Японы баруун өмнөд хэсгийн Хирошима, Окояама, Эшима зэрэг бүсүүдэд өнгөрсөн сарын эхнээс эхлэн 10-аад хоног үргэлжилсэн гэнэтийн аадар борооны улмаас үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. 2018 оны 7 сарын 13-ны өдрийн байдлаар нийт 16 бүс нутгуудад 187 хүн нас барж, 67 хүн сураггүй алга болоод байна. Мөн хүчтэй бороо, хөрсний гулгалтын улмаас 255 мянган барилга байгууламж, зам талбай эвдэрч сүйдэн, гэр оронгүй болсон 5500 иргэнийг түр байранд байрлуулаад байгаа юм.
Монгол Япон хоёр орон олон жилийн түүхэн найрсаг харилцаатай, Японы ард түмэн Монголын ард түмэн бидэнд олон талаар, цаг ямагт тусламжийн гараа харамгүй сунгасаар ирснийг бид мартах учиргүй билээ.
Иймээс Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох
• Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг,
• Халуун Сэтгэл in Japan,
• Япон дахь Монгол Оюутны Холбоо,
• Япон дахь ээжүүдийн групп,
• Өвөр Монголын “Нутгийн бараа”,
• Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүлсэн.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч, ажиллаж буй болон нийт сайхан сэтгэлтэй монголчууд та бүхнийгээ хүнд цаг үеийг туулж байгаа Японы ард түмэнд туслах энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалсан билээ.
Аянаа эхлүүлснээс хойш 7 хоногийн хугацаанд маш олон хүн, холбоо байгууллага нэгдэн нийлж нэг баг болж ажиллаж чадлаа.
Аянаа 3 нөхцөлтэйгөөр зохион байгуулсан.
* Мөнгөн хандив (Монголд болон Японд)
* Тусламжийн эд материал (Японд)
* Газар дээр нь очиж ажиллах баг бүрдүүлэх.
Мөнгөн хандивыг Хоккайдо-Монгол Харилцааны Нийгэмлэг(ХМХН) маань өөр дээрээ хүлээн авч гардан зохион байгуулж аян маань маш олон хүмүүст хүрч хүн болгон сэтгэлийнхээ хандивыг өргөж, олон олон байгууллагууд холбогдсон. Мөн Монголоос нэг тонн гаруй ундаа жүүс явуулмаар байна аа гэж хүртэл холбогдсон шүү.
Мөн бид бүхний аянтай зэрэгцээд гурван өдрийн хугацаанд “Далайд Дусал” группын хамт олон маань хандивын аян өрнүүлсэн байгаад НЭГДЬЕ, ХАМТАРЪЯ гэж холбогдоход маш их баярласан шүү. Ямар нэгэн нэр хүнд ашиг хонжоо харалгүйгээр нэгдэн нийлж хамтдаа маш том зүйлийг бүтээхэд их хувь нэмэр орууллаа. Бусад хамтарсан холбоо байгууллагууд маань өөрсдийн хэмжээнд чадах чинээгээрээ уриалан маш идэвхтэй ажиллацгаасан юм.
7 хоногийн хугацаанд Монголд болон Японд амьдарч буй монголчуудаас маань цугларсан хандив нийт 377,500 иен болсон юм.
• Хандивын дэлгэрэнгүй тайланг хүсвэл та энэхүү бичлэгээс үзэж танилцаарай.
https://www.facebook.com/hokkaidomongolia/videos/493905081063278/
Хирошима хотын захирагаатай холбогдон газар дээр нь очиж туслахаар болж сайн дурынхныг Япон дахь Монгол Оюутны Холбоо (ЯМОХ) маань гардан авч маш хариуцлагатайгаар хүмүүсийн бүртгэлийг явуулсан. Нийт “Халуун сэтгэл in Japan” ТББ болон ЯМОХ ын гишүүдээс гадна сайн дураараа нээлттэй бүртгэлд хамрагдсан нийт 20-иод залуусаас бүрдсэн баг бүрдүүлж чадсан юм.
Хамгийн бахархууштай зүйл нь Хакухо аварга маань бид бүхний автобусыг түрээслэн өгч залууст маш том урам зориг өгөөд аян замд минь үдэн гаргаж өгсөн юм. Мөн Хакухо аваргын Осака болон Нагоягийн фэн клубээс хандивт цэвэр ус 1500 ширхэг, бэлэн гоймон 14.000 ширхгийг хүлээлгэж өгхөөр болсон юм.
Ингээд бид бүхэн маш олон хүмүүсийн итгэл найдвар, сэтгэл зүрхийг өвөртлөн аян замдаа гарцгаалаа.
7 сарын 21-ний өдөр
Биднийг боомт дээр Хакухо аваргын Хирошима хот дахь фэн клубын ахлагч Андо (安藤) угтан аван хичээгээрэй хэмээн үдэн гаргаж өгсөн юм. Усан онгоцоор арал руу хөдөлцгөөлөө. Энэхүү арлын хохирлын хэмжээ нас барсан хүн байхгүй боловч маш олон байшин барилга болон зам сүйдсэн, уулын шороонд дарагдсан байдалтай байлаа. Нийт оршин суугчдийн 50-иас дээш хувь нь 65-аас дээш насны иргэд эзэлдэг арал юм. Ниношима арал дээр Дэлхийн 2-р дайны дараахан буюу 1945 онд их хэмжээний хохирол учруулсан бороо орж маш олон хүн амь эрсэдсэнээс хойш 73 жилийн дараа болж буй байгалийн гамшиг гэж иргэдийн ярих нь цаанаа л нэг гунигтай сонсогдож байлаа. Гэвч тэд бууж өгсөнгүй.
