарийхан толгой хийж, доош нь дуслаа унжуулж, тариагаа хийдэг болгож байлаа.
Тэр чинь дуслынхаа өлгүүрээ булаацалдахгүй байх, сувилагч нар өлгүүр хүлээж цаг алдахгүй, дуслаа яг цаг тухайд нь хийх боломжийг олгосон эд шүү, бага гэлтгүй. Ер нь бол эмнэлэгт бага гэлтгүй эмч, эмнэлгийн ажилтны ачааллыг бууруулах, өвчтөнүүдийнхээ ая тух, аюулгүй байдлыг хангахын тулд сэтгэл гаргаж л ажиллах ёстой байдаг юм.
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний тасаг гэхээр яах аргагүй Монголын эмнэлгийн салбарт асар том шинэчлэлт, өөрчлөлт хийсэн баг хамт олон гэдгийг хэн ч үгүйсгэх аргагүй. Үүний нэгд мэдээж бөөр шилжүүлэн суулгах хагалгаа зүй ёсоор бичигдэж таараа. Үүнд таны хувь нэмэр бий. Өөр бусад нэвтрүүлсэн ололт, эмчилгээний арга барил гэвэл та юуг нэрлэх вэ?
-Туйплин эмчилгээг бөөрний аппараттайгаа уялдуулаад технологитой нь хослуулан хийх шинжлэх ухааны судалгааны ажил, бүтээл хийсэн. Олон мянган жилийн турш ардын эмчилгээний арга барилаар хийгдэж ирсэн энэ эмчилгээг академич, Монгол Улсын гавьяат эмч, доктор профессор, дотрын Б.Рагчаа эмч маань хүртэл уламжлалын дагуу олон жил амжилттай хийж ирсэн. Агуу эмчилгээ л дээ.
Миний хувьд уламжилж ирсэн тэрхүү туршлагыг үндэслэн амьтан дээр, хүн дээр эмчилгээ хийх замаар онолынх нь хувьд тайлбар хийсэн. Тэр нь диализ, цусыг гадна талд нь цэвэршүүлдэг эмчилгээний аргатай дүйцүүлж, тайлбарласан тайлбар. Тэр их зөв шийдэл болсон. Үүгээрээ 2001 онд докторын зэрэг хамгаалсан.
-Та ЭМШИУС-д хэр удаан багшилсан бэ?
-Таван жил багшилсан. Сүүлдээ эмнэлэг, сургууль хоёр маань тусдаа хөгжөөд эхэлсэн болохоор эмнэлгээрээ дагнасан. Тэр нь ч зөв болсон. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхээ даргын ажлыг өгөхөд манай эмнэлгийн эмч, ажилтнууд, удирдлагын багийнхан миний эмнэлгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, үр дүн, шинэчлэлийг жагсааж бичээд доор нь өөрсдийн гарын үсгээ зурсан талархлын нэг их урт эвхэгддэг туузан талархал гардуулж өгч байлаа.
Тэр талархлыг харахаар би бас буруу, муу ажиллаагүй юм байна гэсэн бодол төрдөг л юм.
-Та удирдлагын багт ер нь хэр олон жил ажилласан юм бэ?
-Орлогч даргаар хоёр удаа, эмнэлгийн даргаар долоон жил гаруй ажилласан.
-Хангалттай удаан ажилласан юм байна шүү дээ. Хэдэн оноос хойших үр дүн танд хамрагдана гэсэн үг үү?
-2009 оноос хойших сайн муу, сайхан муухай бүхэн яах аргагүй бүгд миний нэр дээр бичигдэнэ л дээ. Энд мэдээж хамт олны маань хичээл зүтгэл, сэтгэл хамгийн том хөшүүрэг, дэмжлэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Дунд нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын үед эмнэлгийн дарга нарыг түр чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахад чөлөөлөгдсөн байдаг юм. Харин эргээд тэр сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр, дахин эмнэлгийн даргаар томилогдсон.
-Ер нь сүүлийн үед улсын төв эмнэлгийн удирдлагууд харьцангуй тогтвортой ажиллах болсон шиг байсан. Энэ ажиглалт үнэн үү. Нам хамаарахгүйгээр шүү?
-Үнэн, үнэн. Хаа очиж үнэхээр төв эмнэлгүүдийн удирдлагуудыг улс төрийн сонголтоор өөрчлөх нь багасаад байгаа. Эмнэлэг гэдэг чинь өөрөө улс төр хийх талбар биш. Зөвхөн “Эрүүл мэндийн манаанд” гэдэг ганц л зарчим энд үйлчилдэг.
