Жендэр гэдэг үгийг бидний үеийнхэн ардчиллын он жилүүдэд сурч, хэрэглэж ойлгох гэж ядаж буй нэр томъёо. Энэ үгийг бид яг жинхэнэ утгаар нь ойлгож, тайлбарлаж, “жендэрийн мэдрэмжтэй” амьдарч чадаж байна уу. Энэ талаар өөрийн бодлыг илэрхийлэхдээ IRIM судалгааны хүрээлэнгээс 2014 онд хийгдсэн “Монгол улс дахь жендэрийн эрх тэгш байдал” судалгааны тайланд дурдагдсан дүгнэлт, тоо баримтыг жишээ болгон авав.
Албаны хүрээнд өгч байгаа тайлбар, томъёололыг харвал “улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдаж тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл хандлагыг хэлнэ.” (МУ-ын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 4.1.1) гэж л дээ. Хуулийн томъёолол учраас хялбаршуулан ойлгоход түвэгтэй. Хүмүүс маш энгийнээр хүйсийн тэгш байдал нь жендэр гэж ойлгодог. Эр эмгүй тэгш байх гэж маргаж мэтгэлцэх, барьцах уралдах нь хэвийн харилцаа болсон байгаа харагддаг. Энэ маргаан гэр бүлд маш хурц тодоор харагддаг. Миний бодлоор, энэ ойлголт буруу юмаа. Маш энгийнээр хэлбэл жендэр гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэм, соёлын ялгаа юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгэмд өөр өөрийн гүйцэтгэх үүрэг хариуцлага оролцоотой, үүнийг илэрхийлсэн, хүлээн зөвшөөрүүлсэн өөрийн өөрийн соёлтой. Улс орон, үндэстэн бүхэн өөрийн соёлын хэм хэмжээгээр үүнийг хэлбэржүүлж байдаг. Тэгш байдлын талаар нэгэн төөрөгдөл байдаг нь, жендэр гэдэг нь хүйсийн ялгаваргүйгээр, бүх зүйлд тэгш байна гэсэн үг гэсэн ойлголт юм. Жендэр буюу эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэм соёлын ялгаанаас шалтгаалсан ялгаварлан гадуурхал, тэгш бус хандлага, үзэл байж болохгүй, нийгмийн баялаг бүтээх, хүртэх бүх үйл явцад нийгмийн тэгш эрхт гишүүн байхыг нь бүх хүнд баталгаажуулахыг тэгш байдал гэнэ, үүнийг нийгмийн бүх харилцаанд тогтвортой итгэл үнэмшил, хандлага болгох ёстой.
Миний хувьд, хуучин нийгмийн хүүхэд л дээ. Биднийг хүүхэд байхад, одоогоор бол хуучин нийгэм – социализмын үед бас өөрийнхээ өмнөх, хуучин нийгмийн (феодал) үлдэгдэлтэй тэмцдэг байлаа шүү дээ. Энэ тэмцлийн талбарт эрэгтэй эмэгтэй хүний тэгш байдлын талаарх тэмцэл их том байр суурь эзлэнэ дээ. Эмэгтэй хүнийг муухайгаар хэлэх, эмэгтэй хүүхэдрүү гар далайх, хүчээр түрэмгийлэх гэх зэрэг үйлдэл гаргахыг нийгмийн бүх хүрээнд жигшиж, “өнгөрсөн нийгмийн үлдэгдэл” зан байдалд тооцож, тэмцэж өгдөг байв аа. Их ч дэвшил гарсан. Тэр талаар гарсан уран зохиол, кино жүжиг цөөнгүй. “Элбэг дээл” “Энэ хүүхнүүд үү” зэрэг бүтээлүүд нь, 1921 оны хувьсгалаас хойш эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх, улс төр нийгмийн хүрээнд эмэгтэй эрэгтэй хүний тэгш эрх, оролцоог үнэлэх хувьсгалт үйл явц өрнөсөөр, эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсаар маш их дэвшил гарсны баталгаа юм. Дээрх бүтээлүүд 1960 онд манай улс жендэрийн тэгш байдлыг бий болгохыг зорьж байсныг мөн баталж байна. Ингээд бодохоор, өнөөдөр мэдэх гэж ядаж буй “жендэр” шинэ нэртэй хуучин танил маань ч юм уу. Намын даргын дүрэмдэлт, марксист коммунист чимэг зүүлтийг нь авч хаяад эмэгтэйчүүдийн эрхийг ярихаар “жендэр” болох ч юм уу. Харин, өнөөдөр энэ бодол үгүйсгэгдэнэ. Яагаад вэ гэвэл, өнөөдрийн Монголд эрэгтэйчүүдийн эрх ихээр хаягдсан, анхаарал татсан асуудлын нэг болсон.
