60 тэрбумын сүлжээгээр парламентын олонх болсон МАН-д Үндсэн хуульд “гар хүрэх” эрх байхгүй

1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийг бий болгосон билээ.

1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль”-ийг баталж, төрийн эрх барих байгууллагыг шинэчлэхдээ нам, төрийн үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх,  парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчилалыг хөгжүүлэх бодлого баримталжээ.

БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль 1992 оны эхэн хүртэл үйлчилж, Монгол орон шилжилтийн адармаатай үеэ давсан билээ.

Монгол оронд 1990 оны 7 дугаар сард анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий сонгууль явагдаж, парламентат ёсны шинэ төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн  байгуулсан юм.

1990 оны 10 дугаар сарын 4-нд Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссийг байгуулж,  уг Комисс “Монгол улсын Их цааз”  төслийг 1991 оны 4 дүгээр сарын 19-нд УБХ-д өргөн барьжээ. Төслийг УБХ-аар хэд хэдэн удаа хэлэлцэн сайжруулсны дараа 1990 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл  ард нийтээр хэлэлцүүлсэн.

Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ З сар гаруй хугацаанд хэлэлцүүлж,  900 мянга гаруй хүнээс давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан бөгөөд саналын 44,3 хувь нь төсөлд ямар нэг байдлаар тусгагдсан байдаг. Энэ дашрамд дурдахад тэр үед Монгол улсын сонгуулийн насны иргэдийн тоо 1 сая 200 мянга орчим байсан.

Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурлаар нийтдээ 4 удаа хэлэлцээд, Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий, 430 депутаттай Ардын Их Хурал 76 хоногийн турш шүүн хэлэлцэж,  1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталсан баталсан түүхтэй.

Үндсэн хууль ийнхүү хэлэлцэгдэн, батлагдсан учраас бид Ардчилсан Үндсэн хуулиа Монголын ард түмний хамтын бүтээл гэж үзэх  бүрэн үндэстэй.

Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын үндсэн дээр Монгол Улсын төрийн институци хоорондын эрх мэдлийн хуваарилалт, харилцааг нарийвчлан тогтоох ёстой үндсэн хуульчилсан хуулиуд Үндсэн хуулийн үзэл санааг тэр бүр бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа, хууль хоорондын уялдаа холбоо, зохицуулалт зарим талаар дутмаг байгааг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан хэмээн ойлгож болохгүй гэж Үндсэн хуулийн эцэг Бяраагийн Чимид гуайн хэлсэн үгийг юуны өмнө иш татая.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг үндсэн хуульчилсан хуулиудаар зохицуулах боломж буй эсэхийг нягтлан судлаж, Үндсэн хууль ба бусад хуулиудын уялдаа холбоог сайжруулах нь Үндсэн хуулийн үзэл санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлсийн нэг гэдгийг анхаарах ёстой.

Нөгөө талаас Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд ирсэн ихэнх маргаан үндсэндээ УИХ, Засгийн газар, улс төрчдийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэртэй холбоотой байдгийг мартаж болохгүй. Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг бүрэн дүүрэн ойлгох нь битгий хэл гүйцэд ч уншиж үзээгүй улс төрчид, төрийн эрх мэдэлтнүүд олширсон нь бидний өдөр тутмын амьдралд алхам бүрд мэдрэгдэн харагдаж, төрийн үйл ажиллагааг доголдуулж, хүчгүйдүүлж байна. Тэд ийнхүү санаатай болон санамсаргүй, мэдэж болон мэдэхгүйгээсээ үүдэн гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа бурууг Үндсэн хуулиас хайх боллоо.

Үндсэн хуулийн нэг гол зарчим болох төр болон намын үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны цөм нь төр байх зарчмыг бүрмөсөн алдагдуулж буйн нэг тод жишээ нь өмнөх УИХ-ын үед нэг намын доторх фракцуудын тэмцэл УИХ-ын танхимд хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлж байснаар илэрдэг байсан бол энэ УИХ-ын үед бүр улаан цайм хуулийн төсөл хэлэлцэх үед “манай нам тэгж үзэж байна, намын бүлэг дээр тэгж шийдсэн, намын хөтөлбөрт зааснаар шийднэ” гэж ярьдаг болж. Уг нь УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл байх ёстой болохоос намаас томилсон хүүхэлдэйнүүд байх учиргүй.

Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмуудыг олон жилээр тогтвортой хадгалж чадсан улс орнууд хөгжлийн илүү өндөр түвшинд хүрсэн, харин Үндсэн хуулиа олонтаа өөрчилсөн улс орнууд тогтвортой хөгжлийн замд орж чадахгүй байгааг эрдэмтэн судлаачид, туршлагатай хууль тогтоогчид сануулж хэлсээр байна.

Дэлхийн улс орнууд Үндсэн хуульд хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулдаг сургамж, жишгийг ч харгалзах нь чухал юм. Ихэнх орнууд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах өндөр босго тавьсан байдаг бөгөөд ард нийтийн дунд санал асуулга явуулах, ард нийтээр хэлэлцүүлэх, хүний эрх, эрх чөлөө, төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой заалтуудыг өөрчлөхгүй байх зэрэг хатуу зарчмыг барьдаг.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлээд нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг сахин хангасан байх ёстой.