Ямар ч эмч, сувилагч, acparn энэ өвчтөнд муу эмчилгээ хийнэ, тэр өвчтөнд сайн эмчилгээ хийнэ гэж боддоггүй. Яг л хийх ёстой эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг. Мэдээж тухайн хүний биеийн онцлог, өвчний эрт орой илрүүлэлтээс үүдээд харилцан адилгүй хүндрэл бэрхшээл гарах үе байна.
Тэр болгонд хэцүүгийн зовлон тоочоод суух эмч, эмнэлгийн ажилтан гэж байхгүй. Яагаад гэхээр бид нар чинь тангараг өргөсөн эмч нар байхгүй юу.
-Та түрүүн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сүүлийн арав орчим жилийн сайн, муу, сайхан муухай бүхэн миний нэртэй холбогдоно гэж хэлсэн дээ. Энэ тухай буюу сонгон шалгаруулалтад барьж орсон стратеги төлөвлөгөөнийхөө биелэлтийн тухай ярихгүй юу?
-Хаа очиж биелсэн шүү. Эхнийхээ төслийг 2005 онд бичиж байсан. Сүүлийнх нь дөрвөн боть төсөл бий. Хүн яг төлөвлөсөн, үүрэг даалгавар авсан бол тэр дагуудаа ажилладаг юм билээ.
Улсын төв нэгдүгээр эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, эмч нарын ур чадварыг дээшлүүлэх замаар эмчилгээний арга барилыг олшруулах, үйлчилгээний соёлыг сайжруулах, хөгжүүлэх гээд тэр болгон нуршихад хэцүү тодорхой, тодорхой зорилтуудыг төсөлдөө бичсэн байсан. Ер нь л бүгд биелсэн шүү.
Эмч нар маань гэхэд өөрсдийнхөө зүгээс бэлдэж гардуулсан талархал дээрээ “Эрхтэн шилжүүлэн суулгалтын загалмайлсан эцэг” гэж бичсэн байсан. Тухайн үедээ энэ тухай ярихаас ичдэг байлаа. Гэхдээ одоо цаг хугацааны явцад ажлынхаа үр дүнг бас ярих үедээ ярьчихдаг байх хэрэгтэй юм байна гэж бодогдох болсон.
-Яагаад. Юу таныг энэ тухай ярихад хүргээд байна гэж?
-Зүгээр л харлуулахын тулд харлуулж, гүтгэхийн тулд гүтгэдэг энэ хандлагад бас хариу барьж болно оо доо. Ердөө л тэр. Мэдээж энэ тухай ярихаар зарим хүнд өөрийгөө магтсан хэрэг болж магадгүй. Гэхдээ эмч нарыгаа буруу хүндээ талархал гардуулаагүй гэдгийг өөрийн биеэр баталсан болов уу гэж боддог.
-Та гэхдээ тэр бүх мэс заслыг хийгээгүй учраас зарим нь бас гайхах эрхтэй л дээ. Энэ дүгнэлтэд?
-Үнэн үнэн. Гэхдээ намайг энэ эмнэлгийг удирдаж байх хугацаанд цусны чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгах энэ гурван том хагалгаа Монголд, тэр дундаа манай Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нутагшсан юм. Ер нь ганц удаа энэ тухай хэлчихье гэж бодоод байна шүү, бас.
-За, асуудалгүй таны ярилцлага учраас юу хүссэнээ ярьж болно?
-Яг үнэндээ эмнэлгийн удирдлага буюу менежер хүн, менежерийн багийн манлайлалгүйгээр ийм том гурван хагалгаа битгий хэл нэг ч хагалгаа нутагшдаггүй, хийгддэггүй юм. Үнэн шүү.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал, тоног төхөөрөмж ямар үнэтэй билээ. Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн элэг шилжүүлэн суулгах эхний хагалгааг 40 гартал нь хамт байсан.
Одоо надаас хойш 80 гарчихаад явж байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны 101 гэдэг ёслолыг хийж байлаа. Яагаад гэхээр энэ төрлийн хагалгааг 100 удаа хийсний дараа яг үнэндээ цөсний хагалгаа шиг ердийн болдог. Элэгний хагалгааг хэзээ хүлээлгэж өгөх вэ гэж ярилцаж байгаад Элэг шилжүүлэн суулгах багийнхантайгаа 80 дахь хагалгаан дээрээ төрд хүлээлгэж өгье гэж тохирч байсан. Цусны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа өнөөдөр 16-17 дахь удаагаа хийгдэж байх жишээний.