ҮСХ тооцоолсноор эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9 жилээр бага, Эрүүл мэндийн яамны тооцоолсноор улсын хэмжээнд жилд дунджаар 17,000 хүн нас бардагаас 62 хувь нь эрэгтэй хүмүүс байна гэх мэтээр эрчүүдийн асуудал хаягдсныг гэрчлэх тоо хөврөнө. Эрэгтэйчүүдийн боловсролын түвшин эмэгтэйчүүдийнхээр доогуур гэдгийг нотолсон олон судалгаа баримт бий. Тухайлбал,
Ерөнхий болон дээд боловсролын байгууллагад эмэгтэй оюутны тоо эрэгтэйчүүдийнхээс давуу байдаг ч хүйсийн харьцаа аажмаар тэнцвэржих хандлагатай байна. 2012 он гэхэд дунд шатны боловсрол эзэмшиж төгсөгчдийн дунд охид, хөвгүүдийн харьцаа 1.07 байсан ажээ (БСШУ-ны яамнаас гаргасан захиргааны мэдээлэл, ЗГ-ын тайланд эш татсанаар 2013). Энэ нөхцөл байдлыг харгалзан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Элсэлтийг нэмэгдүүлэх тухай” 2006 оны 486 дугаар тушаалаар 2006-2007 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдийн 80-аас доошгүй хувийг 10 дугаар ангид элсүүлж, түүнд эрэгтэй суралцагчдын эзлэх хувийг улсын хэмжээнд 48 хувьд хүргэхээр заасан нь 2008 оноос хүйсийн ялгаатай байдлын зөрүүг багасгахад сайнаар нөлөөлсөн байна (Монгол улсын Засгийн газар 2013). Үүнээс Дээд шатны боловсролын байгууллагад эмэгтэй давамгайлсан хүйсийн тэнцвэрт бус байдал ноёлдог. Хэдий тийм боловч, энэ хандлага аажмаар зохистой тэнцвэрт харьцаа руу дөхөж, 2000 онд дээд боловсрол эзэмшигч охид хөвгүүдийн харьцаа 1.72 байснаас 2012 онд 1.40 болж буурсан байна (2012 онд 140 эмэгтэй оюутан тутамд 100 эрэгтэй оюутан ноогдож байна) (МУЗГ 2013a). Гэхдээ их, дээд сургууль төгсөгчдийн 64.3 хувь нь эмэгтэйчүүд байна. (ҮСХ 2013) – 2010 онд энэ тоо 61.1 байсан бол 2013 он гэхэд нэмэгдсэн дүнтэй байна.
Швейцарийн Хөгжлийн Агентлаг, IRIM судалгааны хүрээлэн Монгол улс дахь жендэрийн эрх тэгш байдал: Нөхцөл байдлын товч үнэлгээ, баримт бичгийн судалгаа.
Энэ чинь юу вэ, нөгөө эзэрхэг засгийн үлдэгдлийг үлдээхгүй хусаад алга хийчихэв үү? Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хаачив аа, бид эмэгтэйчүүдийн эрхийг хэт хамгаалаад туйлширчихав уу?
