Их эмч Д.Ганхуяг: Сүүл хөхөх үед хүүхдийн тархи амарч, тархины даралтаас сэргийлдэг

-Уламжлалт анагаах ухааныг сүүлийн үед хүмүүс илүүтэй сонирхож сонгож үйлчлүүлэх болж. Ер нь уламжлалт анагаах ухаан европын эмчилгээнээс ялгаатай. Юугаараа давуу талтай вэ?

-Дэлхийд Өрнийн, Дорнын анагаах ухаан гэж бий. Хүн төрөлхтний эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдралыг анагаах ухаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Анагаах ухааны түүхэн хэлбэр нь ардын эмнэлэг байсан. Аливаа үндэстний соёл иргэншил, зан заншил, аж амьдралын онцлогыг тусгасан байгаль, цаг уурт нь зохицсон тухайн улс үндэстний олон зуун жилийн практикт үйл ажиллагааны үр дүнд бүтсэн эм эмнэлгийн холбогдолтой мэдлэгийн сан юм. Монголын уламжлалт анагаах ухаан нь өвчтэй бие дэх биеийг бүрдүүлэгч хэсгүүд тунгалаг, цус, мах, өөх, яс дусал зэрэг долоон тамир, хий шар, бадганы гэсэн гэм эдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт харьцааны алдагдлыг эмч үзээд хүрэлцэх, асуух, шинжилгээний аргаар оношлоод идээ ундаа явдал суудал, эм заслуудаар эмнэн засдаг.

 Техник технологийн эрин зуун өндөр хөгжиж буй орчин үед хүмүүс эм хэмээх химийн хорт бодис хэрэглэхээс аль болох татгалзаж, уламжлалт анагаах ухааныг түшиглэн эмчилгээ хийлгэхийг эрэлхийлж эхэллээ. Өнөө үед эмийн бус эмчилгээний ач холбогдол улам өссөөр байгаагийн учир энэ юм.

Мацаг барих нь муу энергиэс өөрийгөө чөлөөлдөг

  Эмийн бус эмчилгээ гэхээр таатай сонсогдож байна.  Хүн  ер нь өдөр тутмын хоол хүнс,  дадал хэвшлээ зохицуулж өвчнөөс сэргийлж болох уу?

-Бололгүй яахав. Бүх урьдчилан сэргийлэх зарчим нь хий, шар, бадганын үндсэн онолд тулгуурлана. Энэ чиглэлээр  уламжлалт  анагаах ухаан дэлхийд байхгүй онолын үндэстэй.

Монголын уламжлалт анагаах ухаан нь баялаг туршлагатай өвөрмөц онцлогтой. Идээ ундаа цаг улиралтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг судалсан байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд

1.Хоол хүнс өвчин үүсэхийн 50 хувиас доошгүй хувийг эзэлнэ.

  1. Цаг улиралд таарсан явдал мөрөө зохицуулж чадах эсэх нь том байр эзэлнэ.

Бие махбодь (хий, шар, бадгана) гадны нөлөө хоёр тэнцвэртэй үеийг эрүүл гэнэ. Тэнцвэр алдагдахад 7 тамир, 3 хирд өөрчлөлт орж өвчин үүсдэг. Энэ өөрчлөлт нь бага зэрэг буюу өвчин эхний үед идээ ундаа, явдал мөрөө зөв зохицуулж, тэнцвэрт байдалд оруулж болдог.

