Нүүрс ус агуулсан хүнснээс бүрмөсөн татгалзаж цагаан будаа, гурил төмс зэргийг идэхээ байчихвал л турна гэж ойлгодог хүн олон бий. Япон улсад “Нүүрс ус хүн төрөлхтөнг мөхөөнө” хэмээх номыг эмч Нацуй Макатоши бичиж өөрөө нүүрс ус хэрэглэхээ больсноос хойш хагас жилийн хугацаанд 11 кг турж, нойргүйдэл, цусны даралт ихсэх өвчнөөс бүрэн салсан гэж бичиж байв. Гэвч хүн яг ингэж нүүрс усыг хоолноосоо ор тас хасах нь удаан хугацаандаа эрүүл мэндээ хорлож буйтай ялгаагүй гэнэ.
Энэ нь нуугдмал таргалалтад хүргэдэг
Учир нь нүүрс ус нь тархийг энергиэр хангагч үндсэн бодис болох глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд бөгөөд хэрэв хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, ажиллагаа нь эрс сулардаг байна. Хүн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нийт илчлэгийн 20% нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Нүүрс ус нь мөн бие дэх устай нэгдэн булчинг бүрдүүлэгч гликогенг үүсгэнэ. Харин нүүрс ус бүхий хүнс хэрэглэхгүй тохиолдолд бие махбод булчин дахь гликогенг задлан, тархины тэжээлийн бодис глюкозыг үүсгэнэ. Иймд булчингийн жингийн хамт биеийн жин багасч турсан мэт харагдах боловч биед агуулагдах өөхний хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж, нуугдмал таргалалтад хүргэдэг байна.
Нүүрс ус бага хэрэглэдэг эрчүүдийн нас баралт 1.5 дахин их байжээ
Харвард болон Индонезийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд хамтран, 1980-аас 2006 оны хооронд 130 гаруй мянган хүнийг хамруулан хийсэн судалгаагаар нүүрё ус хязгаарласан ийм турах аргачлал үндэслэлгүй болохыг харуулсан байдаг. 20 гаруй жил үргэлжилсэн судалгаагаар нүүрс ус бага хэрэглэдэг эрчүүдийн нас барах эрсдэл ердийн хэрэглээтэй эрчүүдээс 1.5 дахин их байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 1.35 дахин илүү байгаа нь тодорхой болсон байна. Нүүрс усны бага хэрэглээ бүхий хүмүүсийн хувьд хорт хавдар болон зүрх судасны өвчлөл онцгой нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болжээ. Судалгаагаар хоол тэжээлийн зохистой баланс алдагдах нь хүнд өвчинд нэрвэгдэж, улмаар харьцангуй эрт нас барахад хүргэдгийг нотлосон байна.
Нүүрс усыг яаж хэрэглэх ёстой вэ?
Тэгэхээр эндээс ойлгож авах хамгийн чухал зүйл бол нүүрс усны хэрэглээгээ зохистой хэмжээнд барих юм.
Хоол хүнсэндээ хэрэглэх нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 50-70 хувь байхаар тооцож, амьтны гаралтай уураг, өөх тос агуулах хүнсний хэрэглээг багасан, ургамлын ширхэгт бүхий хүнсний ногоо, ургамлын гаралтай уураг хэрэглэх нь эрүүл амьдарч, урт наслахад туслана. Харин турах, жингээ барих хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших явдал билээ. Мөн хоол тэжээлийн балансыг эвдэлгүйгээр нийт илчлэгийн хэмжээг бууруулах нь үр дүнтэй арга юм.