Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг эрх бүхий албан тушаалтан, байгууллага хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахгүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдож, сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх мэдээллийг шийдвэр гаргасан албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нийтэд мэдээлж, нийтэд мэдээлснээс хойш 5 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт холбогдох мэдээллийг ирүүлэхээр журамласан.
Журмаар сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан уг ажлыг өөрийн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжид хариуцуулж гүйцэтгүүлэхээр зохицуулсан.
2019 оны эхний 5 сарын байдлаар сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Төрмөнх, тус сумын Могойн бага сургуулийн захирал Х.Эрдэнэчимэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Н.Гантуяа, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонго, Завхан аймгийн Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Н.Өлзийжаргал, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганболд, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын орлогч З.Амартүвшин, Завхан аймгийн Асгат сумын цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж нарт сахилгын шийтгэл ногдуулсан боловч энэ талаар нийтэд мэдээлээгүй байна.
Дээрх албан тушаалтнуудад сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар нийтэд мэдээлэх арга хэмжээг журмын дагуу авч, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор холбогдох хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэх талаар эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.