Биеийн өвөрмөц чанартай холбоотой урьдчилан сэргийлэхэд долоон өвөрмөц арга байдаг. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь цаг улиралтай холбоотой. Бас бага идэх зарчмыг баримтал. Хоол хүнсийг хязгаартай хэрэглэж сурвал хүний бодисын солилцоо дасан зохицож 20-40 хувь буурдаг.Энэ нь хүний биеийн бие махбодийн энергийн хэмжээг хангаж болж байна гэсэн үг. Хүний бүх юм тоотой байдаг. Хүний нас ч тоотой. Хүн 125  наслахад ходоод гэдэсний эсүүд 50-60 удаа солигдоно. Амьд амьтан эргэж, нөхөхөд  хоолоор  төлжинө. Их хоол хэрэглэвэл фермент нь ихэсч, эсийн задралыг түргэсгэнэ. 360 хоногт нэг удаа задарч, их хооллосноос  нас богиносдог. Монголчууд эртнээс мацаг барьж, гэдсээ цэвэрлэн, биеэ хөнгөлж, муу энергиэс өөрийгөө чөлөөлдөг байсан. Мацаг барихдаа сард таван өдөр шинийн 4,8,15,22 зонд буюу нар, сарны таталцал 90-180 хувь энергийн өөрчлөлт давхцалд ордог өдрүүдийг сонгох хэрэгтэй. Ер нь хүн хоол идэхээсээ өмнө цай, шингэн юм их уух нь сайн. Хоолны дараа ууж болохгүй.

Өнөө цагт хүмүүс зөв хооллолтын асуудалд анхааралд их хандуулдаг боллоо. Гэвч яг  хэрхэн хооллох нь зөв хооллолт болох талаар, ямар хүнс сонгох талаар эргэлзээ их байна?  

– Тийм ээ. Орчин үед хагас боловсруулсан хиам, консерв зэрэг байгалийн энерги багатай үхмэл чанартай хоол хүнс дэлхийд ноёрхож байна. Хоолноос гадна бизнесийн чиглэлийн хоол амтаар татаж, дэглэмгүй их хооллох зуршилд орж байгаа. Хүн амьдлаг байгалийн чанар, сансрын энерги шингэсэн идээ ундаа, бэлчээрийн малын мах, сүү, өрх гэрийн үйлдвэрлэлийн чанартай эрүүл цэвэр хүнс хэрэглэх нь эрүүл амьдрах гол үндэс болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Монголчуудын бие махбодийн өвөрмөц чанартай холбоотой хооллох зарчим уламжлалт анагаах ухаанд байдаг уу?

-Бий бий. Монголын уламжлалт анагаах ухаанд бие махбодийн өвөрмөц чанартай холбоотой.

-Хий давамгай хүний хооллолт

-Шар давамгай хүний хооллолт

-Бадгана давамгай хүний хооллолт гэж үндсэн гурав хуваана.

Хий давамгай хүний хооллолт

Хий давамгай хүн хөдөлгөөн их, яриа их, жин бага байдаг. Иймд дулаан хадгалах чанар хамгийн бага. Даарамтгай тул энергийн алдагдалд амархан ордог. Тиймээс өөх тостой хоол, энерги нөхөлт их шаардана. Хамгийн шимтэй хоолыг ихээр хэрэглэх хэрэгтэй. Үүнд: Хар будаа, овьёос, монгол амуу, хонь, сарлагийн өтгөн сүү, бяслаг, өрөм, хонь, адуу, сарлагийн мах, хуучирсан шар тос, чөмөгний тос, сонгино, гоньд, задь зэрэг биеийг шимжүүлэх тос нүнжигтэй, бүлээн шимтэй идээ будаа хэрэглэвэл зохилтой.

Шар давамгай хүний хооллолт

Шар дийлэнх хүн нь маш эрч хүчтэй, биеийн хөгжил сайн, физиологийн процесс өндөр, бодисын солилцоо идэвхтэй байдаг. Ийм хүмүүс амархан өлсдөг. Дандаа халууцсан, эрч хүчтэй байдаг. Энергийн хуримтлал үүсдэггүй, ашиггүй сарнилт ихтэй, дотоод энерги нь бүрэн шингэхгүй хөлсөөр, уураар их энерги алддаг. Шар давамгай хүн ямааны сүү, цэгээ, ааруул, хайнаг үхрийн шинэ мах, шинэхэн цөцгийн тос, төмс, лууван, цагаан будаа, арвай, гүүний саам зэрэг идээ ундаа зохино. Буцалгасан хүйтэн ус, ширгээсэн хярам уувал сайн.

