1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалыг бүхэлд нь судлах, дүгнэх ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат болон холбогдох бүх байгууллагын төлөөлөл багтжээ.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барих  ямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Үүний дараа төрийн өмчийг хувьчлах хамгийн зөв, оновчтой гаргалгааг төр гаргах хэрэгтэй байна. Төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа. Харин өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг давтах эрсдэл үүсэхээс болгоомжилж тусгайлан ажлын хэсэг байгуулж байгаа юм” хэмээн ажлын хэсгийн зорилгыг тодорхойлсон юм. Мөн “Монгол Улс нийтдээ 928 обьектыг иргэддээ менежментээр, цэнхэр, ягаан тасалбар тарааж хувьчилсан байна. Эдгээрийг нэг бүрчлэн шалгаад үр дүнг нь тооцож гаргах шаардлагатай байна. Өнөөдөр байгаа нь хэд байна, байхгүй нь хэд байна, аль нь ашигтай ажиллаж байгаа, аль нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байна, үүний шалтгаан нь юу вэ гэх зэргээр бүх зүйлийг нарийвчилж дүгнэх шаардлагатай” гэлээ.

2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүрэн хувьчлагдах болон төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар Монголын Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нэр бүхий 27 компанийг багтаасан байгаа юм. Үүнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх товтой байгаа ч ЗГХЭГ-ын даргын томилсон тус ажлын хэсгийн дүгнэлт гартал хэлэлцүүлэхээс түр түдгэлзүүлж байгаа юм байна. Өмч хувьчлалын үр дүнг тооцсон бодит судалгаанд  суурилж, төрийн өмчит компаниудыг хувьчлах дараагийн оновчтой гаргалгаа, эрх зүйн зөв зохицуулалт, бусад орнуудад төрийн өмчөө хэрхэн хувьчилдаг туршлага зэргийг тодорхой болгосны дараа Монгол Улсын төр өмчөө олон нийтэд нээлттэй, иргэдэд ил тод хувьчлах нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үзэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын...

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ...

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн...

Тоглоомон гар буу гаргаж танхайрсан иргэнийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 03 дугаар сарын...