Орчин үеийн дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага буюу ногоон хот

Даяаршлын өнөө үед хүн төрөлхтний оршин тогтнох үндсэн нөхцөл болсон цаг агаар, байгаль дэлхий, хүрээлэн буй орчин ихээхэн өөрчлөгдөж дэлхийн хүн амын өсөлт, түүний төвлөрөл, хотжилт нь ихээхэн сөрөг үр дагаврыг бий болгож байгаа тул хязгаармагдмал нөөц баялагаа хамгаалах, зөв зохистой ашиглах явдал бүх нийтийг хамарсан глобал асуудал болоод байна.

2006 онд НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн асуудал хариуцсан албанаас гаргасан “Дэлхийн хотжилтын төлөв байдал” (World Urbanization Prospects) илтгэлд “Хүн амын төвлөрөл хотжилтын өсөлт нь 2030 онд нийт хүн амын 60 хувь буюу 4 тэрбум 900 сая болно” гэж (World Urbanization Prospects, 2006)  тооцоолсон байна. Норвөгийн эрдэмтэн  Жоргөн Рандөрс  “Даян дэлхийн тухай ирэх дөчин жилийн таамаглал” (A global forecast for the next forty years) бүтээлдээ “2050 онд дэлхийн хүн амын 80 хувь нь хотод амьдрах  бөгөөд хотжилтын өсөлт нь хүрээлэн буй орчны доройтлыг ихэсгэж, суурьшил болон хог хаягдлаас үүдэлтэй агаар, хөрс, усны бохирдлыг ихээхэн нэмэгдүүлнэ” гэж үзсэн байдаг (Randers, 2012). Өнөөдөр хүн амын хэт их төвлөрөл, ядуурал, газар хөдлөлт, үер усны гамшиг, ган гачиг, хар ба шороон шуурга, агаар, хөрсний бохирдол, усны гачигдал, биологийн төрөл зүйлийн хорогдол, далайн усны түвшин нэмэгдэл, эх газрын болон далайн цөлжилт, ой хээрийн түймэр гэх мэт байгалийн сорилтууд хүн төрөлхтний өмнө тулгарч байна.

Эдгээр шалтгаанууд нь экологийн аюулгүй, байгальд ээлтэй хөгжлийг бий болгоход дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага болж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны олон салбар ухаанд тухайлбал, олон улс судлал, олон улсын харилцаанд  ногоон онол, түүн дээр суурилсан үзэл баримтлалуудыг тусгайлан судлах явдал эрчимтэй хийгдэх болсон билээ.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын хотын ногоон хөгжлийн бодлого, хэрэгжилт, чиг хандлагыг олон улс судлалын хүрээнд судлах нь чухал ач холбогдолтой болсон билээ.

Ногоон онолын судалгаа нь хүн төрөлхтний оршин тогтнохын үндэс болсон хүрээлэн буй орчны хямрал, нөөцийн хомсдол, хязгаарлагдмал байдал бий болсонтой холбоотойгоор эрчимтэй хийгдэх болсон байна.

Аж үйлдвэр үйлдвэржилтын хөгжлийн үеээс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн байгалийн нөөцийг хязгааргүй гэж үзэн, аж үйлдвэр, техникийн хувьсгалыг хөхүүлэн дэмжиж, үйлдвэрлэлийг эрэлтийн хэрээр нийлүүлэхийг зорьж байсан. Гэтэл энэ үйл явц нь дэлхийн эдийн засгийн уналт болон байгаль орчин, экологийн доройтол, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийг бий болгосон ба Норвеги улсын эрдэмтэн Ж. Рандерсын бичсэнээр “уур амьсгалын мужлал 200 км хүртэл хойд чиглэлд шилжих таамаглалтай байгаа тул түүнийг дагасан халуун уур амьсгал, халуун бүсийн амьтан, ургамлын шилжилт, шороон шуурга, агаарын хэт хуурай халалт зэрэг нь хотын амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж байна” байна (Randers, 2012).

Өнөөдөр хүн амын хэт их төвлөрөл, ядуурал, газар хөдлөлт, үер усны гамшиг, ган гачиг, хар ба шороон шуурга, агаар, хөрсний бохирдол, усны гачигдал, биологийн төрөл зүйлийн хорогдол, далайн усны түвшин нэмэгдэл, эх газрын болон далайн цөлжилт, ой хээрийн түймэр гэх мэт байгалийн сорилтууд хүн төрөлхтний өмнө тулгарч байна.

Ийнхүү дэлхийн хүн амын хэт өсөлтөөс үүдсэн хот тэлэлт болон эдийн засгийн өсөлт нь байгаль орчин дахь ачааллыг нэмэгдүүлж буй өнөөгийн нөхцөл байдал нь ногоон онолын үүсэл хөгжлийн үндэс болсон гэж үзэх боломжтой бөгөөд дэлхийн эрдэмтэн, судлаачид байгалийн нөөцийн доройтлыг бууруулах, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг хангахын тулд ногоон онолын судалгааг эрчимтэй хийх шаардлага бидний өмнө тулгарч  байна.