Бадгана давамгай хүний хүний хооллолт

Бадгана дийлэнх хүн жин ихтэй, удаавтар байдаг. Ферментийн идэвх өндөр биш, зөөлөн хэвлийтэй учир галын илч багатай, батлаг батлаг хүнд билэг чанараас хамаарч өлсөх цангах нь удаан, энергийн ашиггүй алдалт багатай, энергийн хувьд харьцангуй тогтвортой, энерги нөөцлөх идэвх сайтай, энергийн хуримтлал өндөр байдаг. Иймд ямар ч бага хоолоор энергийн алдагдлыг нөхөж, хуримтлал хийнэ. Бадганатай хүн таргалах хандлага ихтэй. Тиймээс ходоодны галын илчийг анхааран хоол амтлагч перец, гаа, сонгино, сармис  их хэрэглэх, цагаан будаа, арвай, ямааны сүү, бяслаг, айраг, тараг зэргийг байнга хэрэглэвэл сайн.

Үхрийн мах удах тусам эм болдог

-Цаг улиралд зохицуулж хэрхэн хооллох талаар дэлгэрүүлбэл?

-Монголын уламжлалт анагаах ухаанд цаг улиралтай холбоотойгоор өвөл, хавар, зун, намар цагт зохицуулж хооллох гэж бий.

Өвлийн улирал дахь хооллолт

Өвөл биоритм сайн, бодисын солилцооны эрчим өндөр байдаг. Энэ үед бөөрний тамир их, зүрхний тамир муу үе. Энэ үед сайн чанартай хоол, тослог хүнд эрч энерги бүхий хоол иднэ. Тиймээс Монголчууд эрт дээр үеэс өвөл адуу, хонь, үхэр зэрэг идэш идэж энергиэ нөөцөлдөг.

Хаврын улирал дахь хооллолт

Өвөл хурсан бадгана аажим босож, галын илч муудна. Энэ үед хүнд хоол идэхгүй, хоол амтлагч дээд зэргээр хэрэглэх хэрэгтэй. Үхрийн мах удах тусам эм болдог. Мөн шарсан хуурсан хоол галын илчийг нэмдэг.

Зуны улирал дахь хооллолт

Биоритм буурна. Гадны нарны  хүч дэлгэрч, хүч тамирыг барагдуулна. Идээ ундааны шингэлтийн хүч багасна. Энэ үед зөөлөн, бүлээн тослог, биед хурдан шингэх шингэн шөлтэй хоол иднэ. Цагаан идээ ээзгий бяслаг, айраг сүү, тараг уувал сайн.

Намрын улирал дахь хооллолт

Намар биоритм аажим сэргэж, зун хурж байсан шар намар арвидна. Шар арвидсан учир амтлаг, гашуун, эхүүн, нүнжиг муутай хоол идвэл сайн.

Дэр үеэс монголчууд нялх хүүхдэд сүүл хөхүүлж өсгөж ирсэн. Үүний учир?

-Дээр үеэс нярай хүүхдэд сүүл хөхүүлдэг байсан. Хонины сүүлэнд ханаагүй хүчлийн хэмжээ холестрин их байдаг. Иймд сүүл хөхсөн хүүхдийн өсөлт хурдасдаг, витамин Д-ийн хэрэгцээг хангана. Хүүхэд өөх тосонд эрт дасдаг сайн талтай. Сүүлэнд эсийн мембраны бэхжүүлдэг витамин С их элбэг учир диатез, шар усны харшлын өвчин бага байдаг. Мөн А витамин их учир хараанд сайнаар нөлөөлнө. Хүүхэд сүүл хөхөх үед тархи нь тайван амарч, тархины даралтаас сэргийлдэг сайн талтай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...