Үгүй юмаа, нийгэм хөгжиж, нийгмийн амьдрал хөгжлийг дагаад хүн ард өөрийн амьдрах, оршин байх арга тактикаа өөрчилж, ямар нэгэн байдлаар аргаа олж л суудаг. Тэрний нэгэн жишээ нь эцэг эхчүүдийн охин үрээ хайрлах, нийгмийн зүгээс олгож буй тэгш боломжийг ашиглан охин хүүхдээ бусдын гар харуулахгүй байх гэсэн хамгаалах тактиктай холбоотой. Мэдлэг боловсрол, мэргэжил, ирээдүйн сайн ажил, ирээдүйн нийгмийн байр сууриар охин хүүхдээ хамгаална гэдэг нь эмэгтэй хүний хувьд учирдаг жендэрийн ялгаварлалыг хүлээн зөвшөөрч, түүнийг эсэргүүцэх тактик юм. Тэгэхээр тэр чимээгүй хүлээн зөвшөөрөгдсөн жендэрийн ялгаварлал хаана байна вэ? Гэр бүлд байна. Тиймдээ ч жендэрт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл гаарч байна.
Энэ бүхний учир шалтгааныг миний хувьд жендэрийг буруу ойлгож, буруу тайлбарласнаас боллоо гэж дүгнэнэ. Жендэрийн талаар яригддаг хэдэн түгээмэл ойлголтоор жишээ аван өөрийн санааг илэрхийлье.
Жендэрийн талаар явагддаг сургалтанд сууж байхад, хамгийн анхан шатны ойлголт өгөхдөө “эрэгтэй хүүхдийг бид багаас нь эрэгтэй хүүхэд учир уйлж болохгүй, Чи эр хүн учраас гэж … хатуу сургахыг эрмэлздэг. Хүн нь л учраас сэтгэлийн хөдөлгөөнөө гаргах, өөрийгээ илэрхийлэхэд сургах шаардлагатай” гэх зэргээр ярьдаг даа. Эрчүүдийг “Ээж шиг минь илхэн уйлаагүй ч элгэндээ мэгшдэг аав минь” гэж магтан дуулсаар байгаад сэтгэлийн зовнил, стрессдээ багтарч зүрх мэдрэлийн өвчин тусах, эсвэл өөрийгээ тайвшруулах гэж архи тамхи хэрэглэхэд хүргэдэг гэж үү. Тэгвэл, “тэгш эрхтэй юм чинь сэтгэлийн хөдөлгөөнөө эмэгтэй хүн шиг ил гаргаж сурах хэрэгтэй” гэж сурган хүмүүжүүлж байгаад Солонгос кинон дээр хаан нь түшмэлүүдтэйгээ нийлээд “хоор”-оороо уйлдаг шиг эрчүүдтэй болох уу. Минийхээр, эр хүн гэж тодотгох нийгэм, соёлын үнэт зүйл нь хатуу хүтүүтэй нүүр тулах, түүнийг давж гарах зориг тэвчээртэй байх, гэр бүл ойр тойрондоо өмөг түшиг, өмгөөлөл хамгаалал нь байх хариуцлагыг үүрэх нийгмийн чадвар, чанар болов уу. Эр хүнийг өрх гэрийн ноён нуруу, хийморь сүлд гэж үздэг уламжлалыг зөвөөр тайлбарлаж, дэлгэрүүлэх хэрэгтэй.
