Өчигдөр Венесуэлд томоохон жагсаал болж, тус улсын цэрэг арми болон, сөрөг хүчнийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэн. Товчхондоо энэ мөргөлдөөн Ерөнхийлөгч Николас Мадуро болон сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нарын хоорондох зөрчлийн бас нэгэн үргэлжлэл байв.
Венесуэл болон Латин Америкийн орнууд хүчирхэг болох нь АНУ-д ашиггүй тул Венесуэлийн дотоод асуудалд хошуу дүрж, самардаг. Худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж дэлхий нийтийн тархийг угаадаг гэж Николас Мадуро АНУ-ын талаарх байр сууриа илэрхийлдэг. АНУ хүмүүнлэгийн тусламж нэрээр цэрэг оруулж ирэх гэж байна гэж Мадуро харддаг бол Гуайдо эсрэгээр өлсгөлөн ард түмнээ бодсонгүй гэж Мадурог буруутгадаг. Тэгвэл АНУ-ын талаас дэмжлэгтэй гэгддэг, Мадурогийн “дайсан өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгч гэж зарласан Хуан Гуайдо гэж хэн бэ?
Тэрээр Уго Чавесийн ч “дайсан”
Тэрээр 1983 оны долоодугаар сарын 28-нд тус орны Ла-Гуайра хотод төрсөн бөгөөд найман хүүхдийн нэг. Түүний аав нь нисэгч, эх нь багш мэргэжилтэй бол Гуайдо инженер мэргэжилтэй. Оюутан ахуй цагаасаа л улс төрийн идэвхтэй байсан Гуайдо оюутан байхдаа Венесуэлийн өмнөх удирдагч Уго Чавесийн социалист Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг тэргүүлдэг байжээ. Учир нь 1999 онд Варгас хотод хэд хэдэн удаа хөрсний гулсалт болсноор түүний орон гэр, том биш бизнесээ алджээ. Энэ хэрэг явдал түүний улс төрийн үзэл бодолд хүчтэй нөлөөлсөн гэж тэрээр ярьдаг. Гуайдо Уго Чавесыг хангалтгүй ажиллаж байна гэж үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй ханддаг байжээ.
Тэрээр 2009 онд Мексик улсад ажиллах санал хүлээн авсан ч эх орондоо үлдэхээр шийдсэн гэдэг.
Гуайдогийн ард хэн байдаг вэ
Хуан Гуайдо нь Үндэсний ассамблейг тэргүүлэх хүртлээ Венесуэлийн улс төрд тийм ч танигдахаар нэгэн байгаагүй аж. Үндэсний ассамблей нь сөрөг хүчний хяналтанд байдаг Венесуэлийн парламент.
Гуайдо парламентад байх хугацаандаа Мадурогийн засаг захиргаатай холбоотой хэд хэдэн авлигын хэргийг мөрдөн шалгах санааг гаргаж улмаар Мадурогийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь хууль ёсны дагуу байсан эсэхийг хөндөж эхэлснээр Мадуро тэр хоёрын тэмцэл улам бүр хурцдаж эхэлсэн гэж болно. Үүнээс ч өмнө тэрээр Сөрөг хүчний удирдагч, Каракас хотын дарга асан Леопольдо Лопестой хамтран 2009 оноос хойш Чавес, дараа нь Мадурогийн дэглэмийн эсрэг тэмцэж байсан. Леопольдо Лопес нь зүүний төвч үзэлт “Voluntad Popular” намын олонд танигдсан төлөөлөл. Одоо гэрийн хорионд байдаг Лопес олон жил Гуайдод зөвлөсөн гэдэг бөгөөд Гуайдог түүний хүн гэж үзэх нь бий.
Гуайдогийн эхнэр түүний хамтрагч
Тэр гэр бүлтэй, нэг охинтой ажээ. Эхнэрийг Фабиано Розалестайгаа “Voluntad Popular” намд ажиллах үедээ танилцсан гэдэг. Эхнэр нь одоо сөрөг хүчний олон улсын асуудал хариуцсан төлөөлөгчөөр ажилладаг. Сүүлийн үед түүний эхнэр нөхрийнхөө улстөрийн ажилд хамт оролцож, элдэв арга хэмжээнд дэргэд нь байнга харагдах болжээ. Үүнийг нь Венесуэлийн түр Ерөнхийлөгчийн албыг илүү тодруулж харуулахад ирээдүйн тэргүүн хатагтай хувь нэмрээ оруулж байна гэж улстөр судлаачид дүгнэж байгаа юм. Фабиано Розалес, би охиноо Венесуэлийг ирээдүйд орхин явахыг хүсэхийг хармааргүй байна. Венесуэлийг 3 сая хүн орхин гарсан нь хангалттай. Венесуэлийн жинхэнэ ардчилсан ирээдүйн төлөө нөхрөө үргэлж дэмжих болно гэж ярьсан байдаг.
Түүний хэтийн зорилго юу бэ?
Гуайдо Мадурогийн дарангуйлал Венесуэлийн хөгжлийн чөдөр тушаа гэж үздэг. Венесуэлийн төрийн тэргүүн болж чадах манлайлагчид олон байгаа ч дарангуйллаас шалтгаалан ил гарч чадахгүй байгааг тэрээр шүүмжилдэг. Эхлээд дарангуйллын дэглэмийг түлхэн унагаж, дараа нь авлигад идэгдсэн Засгийн газар, хууль тогтоох байгууллага, шүүх засаглал болон хууль хүчний байгууллагыг үндсээр нь солих нь түүний зорилго. Үүний тулд ээлжит бус сонгууль явуулархын төлөө тэрээр тэмцэж байгаа. Николас Мадурогийн тойрон хүрээлэгчид өдрөөс өдөрт цөөрч, түүний эсрэг иргэдийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байгаа. Иймээс түүний энэ дарангуйлал төгсгөл болох цаг ойртож байгаа гэж тэрээр саяхан хэлсэн нь бий.