Ногоон онол (Green theory) нь олон улсын харилцаа, хүрээлэн буй орчин, даяаршил судлал, байгаль орчны аюулгүй байдал зэрэг олон шинжлэх ухааны зааг солбицол дээр хөгжиж буй харьцангуй шинэлэг судалгаа бөгөөд түүнийг “байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн харилцан хамаарлын асуудлуудыг үүсгэдэг бөгөөд хүн төрөлхтөн, байгаль орчин, хүний хөгжилд чиглэсэн цогц, зохицуулалт бүхий хөгжлийг дэмжих үзэл баримтлал” гэж толь бичигт (wikipedia ) тодорхойлсон байдаг бол эрдэмтэн судлаачид ногоон онол, түүний үүсэл хөгжлийн шалтгааныг дараах байдлаар судалсан байдаг байна.

Ногоон онол нь байгаль орчны асуудлууд, нийгэм, эдийн засгийн харилцан хамаарлын асуудлуудыг үүсгэдэг бөгөөд хүн төрөлхтөн, байгаль орчин, хүний хөгжилд чиглэсэн цогц, зохицуулалт бүхий хөгжлийг дэмждэг бөгөөд экосистемийн эрүүл байдлыг чухалчилдаг энэхүү үзэл баримтлал нь хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын урьдчилсан нөхцөл гэж үзэх ба харин хүн төвт үзэл нь зөвхөн богино хугацаанд хэрэглэж буй байгалийн нөөцийг тооцоолж үздэг. Энэхүү ялгаатай байдал ногоон онолын гол цөм” гэж үзсэн байдаг юм (Dyer, 2017).

Канад улсын эрдэмтэн Дэвид Сузукигийн 2014 онд гаргасан “Ногоон гарын авлага” (David Suzuki’s Green Guide)-д “хувь хүн өөрийн гэр орон, өдөр тутмын амьдралын дадал зуршил, хэрэглээнд ногоон амьдралын хэв шинжийг бүрдүүлэх”  хэрэгтэйг онцолжээ (Suzuki, 2014).

Ийнхүү судлаачдын судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг шинжлэн үзэхэд тэд ногоон онол болон экологи төвт үзлийг адилтган ойлгож, байгаль, өртөнцийн эко систөмийг бүрэн цогцоор авч үзсэн байна. Тэд ногоон онол нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн биө биөнээсээ хамааралтай хөгжлийн динамик систөм.

Тиймээс ногоон онол нь хүн төрөлхтнийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хүргэх зорилгоор байгалийн нөөцийг хэмнэх, ашиглах үр ашгийг дээшлүүлэх, цэвэр технологийн үйлдвэрлэл, аливаа эд матөриалыг дахин ашиглах, дахин боловсруулж, хүн төрөлхтний хэт их хэрэглээнээс зохистой хэрэглээнд шилжүүлэх үзэл баримтлал бүхий байнгын тогтвортой хөгжлийн цогц, зохицуулалтыг ойлгож болох юм.

Иймд бид ногоон онол нь хөгжлийн шинжлэх ухааны хэтийн төлөв бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдлыг харилцан хамааралд нь судалдаг, ирээдүйн нөөцийг хязгаарлахгүйгээр өнөөдрийн нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн хөгжлийн сургааль юм гэж үзэж болох юм.

 

Нөгөөтэйгүүр ногоон хөгжлийн сорилтууд нь зөвхөн байгаль орчны бодлогыг өөрчлөхөөс гадна хөгжлийн бүтэц, загварт хандлагын  өөрчлөлт үүсгэх тул хувь хүний өөрсдийн сонголтоо хянах, түүнийг өөрчлөхөд чиглэдэг байна. Тиймээс ногоон онолын хөгжил нь эдийн засгийн тооцоолол эсвэл экологийн шинэ төлөвлөлтийг эрэлхийлэх бус харин хүмүүсийн байгаль орчинтой харьцах харьцаа, амьжиргааны түвшин, чадавхыг дээшлүүлэх замаар хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх оролдлогууд юм.

Ногоон онол дээр  үндэслэсэн бас нэг ойлголт болох ногоон хот (green city) гэдэг нь эрчим хүч, дулаан, ус хангамж, харилцаа холбоо, нийтийн тээврийн ухаалаг дэд бүтэц, хог хаягдлын оновчтой менежмент бүхий хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан хот, сууринг ойлгож болох юм.

Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас буюу 3.5 тэрбум орчим хүн хотуудад төвлөрөн суурьшиж байгаа бөгөөд ДНБ-ний 75 орчим хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 70 орчим хувийг бий болгодог ба  2050 он гэхэд дэлхийн хүн амын 65-75 хувь (6.5 тэрбум) нь хотуудад амьдрах таамаглал байгаа бөгөөд  хүн амын энэхүү хэт төвлөрлийн гол шалтгаан нь илүү сайн ажил олох боломж, илүү сайн нийгмийн үйлчилгээ хүртэх боломж, нөгөө талаас хөдөөгийн хүнд хэцүү амьдрал, эдийн засгийн сул тал зэрэг болж байна.

Хүн амын хэт их төвлөрөл, хотуудын эрчимтэй тэлэлт, байгаль орчны доройтол нь ногоон хотын хөгжлийн тухай асуудал гарч ирэх шалтгаан болж байна.

Дэлхийн хотууд нь хүн амын нягтрал, эдийн засгийн идэвхтэй төвүүдийн хувьд олон улсын байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн ногоон хөгжлийн өсөлтийг хангахад гол анхаарлаа хандуулж байна.

 Дэлхийн ихэнх хотууд хөгжлийн уламжлалт хэлбэрээ хадгалан хөгжиж буй боловч байгаль орчин, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах зорилгоор ногоон хөгжлийг сонгох хэрэгцээ үүссэн (GGBP, 2014).

1972 онд НҮБ хуралдаж, 1980-аад оноос улс орнуудад ногоон улс төрийн хандлага болон олон нийтийн байгууллагууд гарч ирсэн бөгөөд улмаар 1990-ээд онд энэхүү үзэгдэл нь олон улсын харилцаанд цоо шинэ зарчим болсон тухай тодорхойлсон.

Учир нь байгалийн баялаг олборлолт үүнээс үүдэлтэй байгаль орчны доройтол нь орон нутгийн эсвэл олон улсын гэж ялгадаггүй, ус, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт нь хил хязгааргүйгээр газар нутаг, хүн амыг хамарч байдаг.

Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа  чухал үүрэгтэй.

Дэлхийн хүн амын өсөлт, түүнтэй холбоотой хотжилт тэлж байгаа нь нэг талаас боломж боловч нөгөө талаас олон сорилтуудыг үүсгэж байгаа бөгөөд хотын ногоон хөгжил, байгаль орчин, нийгмийн асуудлуудыг шийдэхэд ихээхэн бэрхшээл учирч байгаа тул НҮБ-ын зүгээс дэлхийн хотуудын ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж байна.

Тухайлбал 2015 оны 9 дүгээр сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 4 дүгээр бүгд хуралдаанаас 17 зорилт бүхий Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт хотын ногоон хөгжлийг хангахаар тусгагдсан зорилтуудыг  сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, экологийн цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, агаарын чанар, хог хаягдлын менежментийг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, хот болон хөдөө орон нутаг хоорондын эдийн засаг, нийгэм, байгаль орчны эерэг холбоог бэхжүүлэх, улс орны байгалийн гамшиг, уур амьсгалтай холбоотой гамшигтай тэмцэх, дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгах зэрэг зорилгууд нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна.

Мөн Франц улсын Парис хотноо 2015 онд хуралдсан НҮБ-ын COP21 Талуудын бага хурлаас “Парисын гэрээ” баримт бичгийг баталсан бөгөөд тус баримт бичгийн дагуу хөгжингүй болон хөгжиж байгаа орнууд ижил үүрэгтэй байхаар тусгасан ба үүнд дэлхийн 450 хотууд нэгдэж,  карбоны бага ялгаралтай тээвэр, эрчим хүчний хэмнэлттэй байшин барилга, сэргээгдэх эрчим хүч хэрэглэх зэрэг ногоон хотын хөгжлийн загварыг сонгон хөгжих шийдвэрт хүрсэн.

Дэлхийн хотуудын туршлагаас харахад ногоон хот төлөвлөлтийг судалгаа, шинжилгээ, техник технологийн шинэчлэлээс бүрдэх ба эдгээрийг олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагаа, судалгаа, шинжилгээ, ногоон эдийн засгийг дэмжсэн бодлого, төлөвлөлтөд ихээхэн анхаарч, боловсрол, сургалт, семинар, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармаг, уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа санаачилгатай ажиллах, улс төрчид болон олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих замаар хэрэгжүүлж байна.

  Тиймээс дэлхийн хотуудын ногоон хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж буй дэвшилтэт туршлагыг өөрийн улсын онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн нэвтрүүлэх, нутагшуулах, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь хамтын нийгэмлэгийн нэгэн хэсгийн хувьд бус нутаг, олон улсын хамтын ажиллагаанд идэвх санаачлагатай оролцох нь ихээхэн ач холбогдолтой болох юм.

Монголын хотуудын ногоон хөгжил, бодлого судалгаа шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн доктор Т. Бат-Эрдэнэ

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...