Д.Мягмарсүрэн: Цахим орчин дахь сөрөг мэдээлэлд хүүхдүүд ихээр өртөж байна

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-“Цахим орчныг зөв болгоё” аяны хүрээнд иргэд, олон нийтэд ямар мэссэж өгөхийг зорьж ажиллаж байгаа вэ? 

-ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтранухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг энэ сарын 01-ээс эхлүүлээд явж байна. Тус аян нь цахим орчинд зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна.

Монгол Улс нийт 2,9 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компаниас мэдээлсэн. Энэ хэрэглээгээ дагаад гэмт хэрэг, зөрчлийн тоо болон иргэн, аж ахуй нэгж байгууллагууд гадаад улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөх тохиолдлууд өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.

Ялангуяа цахим орчинд залилах, хүчирхийлэл, садар самууныг хууль бусаар сурталчлах, бусдын нэр хүндийг санаатайгаар бүлэглэн гутаах, доромжлох, цахим банк, данс руу нь хууль бусаар нэвтрэх, хувийн мэдээллийг нь ашиглах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хэргүүд ихээр гарч байна.

Тиймээс өнгөрсөн 9 дүгээр сард Фэйсбүүк компанийн төлөөллүүд манай улсад албан айлчлал хийсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

-Кибер гэмт хэргийн онцлог, өмнөх онтой харьцуулахад хэр хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна вэ?

-Кибер гэмт хэргийн хувьд цахим хэрэглээгээ даган өсөж, илүү нарийн төвөгтэй, шинэ төрлүүдтэй хувирч байгаа бөгөөд түүнийг ул мөргүй арилгах ямар ч боломжгүй.

Харин хууль тогтоомж, цогц арга хэмжээнүүдийг үр дүнтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Кибер гэмт хэрэг нь үндэстэн дамнасан хил хязааргүй үйлдэгддэг онцлогтой. Манай улсад цахим орчныг ашиглаж үйлдсэн гэмт хэргийг сүүлийн 3 жилийн үзүүлэлтээр харахад 2015 онд 83, 2016 онд 136, 2017 онд 299 хэрэг бүртгэгдсэн бол энэ жилийн хувьд эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

-Цахим орчинд хууль бус үйлдэлд ихээр өртөгдөж буй хэсэг бол хүүхэд, өсвөр үеийнхэн байна гэж албаныхан мэдээллэж байсан?

-Манай улсын 13-20 насны хүүхэд, залуучуудын 90 гаруй хувь нь фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл яг энэ насныхныг гэмт этгээдүүд байгаа болгох хэргүүд гарсаар байна. Бид цаг алдалгүй илрүүлэн шалгаж арга хэмжээ авч байна. Тухайлбал, сэжигтэй этгээд “Н”-ний 2018 оны 08 дугаар сард ашиглаж байсан компьютер, гар утсыг хураан авч, үзлэг, шалгалтыг хийхэд 193.086 илэрц гарч ирснээс фэйсбүүк болон бусад сайтаас татаж авсан 1032 ширхэг садар самуун агууламж бүхий зураг, дүрс бичлэг агуулж байсныг илрүүлэн шалгаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд “Фэйсбүүк” болон олон нийтийн сүлжээгээр “Х сургуулийн Х-үүд” гэх групп хаяг нээн охидын зургийг тавих, зургаар нь дамжуулан олон нийт рүү доромжилсон хэлбэрээр түгээх, гадуурхах явдал ихсэж улмаар гэмт хэргийн хохирогч болж болзошгүй байдал үүсдэг. Ер нь цахим орчинд явж буй элдэв хуурамч, сөрөг мэдээлэл, үйлдлүүдийн гол хохирогч нь хүүхэд, залуучууд байдаг. Тиймээс иргэд, олон нийт цахим орчинд зүй зохистой хэрэглээг бий болгож, таны түгээж буй аливаа мэдээллийг хүүхдүүд харж байдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй.

“Цахим орчныг зөв болгоё”  аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм.