-Мэс заслын хагалгааг төрд хүлээлгэж өгнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Өөр эмчид шилжүүлэхээ хэлээд байгаа юм уу?
-Үгүй ээ, ердийн хагалгааны хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд мэргэшиж, бүрэн дүүрэн эмчилгээнд нэвтрүүлж чадлаа гэдгээ төрд дансалж, зарлаж, баталгаажуулах л ёслолын ажиллагаа.
Энэ ёслол чинь эмч, эмнэлгийн ажилтан, эдгэрч гарсан өвчтөнүүдийн хувьд том бахархал, хүндлэл байхгүй юу. Тэр талаасаа заавал хийх ёстой л гэж боддог.
Цусны чөмөг, элэг шилжүүлэх хагалгааг хийхээр болоход анхандаа бид нар чинь нэг сарын өмнөөс албан бэлтгэлд гарч, зарим яаралтай бус хагалгаагаа хойшлуулж, эмнэлгийн дарга нь хүртэл жижүүрийн цэрэг шиг ажилладаг байлаа. Одоо бол тэгэх шаардлагагүй болсон.
Энэ чинь өөрөө нутагшилт байхгүй юу. Асрагч, цахилгаанчин, техникч, эмч, сувилагч бүгд ажлаа мэддэг болж, нэг цаг нэг минут, нэг секунтэд ямар үйлдэл хийхээ мэддэг болсон гэсэн үг. Эмнэлгийн удирдлага, менежментийн баг ч адилхан.
-Тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бол ёстой хангалттай төвшинд хийсэн юм болов уу гэж бодсон. Элэг, цусны чөмөг шилжүүлэн суулгахад хэрэглэгддэг аппарат, тусгай ариун өрөөг харж, сурвалжилга хийсэн л дээ?
-Анх яг элэг шилжүүлэн суулгана гэдэг том зорилт тавьчихаад аппаратаа харахад манай эмнэлгийн тоног төхөөрөмж үнэндээ Оросын цагаан хааны үеийнх шиг л байсан. Юу яасан элэг шилжүүлэн суулгах.
Гэхдээ л стратегиа зөв тодорхойлсны хэрэг гарсан. Тоног төхөөрөмжөө шинэчлэхийн хэрээр эмч нар маань шинэчлэгдээд, ур чадвараа хөгжүүлээд, эрэлхийлэл дүүрэн болж эхэлсэн.
Миний нэг арга барил болохоор яг ямар тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна, ямар эмчилгээ нэвтрүүлэх вэ гэдгээ заавал өөрийн биеэр очиж үзэж танилцах байдаг. Эмч нараа сургалтад явуулсан бол ирэхээр нь заавал хурлын танхимд цуглуулж, тэр талаар нь ярилцана. Тэгж эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмч нарынхаа ур чадварын ахиц дэвшлийг ойлгож мэдрэхгүйгээр тийм том хагалгааны ард гарахад хэцүү.
-Эмнэлгийн байр савны тухайд бас чамгүй өөрчлөлт хийгдсэн бололтой юм билээ. Тэр гурван хагалгаатай холбоотойгоор?
-Инженерийн шийдлүүд хийсэн, хийсэн. Яг үнэндээ цусны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийх бэлтгэл ажлыг эхлүүлж байхад манай эрдэмтэн багш нар маань хүртэл жаахан таагүй хандаж байсан удаатай.
“40 жилийн дараа эхлүүлэх ёстой хагалгааг та нар яагаад ингэж яараад байгаа юм бэ. Ийм хурдан түргэн, хуумгай байж болохгүй” гээд л. Арга ч үгүй л дээ. Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал болон эмчилгээний арга барилын тухайд эмч болж байгаа оюутнууд яг үнэндээ шалгалт өгөх гэж уншдагаас яг нарийн мэргэшиж, суралцаж, дадлагажих нь их цөөхөн байдаг.
Тэр хэрээр боловсон хүчний нөөц харьцангуй багатай байдаг. Гэсэн ч манай багийнхан чадсан. Нэгэн үе “Цусны эмгэгтэй өвчтөн цаазын ял авсан ялтан хоёр адилхан хувь тавилантай” гэдэг үг байсан. Одоо бол тийм биш болчихлоо.