Тийм болохоор тэр их хохирлыг арилган сэргээн босгоход цаг хугацаа болон хүн хүч хамгийн их дутагдаж буй газрын нэг юм.
Амралтын өдөр 150-350 хүн
Ажлын өдөр 50-80 хүн
Өдөр болгон Японы өнцөг булан бүрээс хүрзээ усны гуталтайгаа барьж ирэн сайн дураараа ажиллаж байгаа нь бахархмаар.
Японд сүүлийн хэдэн жил халаагүйгээрээ халж байгаатай холбогдуулан сайн дурын ажилчдыг 9:00-12:00 хүртэл ажилуулах ёстой. Мөн 10 мин ажлаад 15 мин амрах гэх мэтчилэн зааварчилгаан дунд хариуцлагатайгаар ажлаа эхлүүлцгээв. Мөн өөрсдийн авчирсан усаа дууссан тохиолдолд цаанаас нь ус тарааж байв.
Бидний эхний очсон айл болох 根津(75) Нэзү эмээгийнх байлаа. Нүүрэнд нь үрчлээ суусан ч, нүдэндээ гал цогтой буурай байв. Тэрбээр 49 жил энэ газраа амьдарчээ.
Байшингийнх нь ус зайлуулах суваг нь битүү шороогоор дүүрч бөглөрөн хог нь овоорсон байдалтай байсныг 12:00 цаг хүртэлх хугацаанд амжаагүй тул эхэлсэн ажлаа дуусгахаар шийдэцгээж 15:00 цаг хүртэл үргэлжлүүлэн ажиллах зөвшөөрөл авч чадсан. Баг маань хоёр хуваагдан бусад маань Япон өвөөгийн тариалангийн талбай руу нуран орж ирсэн шороог зөөх ажилд тусалцгаасан юм. Ганцаараа амьдардаг тэрбээр баярласнаа илэрхийлэн дахиад заавал ирээрэй хэмээн даллаж буй нь яг л жоохон хүүхэд мэт.
Нийт гурван өдрийн турш сайн дураараа ажиллацгаан Ниношима арлын дарга болох Хоригүчи (堀口)-д олон олон монголчуудын зүрх сэтгэл шингэсэн хандив шүү хэмээн албан ёсоор гардуулан өглөө.
Бид бүхнээс үлгэр жишээ аван “ The Japan Times” хэмээх англи хэл дээр Японд хамгийн олон уншигчтай гэгддэг сонины сурвалжлагч ирэн ярилцлага аван бодит байдал болон хүн хүч хэрэгтэй байгаа талаар яриа аван Монголчууд гэсэн нэрээр Япон улс болон бусад улсуудад уриалга болгон хүргэсэн нь баярлууштай зүйл байлаа.
https://www.japantimes.co.jp/…/foreign-residents-extend-h…/…
Монгол гэсэн нэрийг хүн болгон ам амандаа ярьцгааж, усан онгоцонд хүртэл сонсогдож байгаа нь цаанаа л нэг бахархмаар санагдсан шүү.
Төв байран дээр ажиллаж буй стафф болох Акико (明子) болон Моэ (萌) хоёр ажлаа дуусгаад бид бүхнийг гаргаж өгөхөөр болон хамтдаа буцацгаалаа. Замаараа 1945 оны 8-р сарын 6-нд цөмийн бөмбөг унаж маш олон хүний амийг авч одсон газрыг сэргээн засан хүн төрөлхтөнд атомын бөмбөг нь ямар их хор хөнөөлтэй болохыг ойлгуулахын тулд музей болгон үлдээсэн газраар зочилсон юм.
Хирошимад хаясан 20 мянган тонн тротиллийн хүчтэй энэ бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрэхдээ тус хотын хүн амын талаас илүү хувь болох 177 мянган хүний аминд хүрсэн түүхтэй. Нас барагсдын 60 гаруй хувь нь түлэгдэж, 30 орчим хувь нь эвдэрсэн эд зүйлд дарагдаж, 10 хувь нь өөр бусад шалтгаанаар нас барсаныг тогтоожээ.
Энэ бөмбөгдөлт Хирошима хотын гуравны хоёр хувийг бүрэн сүйдэлж, бөмбөг хаясан газраас гурван милийн зай дахь 60-90 мянган байшин сүйрч, төмөр, чулуунууд нь хайлсан байдаг юм. Тэр үеэс өдийг хүртэл маш сайхан болжээ. Зовлон үзсэн ард түмэн хотынхон ийм л байдаг юм байна гэж бодогдов. Мөн тэр үеийн сайн дурын ажилчдыг бүртгэж буй уриа лоозонг хараад сэтгэл минь урагдах шиг л болж байлаа..
Сайн дурын ажил нь өөрийн цаг зав, мэдлэг, ур чадвараа хувь хүн, байгууллага, хэсэг бүлэг хүнд туслахын тулд зориулж хариу нэхэлгүй, цалин хөлс шаардалгүй, өөрийн хүсэл, зоригоор оролцож бусдын тусын тулд, тэдний аз жаргал, сайн сайхны төлөө хийж буй үйл хэрэг юм. “Дэлхий энх тайван, амар амгалан байх болтугай” хэмээн залбирсаар Хирошима дахь сайн дурынхаа ажлыг дуусгацгаав.