-Хүүхдийг гэмт хэргийн золиос болгохгүйн тулд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, зөв хүмүүжил, дадлыг олгоход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал. Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахад төрийн байгууллагууд, цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх, боловсролын байгууллагыг соён гэгээрүүлэх гэх мэт олон төрлийн ажлуудыг хийж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь эцэг эхчүүдэд төдийлөн сайн хүрэхгүй байна. Хувь хүн өөрийнхөө хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Үүнийг л эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй байна.

-Сүүлийн үед технологийн хөгжлөө дагаад албан байгууллага, хувь хүний мэдээлэл рүү халдах тохиолдол их гарах болсон. Энэ талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Кибер гэмт хэрэг нь дэлхий дахинд учруулж болох хор хохирол, аюул заналын түвшингөөр терроризмын аюул заналаас илүү бодит эрсдэлийг бий болгож байгааг бид онцгой анхаарах шаардлагатай. Сүүлийн үед гэмт этгээдүүд иргэдийн ухаалаг гар утас руу чиглэсэн мэдээлэл олзлох аргуудыг түлхүү ашиглаж байна. Энэ төрлийн халдлагыг иргэдийн фэйсбүүк хаяг болон интернэт банк руу чиглүүлж байгаа нь бүртгэгдэж шалгагдаж байгаа гэмт хэргүүдээс ажиглагдаж байна.

Мөн гэмт этгээдүүд аж ахуй нэгж байгууллагын хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтэрч хадгалагдаж байгаа мэдээллийг устгах, хуулбарлан авах байдлаар халдлага хийж, мэдээллээ сэргээлгэхийг хүсвэл 0.2 биткойн нэхэх зэргээр гэмт хэргүүд ч бүртгэгдэх боллоо.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага мэдээллийн нууцлалыг чанд сахих, нууц үгээ байнга солих, олон улсад харьцаж буй хамтрагч түншийнхээ цахим хаяг, и-майлыг тогтмол шалгах, баталгаажуулах, дан цахимаар харилцахаас илүүтэй утсаар ярьж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Хуурамч сайт, линк, аппликейшн руу орохгүй байхыг анхааруулж байна. Цахим халдлагад өртсөн тохиолдолд манай цагдаагийн хэлтэст мэдэгдэж шалгуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдэхээр бэлтгэж байгаа тохиолдолд манай хэлтэстэй хамтран ажиллана уу гэж хэлмээр байна. Мөн өөрийн цахим орчиноо аюулгүй байлгахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлж хэвшүүлэх шаардлагатай, ингэснээр өөрийгөө болон гэр бүлээ гэмт халдлагаас хамгаална.

Аюулгүй интернэт хэрэглэх зөвлөгөө:

  1. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх. Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он сар өдөр гэх мэт

2. Үл таних хүмүүс өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх. Өөрийн болон гэр бүл найз нөхдийнхөө аюулгүй байдлын  төлөө зураг бичлэгээ гэмт этгээдүүдийн гарт оруулж болохгүй.

3. Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх. үсэг, тоо орсон, олон оронтой  нууц үг хэрэглэж байх шаардлагатай.

4. Интернетээс сэжигтэй элдэв программ, файл татан авч өөрийн компьютерт суулгахгүй байх.  Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.

  1. Таны и-мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мэссэж, хүсэлт ирсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд буюу мэргэжлийн хүнд заавал мэдэгдэх.
  2. Аж ахуйн нэгж байгууллага, иргэн гадаад гүйлгээ хийхдээ тухайн аж ахуйн нэгжийн данс нь үнэн бодитой эсэхийг заавал утсаар холбогдон лавлах. Албан ёсны эрхтэй програм хангамж техник хэрэгсэл ашиглах шаардлагатай.
  3. Фэсбүүк, твиттер, инстеграм болон бусад цахим хэрэгслээр ах, дүү, хамаатан садан, найз нөхөд чинь мөнгө гуйж байвал заавал утсаар холбогдох юм уу, цахимаар дүрсээ харан холбогдож үнэн эсэхийг нь шалгах хэрэгтэй.
  4. Хамгийн том хамгаалалт бол энэ төрлийн гэмт халдлагад өртөхгүйн тулд хувь хүн өөрөө мэдлэг мэдээлэлтэй байж энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадна.
Эх сурвалж: ЦЕГ
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...