Охидын нийгэм, соёлын үнэт зүйлийг тодотгон товойлгон ярихын оронд нэг бол гэрийн асрагч үлйчлэгч байдлаар сургаж, нөгөө бол эрэгтэй эмэгтэй ижил тэгш үүрэг, оролцоотой тул өөрийн ялгамжийг умартан бүх талаар өрсөлдөн барьцах хэрэгтэй мэтээр ярьж зааж сургах нь гэр бүлийн үл ойлголцолыг маш олон талаар бий болгодог. Би зөвхөн өөрөөрөө жишээлэн бодоход, миний аав ээж өдгөө 70 гарсан хүмүүсийн дунд чи эрэгтэй, би эмэгтэй гээд хэрэлдэж талцаад байсан, гэр бүлдээ зодуулж, дарамтлуулаад байсан үүх түүхийг бараг л мэддэггүй. Эмээ өвөөгөө ч би мэднэ, одоо байвал 100 наслах дөхсөн хүмүүс, малчид байсан. Бас л асуудалгүй. Ингэхээр жендэр, жендэрээс үүдэлтэй хүчирхийлэл гэдэг сүүлийн 100 жилд миний эргэн тойронд асуудал болж байгаагүй мэт. Харин өнөөдөр нийгмийг цочроож буй асуудлын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл. Энэ талаар олон тоо баримт судалгаа бий.
Гэр бүлийн хүчирхийлэл Монгол эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй хамгийн чухал асуудал болоод байна. 2010 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гаргасан тооцоогоор Монгол эмэгтэйчүүдийн гурван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байсан бол 10 эмэгтэй тутмын нэг нь зодуулж байжээ. Нийт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 72.5 хувь нь хот суурин газарт болсон бол үлдэх 27.5 хувь нь хөдөө, орон нутагт гарчээ. Цагдаагийн газарт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нийт хохирогчдийн 84.0 хувь нь эмэгтэй байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлийн хүчирхийллийн асуудлын цар хүрээ, хэмжээ улам өсөн нэмэгдэх хандлагатай байна. (Үндэсний статистикийн хороо 2014). 2012 оны статистик мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь 25-29 насны эрэгтэйчүүд байна. Тэдний дийлэнх нь тодорхой түвшинд боловсрол эзэмшсэн, тухайлбал 26.5 хувь нь дээд, 16 хувь нь дунд, 47.9 хувь нь бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, харин 3.2 хувь нь техник мэргэжлийн боловсрол эзэмшсэн байжээ (Цагдаагийн ерөнхий газар 2012).
Хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг бол архидан согтуурах явдал гэж дүгнэсэн байна. НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн сангаас хийсэн нэгэн судалгаагаар, ахмад настай хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд хүргэж буй үндсэн хүчин зүйлүүдийг ядуурал, ажилгүйдэл, архидан согтуурахтай холбон тайлбарласан байна. Мөн түүнчлэн, судалгаанд хамрагдсан настай хүмүүс дунд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гол нөхцөлийг эмэгтэйчүүд өөрсдөө бий болгодог, өөрсдөө өдөөн турхирдаг гэж үзэх хандлага байжээ. Харин судалгаанд хамрагдсан харьцангуй залуу хүмүүс, хүчирхийлэл үйлдэж буй эрэгтэйчүүдийн боловсролын түвшин доогуур байх тусам хүч хэрэглэх хандлага нэмэгддэг гэж үзжээ (Л.Баярмаа ба Д.Аюурбунь 2009).
Швейцарийн Хөгжлийн Агентлаг, IRIM судалгааны хүрээлэн Монгол улс дахь жендэрийн эрх тэгш байдал: Нөхцөл байдлын товч үнэлгээ, баримт бичгийн судалгаа.
Өнөөдрийн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтанд хүүхдийг гэр бүлийн амьдралд зөв зүйтэй бэлтгээгүй нь их нөлөөлж байна. Охид хөвгүүдэд жендэрийн зөв үнэлэмж төлөвшүүлэх шаардлагатай байна. Жендэрийн зөв үнэлэмж гэдэг минийхээр, эрэгтэй, эмэгтэй хүн өөрийн жендэр үүрэг хариуцлагыг ухамсарлах юм. Хариуцлагыг гээгдүүлж тунхагласан “хүний эрх” хэмээх хөөсөн дунд жендэрийн тэгш байдал гэгч нь хөвж, жинхэнэ утга агуулгаа алдаж, буруу ташаагаар хэрэглэгдэж, ойлгогдож байна.