2000 онд ард түмний оролцоог үл тоомсорлон, тэдний санал бодлыг сонсолгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн арчаагүй үлбэгэр, аялдан дагалдсан нөхцөлд   парламентын олонхийн хүч түрэн баталсан Үндсэн хуульд оруулсан 7 нэмэлт, өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг гажуудуулсан гэсэн шүүмжлэлд байнга өртсөөр ирлээ. Тэр байтугай ард түмний дунд “дордуулсан долоон өөрчлөлт” гэж яригдах болсныг ч бас санууштай. Зөвхөн тухайн үед үүсээд байсан улс төрийн үл ойлголцол, хүндрэлийг давах өчүүхэн зорилгодоо хөтлөгдөн оруулсан боловч зорилгоосоо хазайгаад явчихсан энэ нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл улс төрийн намуудын удирдлага гэх цөөн хүний гарт төвлөрөх болсноор барахгүй сүүлийн үед нам дамжсан олигархууд төрийн бодлого, шийдвэрийг тодорхойлох болсон нь одоо нэгэнт олонд илэрхий зүйл болжээ.

Гэхдээ дэлхийн болон Монгол улсын хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны хөгжлийн явцыг тооцон, монголчууд бид  өөрийн хууль, эрх зүйн орчноо байнга шинэчлэн сайжруулж байх учиртай. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж буй саналуудыг нухацтай судлах ёстой.

Монгол Улсын Үндсэн хууль “Мэдэгтүн, сахигтун!” гэж монголын ард түмэн бидэнд анхааруулж, Үндсэн хуулиа тогтвортой байлгах, Үндсэн хуулийн дархлааг сахих нь Монгол улсын  иргэн бүрийн ариун үүрэг гэдгийг тов тодорхой тунхагладаг билээ.

Улсын Их Хурал, Засгийн газар, Дээд шүүхээсээ эхлээд сум, баг хүртэл бүх шатандаа өнөөгийн мөрдөж байгаа Үндсэн хууль, бусад хуулиудаа дагаж мөрдөөд, ягштал биелүүлээд явах тийм дэг журам л Монгол улсад дутагдаад байгаагаас үүдэн ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал дахин дахин хөндөгдөн яригдаад байдаг юм байна. Хууль тогтоогчид, хуулийг хэрэгжүүлэгч бүх шатны албан тушаалтныхаа эрх, үүрэг, хариуцлагын тухай хатуухан ярьж, дорвитойхон арга хэмжээ авах цаг аль хэдийн болжээ. Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалд ажиллаж буй хэнбугай ч хуулийн өмнө эгэл жирийн иргэдтэйгээ адил тэгш байх зарчмыг Үндсэн хуулиараа тунхагласан улс шүү дээ.

1992 онд Монгол Улсын Үндсэн хууль хэрхэн батлагдсан тухай дээр товч дурдсан. Нийгмийн шилжилтийн хүнд хэцүү тэр үед бид бүх ард түмнээрээ хэлэлцэж, нийгмийн бүх давхрага, бүлэг, улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийн үндсэн дээр Монголын ард түмний хамтын бүтээл болгон Үндсэн хуулиа баталж чадсан тэр түүх саяхных.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд Улсын Их Хурлын ихэнх гишүүд гарын үсгээ зурж, албан ёсны вебсайтдаа байршуулаад олон нийтийн санал авна гэж байгаа энэ үед хэд хэдэн асуулт тавигдаж байна, эдгээр асуултын хариу нь уг төслийг хэлэлцэх, батлах шаардлага байна уу, цаг үе нь мөн үү гэдгийг харуулна гэсэн бодолтой байна.

Юуны өмнө Үндсэн хуулийг дагалдан гарсан органик хуулиуд Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн дүүрэн тусгаж чадаж байна уу, бүрэн тусгаж чадахгүй байгаа бол цаашид сайжруулах ямар арга зам байна, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаа ягштал даган хэрэгжүүлж чадаж байна уу, чадахгүй байгаа бол үүнийг даван туулах ямар арга зам байна, энэ төслийн агуулга дээр нийгмийн  давхрага, бүлгүүд, улс төрийн нам, хүчнүүд санал нэгдэн зөвшилцөж чадах уу, эсвэл улс төрийн нэг нам парламентад хэт олонх болсноороо хүч түрэн батлах гээд байгаа юм уу, 1992 онд бүх ард түмнээрээ хэлэлцэн, байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлаар биш ард түмний илүү өргөн төлөөлөл болох Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан тэр туршлага маань илүү зөв, сайн зам байсан юм биш биз гэх зэрэг асуултын хариуг олж байж л Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээ шийдэх хэрэгтэй.

Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн “Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж тогтоох, мөн төрд итгэх түмний итгэлийг дээдлэн, төрийн албыг 60 тэрбумаар арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ.

Албан ёсны сөрөг хүчний бүлэггүй, 60 тэрбумын сүлжээгээр 65 суудал авч хэт олонхи болсон МАН үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс зүйн болон хууль зүйн  үндэслэл байхгүй. Ард түмнээрээ хэлэлцүүлж батлах ёстой.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албаны дарга

Дондогдоржийн Золжаргал 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...