Тэрээр хэрхэн хэн ч таньдаггүй жирийн нэгэн махлаг залуугаас одоогийн амжилтад хүрсэн талаараа ингэж дурсчээ.
2013 онд би 19 настай өдөр нь худалдагч болон, шөнө нь баранд хаалгач хийдэг, өдөрт 4-5 цаг л унтдаг залуу байв. Гэлээ ч олсон мөнгө минь хаанаа ч хүрэлцдэггүй байсан бөгөөд тэр нэгэн бямба гарагийн орой гэртээ хариад ширээн дээр нь олсон бүх мөнгөө шахуу хоолондоо зарцуулсан тооцооны хуудас, хоосон түрийвч хоёроо хараад сэтгэлээр ихэд унасан юм. Тооцооны хуудас дээр түргэн хоол, чихэр, чихэрлэг сода ундаа, уураггүй хүнс зэрэг эрүүл бус хооллолтын жагсаалт жирийж байв. Хоолноос авч байсан шим тэжээл гэвэл маш аймшигтай байсан тэр үед би стрэсс болон цаашид хэрхэн аж төрөх вэ гэсэн дэпрэсст орсон байсан юм. Их сургуульд сурах боломжоо орхиж Лос Анжелест ажиллахаар нүүж ирсэн байсан үе л дээ. Гэхдээ тэр орой би өөрийгөө энэ хэвээр амьдрах ёсгүй гэж хатуу шийдэж шинээр эхлэхээр зориг шулуудсан.
Энэ шийдвэрээс хойших зургаан сарын хугацаанд тэрээр 45 кг хаяж эрүүл, спортлог хэв маягаар амьдрах болжээ. Эрүүл хооллолтын курст сууж хүний биеийн анатоми, хоолны шим тэжээл, хувийн дасгалжуулалтын талаар мэдлэг олж авчээ. Youtube-ээс бичлэг үзэж фитнессийн талаар өөртөө хичээл зааж эхэлсэн байна.
Хооллолтоо эрс өөрчилж, долоо хоногт 50 долларыг л хоолонд зарцуулахаар өөртөө босго тогтоож, мах болон ногоонуудаар хооллох болжээ. Мөнгө муутай учир биед шимтэй олон зүйл авах ч бололцоогүй байж. Зургаан сарын хугацаанд Сэм өөхөө хангалттай шатааж, өмнөхөөсөө илүү өөдрөг эрч хүчтэй болж чаджээ.
Түүний эрүүл амьдралын хэв маяг, хичээл зүтгэл үр нөлөөгөө өгч бие галбир нь сайхан болохын хэрээр загвар өмсөх, жүжигчин болох эхлэл нь болсон байна. Өөрийгөө өөрчлөхөөр шийдсэнээс хойш 3 жилийн дараа тэрээр анхны сурталчилгааны саналаа авчы Toyota priuse-ний рекламд тогложээ. Дараа нь Fifth Harmony хамтлагийн “Work From Home” дуунд булчинлаг барилгачин залуугийн дүрд тоглосон нь youtube-ээр 2 тэрбум хүн үзсэн байдаг. Харин 2016 онд Бритнигийн “Slumber Party” видеонд тоглохоор шалгаруулалтад орох үед тэдний хайрын романс анх эхэлсэн бөгөөд тун богино хугацаанд тэд дотносч, одоо хамтран амьдарч байгаа юм.