Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увсын Улаангом чиглэлийн 167 км замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юанийн өртгөөр, хоёр жилийн дотор концессоор барьж гүйцэтгэхээр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Уг зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумд болон Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох аж. Гэвч Улаангомын замын зургийг батлахдаа өмнө нь хийсэн Тосонцэнгэл–Улиастай чиглэлийн замтай уялдуулаагүйгээс 20 гаруй километр газар зэрэгцээ зам баригдахаар болчихжээ. Тус замуудын зураг төслийг 2012 онд Зам тээврийн яамны захиалгаар хийсэн байна. Одоогийн байдлаар Улиастайн зам баригдаж эхэлсэн ч, түрүүлж баригдсан замтайгаа уялдуулан шинэ эхлэх замын зурагт ялимгүй өөрчлөлт хийж 10 км хэмнэх санаачилгыг Завханы сэтгүүлчид гаргалаа.
Энэ талаар сэтгүүлч Б.Баасанбямба хэлэхдээ “Завханчуудын санал хүсэлтийн дагуу УИХ болон Засгийн газарт хоёр санал хүргүүлэх гэсэн юм. Нэгдүгээрт замын ажлын зураг төслөөр нэг тэнхлэгийн дагуу 25 км орчим хатуу хучилттай зам Хүрэн талд зэрэгцээ баригдах гэж байна. Тиймээс Улаангомын замын эхлэлийг дөрвөн замаас биш, 15 км-ийн цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлвэл дор хаяж 10 гаруй км замын хөрөнгө хэмнэнэ. Энэ нь эдийн засгийн өртгөөрөө 5-7 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоог инженерүүд гаргасан. Замын зургийг ингэж өөрчлөхөд газрын байршлын хувьд ч ямар нэг хүндрэлгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж тухайн үед салбар яам, замын мэргэжлийн зөвлөлд удаа дараа таницуулж байсан ч хүлээж аваагүй юм билээ. Үүнийг анхаарч давхардсан зэрэгцээ замыг нэг чиг болгож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай байна. Хоёрдугаарт хэмнэсэн 10 гаруй км замын хөрөнгийг Түдэвтэй сумыг шинэ замтай холбох эсвэл Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын төвд хатуу хучилттай зам тохижилтын ажил хийх байдлаар үр ашигтай зарцуулаасай гэж хүсч байна” гэв.