Д.Сүхбаатарын талбайд болж байгаа “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж буй Монгол Улсын эрэгтэй баг Латвийн багийг 20:16-гаар, Беларусь улсын багийг 21:15-аар тус тус хожиж хэсэгтээ тэргүүлж эхэллээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна. Монголын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусь улсын багтай “С” хэсэгт багтсан. Эхний тоглолт дэлхийн аварга цолоо хамгаалан тоглож байгаа АНУ-ын баг Латвийг 21:13-аар хожсон. Дараагийн тоглолт Беларусь, Гүржийн хооронд болж 21:16-аар гүржүүд хожсон. Манай залуус хоёр дахь тоглолтоо Беларусын багтай хийж 21-15-аар хожсон байна.
Одоогоор “С” хэсгийг АНУ, Монголын баг 2 хожилтой тэргүүлж эхэлсэн бол Беларус, Латви хоёр хожигдолтой боллоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 6-ны өдөр болж, цааш өрсөлдөх хоёр баг тодорно.
Энэхүү ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа юм.
Монголын багт багтсан Пэрэнлэйжамц Дархан аварга Г.Өсөхбаярын, Энхийн-Од гавьяат дасгалжуулагч Шаравжамцын хүү юм.
Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. даваа гарагт болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдсэн. Энэ хэсгийг Францын шигшээ баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна.
Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчдын танилцуулга:
Аззаяа овогтой Батхуяг
Төв аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн.
2001 онд төрсөн. 180 см өндөр, 80 кг жинтэй.
3х3 төрлөөр Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн наадмын хүрэл медаль хүртсэн.
15 насандаа супер лигийн “Төв ургац” багийн бүрэлдүүнд багтсан.
Өсвөрийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль
Өсвөрийн УАШТ-ий хоёр удаагийн шилдэг тоглогч
Спрайт хөгжлийн лигийн хүрэл, оюутны лигт ИЗОУИС багаас тоглодог.
Лхагваа овогтой Авирмэд
Завхан аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн
2001 онд төрсөн. 190 см өндөр, 75 кг жинтэй.
Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
УАШТ-ий бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
3х3 УАШТ-ий хүрэл медальтай.
Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц
2002 онд төрсөн. 198 см өндөр, 96 кг жинтэй.
Өсвөрийн УАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.
Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч
ICG олон улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
3х3 өсвөрийн УАШТ-ий аварга, Оюутны УАШТ-ий хүрэл медаль, MNBA Үндэсний лигийн аварга.
Түүний аав нь дархан аварга Г.Өсөхбаяр билээ. Өдгөө “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байна.
Шаравжамц овогтой Энхийн-Од
2002 онд төрсөн. 201 см өндөр, 75 кг жинтэй.
2014 “Кес Баскет” Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч
2015-2019 онд өсвөрийн УАШТ-ий найман алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль
Өсвөрийн УАШТ-ий долоон удаагийн шилдэг тоглогч
2019 онд онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference тэмцээний аварга
2019 онд 3х3 U23 насны УАШТ-ий аварга
2019 онд “Гоё” дээд лигийн тэмцээний хүрэл медальт.