Дээр нь, Москвагаас Бээжин хүртэлх энэ орон зайд элэг, цусны чөмөг, бөөр шилжүүлэн суулгах энэ гурван том хагалгааг хамтад нь нэгэн зэрэг нэвтрүүлсэн эмнэлэг яг үнэндээ Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өөр байдаггүй юм. Энэ тэгэхээр манай хамт олны, эмч нарын, эмнэлгийн багийнхны маань амжилт мөн биз.
-Хэн ч үгүйсгэхгүй байх. Сүүлд тооройд зүрх шилжүүлэн суулгах мэс туршилтын мэс засал хийлээ гэдэг мэдээ уншиж байсан. Та тэр үед даргаар ажиллаж байсан санагдаж байна?
-Үнэнийг хэлэхэд манай эмч нар маш хурдтай, маш эрчимтэй сайжирч байгаа. Энэ эмч нарыг цаашид тогтоон барих нь харин хэцүү болж л магадгүй. Энэ үнэн шүү.
-Ер нь тоон үзүүлэлт талаас нь яривал таны үед хэр олон тооны шинэ мэс заслыг шинээр нэвтрүүлж, хэр олон эмч нарыг гадагшаа сургалтад хамруулж, алдаа эндэгдэл хэр их гарсан байх юм?
-90 жилийн ойгоо хийх үеэр ер нь нэг стандарт хэмжүүртэй байя гээд гаргахад нэг жилийн дотор сургалтад явсан эмч нарынхаа сургалтад явсан хугацааг нэмэхэд нийлбэр нь 9.5 жилтэй тэнцэж байна лээ.
Нэг жилийн дотор сургалтад явсан давтамжийг нь нэмээд үзэхэд шүү. 160-170 хүнийг улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр дандаа гадаад харилцаагаа түшиглэж явуулсан байсан.
Харин ёстой ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаан дээр МИАТ компани ажилтнуудаа эмчилгээ, шинжилгээнд хамруулах зорилгоор бартер хийж, хоёр талын онгоцны билетийг хөнгөлж өгсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монголоосоо нэг ч зардал гаргаагүй гэсэн үг. Дандаа гадныхны дэмжлэгтэй явуулж байсан.
Манай профессорууд чинь бас их мундаг шүү дээ. Хуралд явж байхдаа хүртэл тусламж дэмжлэг гуйна. Гадаадад их нэр хүндтэй. Тэдний маань тус дэм гэж ярих юм биш. Дэндүү сайн. Мэдээж осол эндэгдлийн тухайд хүнд хэцүү үе байлгүй яах вэ.
Гэхдээ ямар ч эмч өвчтөндөө хохирол учруулах, амь насыг нь эрсдэлд оруулах гэж ажилладаггүй гэдгийг л иргэд маань бас сайн ойлгомоор байгаа юм даа.
-Гэхдээ та энэ бүх үр дүнгийн дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болчихоод сууж байна. Эрүүл мэндийн салбарт удирдлага менежментээ барьж ажиллах шийдвэр гаргасан цаг үе ярианаас тань сонсоход арав гаруй жилийн өмнөх рүү хөтөлж байна. Өнөөдрийн карьерын өсөлт, албан тушаал тань ер нь тухайн үедээ таны ирээдүйн зорилт байсан уу?
-Яалаа гэж. Хамт олныхоо дэмжлэгээр Тасгийн эрхлэгч, Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал болсон. Харин эмнэлгийн даргын тухайд үзээд алдах бодол төрсөн учраас сонгон шалгаруулалтад орсон.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тухайд карьер гэхээс илүү хариуцлага үүрч байгаа л шийдвэр. Яг статистик гаргаад үзэхээр тасгийн эрхлэгч болохоор жилдээ бүх өвчтөн, эмчлүүлэгчид зөвлөгөө өгдөг ч гардаж, эмчилдэг өвчтөний тоо 1,200-гаас хэтэрдэггүй юм билээ. Яагаад гэхээр бусад эмч нарынхаа өмнүүр ороод байж бас болдоггүй юм.
Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал болсноор мэдээж эмнэлгээр үйлчлүүлдэг 300 гаруй мянган өвчтөний эрүүл мэндэд санаа тавих, хүртээмжээ дээшлүүлэх, дам байдлаар нөлөөлөл үзүүлэх боломжтой болдог.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тухайд Монгол Улсын нийт хүн амын эрүүл мэндийн төлөө санаа тавих, Монгол Улсын бүх сум суурингийн эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, дэлхийн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлт өөрчлөлтийг нэвтрүүлэх гээд бодлогын төвшинд ажиллах үүрэг хүлээж байгаа хэрэг. Энэ утгаараа хариуцлага мэдээж өндөр байж таарна аа даа. Тэр хэрээр бас сайн ажиллачих юмсан гэдэг хувь хүний зорилго бол бий шүү.
