Хүн төрөлхтөн олон зуун жилийн тэртээгээс согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах олон янзын аргыг хэрэглэж ирсэн түүхтэй. Улс үндэстэн өөрсдийн өв соёл, уламжлалдаа тулгуурлан согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг торгох, хорих, цаазлах зэргээр арга хэмжээ авч ирсэн байна.
- Их засаг хуулинд ажил албандаа анхны удаа согтуу ирвэл тэр өдрийн барьсан зэвсгээр торго, хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор нь торго, гурав дахь удаагаа болвол мөчий нь огтол, дөрөв дэх удаагаа бол уул нутгаас зайлуул гэсэн байдаг. XYIII зууны үед бол гэлэн хүн архи уувал 3 мориор, гэцэл хүн архи уувал 2 мориор, банди хүн архи уувал 1 мориор, хиа лам нар, хаалгач ууваас 2 мориор тус тус баалан торго. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” гэсэн байдаг.
- АНУ-д 1920 оны нэгдүгээр сарын 16-нд улс орон даяараа архийг хориглох “Хуурай” хууль хүчин төгөлдөр болсон байна. Архи, согтууруулах ундааг газар, ус, агаарын хилээр импортлохыг хориглосон байна. Үүнээс болж контрбанд /хууль бусаар хил нэвтрүүлэх/, нууц баар ажиллуулах, нэрмэл нэрж худалдаалах гээд хууль бүс асуудлууд тэр дороо л ихэсчээ. 1933 оны 12 дугаар сарын 5-нд Үндсэн хуулийн 21-р нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолоор энэхүү архийг хориглосон “Хуурай хууль”-ийг хүчингүй болгосон билээ.
Саяхныг хүртэл архидан согтуурах явдлыг хувь хүний ёс суртахуунтай холбон тайлбарладаг байжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд согтууруулах ундааны хэрэглээг хүний эрүүл мэндтэй хамруулан ойлгох болжээ. Ингээд олон улсын өвчний 10 дугаар ангилал буюу сэтгэц, зан үйлийн эмгэгийн төрөлд бүртгэсэн юм. (Архины шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F10)
Дэлхийн олон оронд нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж ажилгүйдэл, ядуурал, байгалийн гамшиг, гэнэтийн осол, гэр бүл, байгууллага, хамт олон, хүмүүсийн хоорондын зүй бус харилцаа, хүчирхийлэл бүхий таагүй орчин зэргээс шалтгаалан иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд илүүтэй хямарч, архидан согтуурах явдал улам бүр газар авч, архины хэрэглээ ба түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.
Архи хэтрүүлэн хэрэглэх эрсдэлт зан үйл, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай өвчтний тоо дэлхийн олон оронд өсөн нэмэгдэж, улмаар улс үндэстний аюулгvй байдал, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг бууруулах талаар шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа зөвлөмж болгон хүргүүлсэн юм.
Олон улсын туршлага ололт амжилтаас авч үзэхэд хүн амын дундах согтууруулах ундааны хэрэглээг багасгах хамгийн үр нөлөө бүхий арга зам нь:
Нэгдүгээрт: Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд оновчтой хувилбараар хяналт тавих:
Хоёрдугаарт:Согтууруулах ундааны хортой хэрэглээний талаарх иргэдийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх:
Гуравдугаарт: Архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн 3 цогц үйл ажиллагаанд тулгуурласан байна.
Нэгдүгээр арга замын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна.
- Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд ноогдуулах татварыг нэмэгдүүлэх
- Үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлэх
- Согтууруулах ундааны хатуулаг, савлагааг багасгах
- Насанд хүрээгүй иргэдийг согтууруулах ундаа худалдан авах боломжгүй болгох
- Согтууруулах ундааны аливаа хэлбэрийн зар сурталчилгааг радио, телевизээр явуулахыг хориглох
- Үйлдвэр, үйлчилгээний газруудыг камержуулж хяналт тавих
Хоёрдугаар арга замын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна.
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбараар дамжуулан архидан согтуурах эрсдэлт зан үйлийн талаар мэдлэг олгох тогтолцоог бүрдүүлж өгөх
- Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа явуулах боловсон хүчнийг бэлтгэх
- Сэтгэцийн болон донтох эмгэгийн чиглэлээр зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулах
- Урлаг, спорт, танин мэдэхүйн дугуйлан, бүлгэмээр дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхнийг хорт зуршлаас ангид эрүүл аж төрөх зан үйлд сургах үйл ажиллагааг зохион байгуулах
Гуравдугаар арга замын хүрээнд дараах зохицуулалтыг хийсэн байна.
- Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, донтолтын зөвлөх зэрэг боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх
- Архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдийн тоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх
- Архины хамааралтай хүмүүсийг эмчлэх эмчилгээний арга зүйг эрх зүйн баримт бичигт тусгах
- Архины эмчилгээний анхан шатны тусламж үйлчилгээголон улсын стандартын дагуу 90 хоногийн хугацаанд үзүүлэх
- Эмчилгээний эцсийн үр дүнг 24 сар буюу 2 жилийн дараа тооцоолох
- Согтууруулах ундаа хэрэглэж захиргааны хариуцлага хүлээсэн иргэдийг зан үйлийг өөрчлөх албадан сургалтанд хамруулах
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх буюу ноогдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, архины хор хөнөөлийн талаар мэдлэг олгох албадан сургалтанд хамруулах
- Согтуугаар гэмт хэрэг үйлдэн хорих ялаар шийтгэгдсэн иргэдийн зан үйлийг өөрчлөх сэтгэл заслын хөтөлбөрийг хорих байгууллагуудад нэвтрүүлэх
- Эмчилгээний дараах үе шат буюу нийгмийн халамжийн системийг боловсронгуй болгох