Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг youtube.com сувгаар дүрс бичлэг үзэх үед “Момо” гэж эвгүй царайтай ийм амьтан гэнэт гарч ирж айлгах болсон нь эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа. 2-12 насны хүүхдүүдийн голдуу үздэг бичлэг, дуу, тоглоом киноны дундуур энэ Момо гэгч гэнэт гарч ирж элдэв даалгавар өгөх, амьтан алж буй, гараа зүсч буй, сэрээ залгууранд хийх, эм олноор уух зэрэг гаж дүрс үзүүлдэг байна. Англи хэлээр даалгаврыг биелүүлэхгүй бол өөрийг нь эсвэл аав, ээжийг нь ална гэж сүрдүүлэн, энэ талаар хэнд ч ам ангайхгүй байхыг сануулдаг Момо чэллэнж гэж нэрлээд буй энэ зүйл ямар учиртай вэ. Энэ талаар BBC агентлагийн нийтлэлд цагдаагийн ажилтны тайлбарласнаар энэ нь тухайн хүний мэдээллийг олж авах гэсэн хакеруудын үйлдэл гэнэ. Minecraft, Peppa Pig болон өөр олон хүүхдийн видеон дотроос гэнэт гарч ирдэг бөгөөд одоогоор Youtube үүнтэй тэмцэж өдрийн 400 аккаунт хааж аж.
Тэд хүүхдүүд рүү дугаар явуулан WhatsApp аппликэйшний бүртгэл дээрээ өөрийгөө нэмэхийг тулгаж үүний дараа элдэв хүчирхийллийн сэдэвтэй зураг, бичлэг илгээдэг байна. Эдгээр нь ихэвчлэн өөрийгөө гэмтээх, амиа хорлоход уриалсан өнгө аястай байгаа нь цагдаагийн байгууллага болоод эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа ажээ. Тэр ч бүү хэл яг одоо хутга аваад хоолойгоо зүс гэж тулгасан өнгө аястай аудио хүртэл хийж хүүхдүүдэд илгээсэн тохиолдол гарсан байна.
Хакеруудын ашиглаад буй “Момо” нь анх 2016 оны 8 сард үзэсгэлэнд тавигдсан, Японы аймшгийн кинонд зориулж Кэйсүкэ Айсавагийн хийсэн хүүхэлдэй. Зохиолоороо бол төрөхийн хүндрэлээс болж нас барсан, шувуу мэт хүн гэнэ. Үүний зураг Инстаграмд орсноор олон нийтэд тархаж яваад саяханаас бага насны хүүхдүүдрүү чиглэсэн Момо Челлэнж нэрээр интернэтэд үзэгдэх болсон байна. Япон дизайнер энэ чэллэнжтэй ямар ч холбоогүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байв.
2017 онд “Цэнхэр халим” нэртэй амиа хорлох, өөрийгөө гэмтээхийг уриалсан тоглоом нийгмийн сүлжээгээр тарж байсан. Энэ тоглоомооё болж ОХУ-д гэхэд 130 хүүхэд амиа хорлосон удаатай. “Момо” бол “Цэнхэр халим”-ын адил утгагүй нэг тоглоом. Магадгүй үүний дараа бас нэг иймэрхүү зүйл гараад ирэхийг үгүйсгэхгүй. Хүүхдүүд чаатаар ийм дарамт ирсэн тохиолдолд айж сандарч өгсөн даалгаврыг нь биелүүлэхээс аргагүй мэт санагдаж үгэнд нь орох аюултай гэж Хойд Ирландын цагдаа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд Аргентинд амиа хорлосон 12 настай хүүхдийн үхлийн энэ тоглоомноос болсон гэж үзжээ. Учир тэрээр нас барахынхаа өмнө амиа хорлохыг шаардсан бичлэг утсаараа авч үзсэн байж. Мөн Колумбид 16 настай хүү амиа хорлож нас барсныг “Момо”-той холбож үзэж байгаа юм байна. Одоо АНУ, Австрали, Англи, Ирланд зэрэг олон оронд энэ талаар шуугиж, цагдаагийн байгууллагаас нь эцэг эхчүүдэд хандсан сэрэмжлүүлгийг тарааж, анхааруулж байна.
Тухайлбал Ирландын цагдаагийн байгууллагаас
- Хүүхдүүдээ цахим орчинд юу хийж буйг анзаарах
- Өөрсдийн хувийн мэдээллээ цахимаар хэн нэгэнд өгч болохгүйг хүүхдүүддээ сайн анхааруулах
- Хэн ч байсан өөрийн чинь хүсээгүй зүйлийг хийлгүүлэх ёсгүйг ойлгуулах
- Момогийн талаар хэлж ийм зүйл тохиолдвол айж сандралгүй байх талаар сэрэмжлүүлжээ.
Мөн хүүхдүүд онлайн тоглоом, элдэв аппликэйшнуудад их анхаарлаа хандуулж үзэх болсон энэ үед эцэг эхийн зүгээс анхаарлаа улам сайжруулж анзааргатай байхыг сануулсан байна. Хүүхэд илүү нууцлаг, дуугүй болж, илүү их цагийг сошлд зарцуулж эхлэх, ойртож очих үед дэлгэцээ унтраах, интернэт ашигласны дараа уур уцаартай болох, утсан дээрээ олон танихгүй дугаар, мэйл хаягтай болох зэрэг шинж тэмдэгийг анзаарахгүй өнгөрч болохгүй гэнэ.
Хэдийгээр Момо нь англиар ярьдаг тул англи хэл мэдэхгүй бага насны монгол хүүхдүүд даалгаврыг нарийвчлан ойлгохгүй байж болох ч эвгүй зүс царай бүхий дүр зураг нь хүүхдүүдийг айлгах, мөн элдэв хүчирхийллийн дүрс, бичлэгүүд нь хүүхдүүдэд буруу сэдэл төрүүлж болзошгүй тул манай эцэг эхчүүд ч сэрэмжтэй байж, хүүхдүүдээ энэ талаар зөвөөр ойлгуулах нь зүйтэй биз ээ.
I take pleasure in, lead to I found just what I was taking a look for. You have ended my four day lengthy hunt! God Bless you man. Have a nice day. Bye