-Бас мөнгөний эрх мэдэл ч энэ хэрээр нэмэгдсэн байж таараа. Төрийн нарийн бичгийн дарга яамны бүх л санхүүг атгадаг гэдэг үүднээс олон хүний хувьд чамлахааргүй нүд унагадаг албан тушаал. Тэр дундаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын захиран зарцуулах төсвийн хэмжээ ч сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэх болсон?
-Нэг зүйлийг ойлгоорой. Миний мэдэж зарцуулдаг мөнгө гэж Эрүүл мэндийн яаманд байхгүй шүү.
-Гэхдээ танай яамны үе үеийн удирдлагуудаас цөөнгүй хэд нь авлига, хээл хахуулын хэрэгт холбогдсон. Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн нь хүртэл ийм хэргээр шалгагдаж байсан удаатай. Бүгд л мэднэ шүү дээ. Танаас ярилцлага авах болсон шалтгаан маань ч бас эхэндээ таатай байсангүй шүүдээ?
-Яг үнэнийг хэлэхэд манай яам өмнө нь хэд хэдэн удаагийн буруу дурсамжтай, таны хэлсэнчлэн цөөнгүй хүн хэрэгт холбогдож байсан учраас ярилцлагын эхэнд хариулсан хариултуудыг зайлшгүй хэлж байж нэрээ ч, яамныхаа нэр хүндийг ч өөрийнхөө зүгээс цэвэрлэх цаг болсон байна аа гэж бодсон юм. Ярилцлага өгч байгаа шалтгаан маань ерөөсөө энэ.
Би өөрөө энэ тогооноос гарч ирсэн хүн. Асрагчаас нь эхлээд эмч, тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга гээд хариуцсан ажлаа тууштай, үр дүнтэй хийгээд ирсний хувьд худал мэдээллээр өөрийгөө гүтгүүлээд чимээгүй суумааргүй байна. Хэрэв чимээгүй суух юм бол миний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн бүгд үгүйсгэгдээд дуусна шүү дээ.
Тэгэхээр надад өөрийн дураар Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны бодлого, чиглэлийг зөрчиж дур мэдэн зарцуулах мөнгө байхгүй гэдгээ юун түрүүнд албан ёсоор хэлмээр байна. Мөн өмнө нь ч улсын эмнэлэг хувьдаа авах гээд чичрээд дайрсан тохиолдол байхгүй. Зөвхөн Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах албан үүргийн хүрээнд ажиллаж байсан гэдгээ тодорхой тайлбарласан байх гэж найдаж байна.
-Авлига авах боломж байхгүй гэж үү. Таныг бусдаас мөнгө нэхсэн гэдэг мэдээлэл хальт харагдсан шүү?
-Ёстой хашиж байгаа албан тушаал руу маань чиглэсэн сонирхол л ийм худал мэдээлэл цацахад хүргээд байна уу гэж харж байгаа. Өөрөөр юу гээд л би мөнгө нэхээд сууж байхав дээ. Бүх албан бичгийг цаг тухайд нь гаргаж, ямар ч чирэгдэлгүй ажиллаж байгаа. Мөнгөн зарлагын хувьд дур мэдэн мөнгө гаргах боломжгүй гэдгээ хэлсэн.
-Танд тэрбум төгрөг өгье гэсэн хүн гарсан юм уу. Тийм мэдээлэл гарсан байсан?
-Байхгүй ээ. Би хуулийн байгууллагад албан ёсоор энэ талаар хандана. Магадгүй аливаа асуудлыг ном журмын дагуу хийх, шийдвэрлэх гэж хичээдэг хувь хүний маань чанар бусдын дургүйг хүргэсэн байж магадгүй. Тэр сонирхлоороо худал мэдээлэл бэлтгээд байна уу гэж бодоод байгаа.
Өөрөөр ёстой тэр ийм мэдээлэл тараачихав уу, энэ ийм мэдээлэл цацав уу гэж хардаж сэрдэж хүн заасан юм бол алга. Иймд хууль хяналтын байгууллага л нууцлаг гүтгэлгийг олчих болов уу гэж найдаж байна.