Дээхэн үед, 90-ээд оноос өмнө бараг айл бүхэн хөдөө ах дүүтэй, хүүхдээ ах дүүгийндээ зусуулахаар явуулдаг, хүүхэд бид сургууль, зуслан, хөдөө гээд хаа ч очсон амар жимэр айх аюул багатай орчинд сурч, тоглож, хүмүүжиж хүн болцгоосон. Охид биднийг ээж, эмээ, эгч нар дагуулан сургаж, хоол унд бэлтгэх, оёх шидэх, гэр цэвэрлэж, гоёж гангалах, дүү болон гэр бүлийн хүмүүсийг асрах, хайрлан халамжлахыг заадагсан. Хөвгүүд мөн л ах нар, аав, өвөөг даган түлээ мод бэлтгэх, мал төхөөрөх, ан гөрөөнд явах, морь унах, алх хадаас барих гээд хийх туслах сурах ажил мундахгүй. Эцсийн дүндээ охид хөвгүүдийн сурсан чадвар нэгэн гэрт нийлж, нэгэн өрхийг бүтээн босгох тэр үүрэг хариуцлагыг үүрэхэд бэлтгэн хүмүүжүүлж ирсэн ардын уламжлал ямар ч байсан 1990 он хүртэл байсаар л байсан. Өнөөдөр, нийгэм өөрчлөгдөж, хотын хүн ам олширсон байна. Ерөөс хүн амын тоо тэр үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. Уламжлал маш ихээр алдагдаж байна. Энэ бүхнээс үүддэг үү, заримдаа ч бүр нүдэндээ итгэмээргүй судалгаа, дүгнэлт уншиж, гайхах тохиолдол гарах юм. Тухайлбал, дараахь дүгнэлтийг Швейцарийн Хөгжлийн Агентлаг, IRIM судалгааны хүрээлэн Монгол улс дахь жендэрийн эрх тэгш байдал: Нөхцөл байдлын товч үнэлгээ, баримт бичгийн судалгаанаас олж уншлаа.
Шийдвэр гаргах үйл явц дахь жендэрийн зөрүүтэй байдал нь зөвхөн дээд түвшинд бус тухайн салбарын анхан шатны нэгжийн түвшинд ч байгааг энд онцлох хэрэгтэй. Малчдын дунд эрэгтэй хүн, эрэгтэй хүүхдийг илүүд үзэх хандлага ноёлсон хэвээр байгаа нь тэдний ааш зан, хандлагад хүчтэй нөлөөлж байгаа нь Мянганы сорилтын сангийн зүгээс явуулсан жижиг хэмжээний судалгааны явцад ажиглагджээ. Чанарын судалгааны үр дүнгээс харахад 16 эрэгтэй, эмэгтэй малчдын аль алинд эрэгтэй хүн бол оюун санаа болон бие махбодын хувьд эмэгтэйчүүдээс илүү гэсэн ойлголт түгээмэл байна. Мөн түүнчлэн, эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэй хүн ард түмний аж байдлыг сайжруулахад илүү амжилт гаргах чадавхитай гэж үзсэн байна. Малчдын бүлгийн ахлагчийг сонгоход хамгийн их нөлөөлсөн итгэл үнэмшилд: малчдын бүлгийн ахлагчаар эрэгтэй хүн сонгосон, яагаад гэвэл цаг агаар болон бусад ямар ч хүнд нөхцөл байдалд, хол явах, машин, мотоцикл жолоодоход эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү; эрэгтэйчүүд өрхийн тэргүүн байдаг учир улс төрд ч мөн лидер, манлайлагч, удирдагч байх ёстой. Эмэгтэй, эрэгтэй малчдын аль аль нь эрэгтэй хүн илүү их мэдлэг эзэмшдэг, удирдагч байна гэдэг бол эрэгтэй хүнд илүү тохирсон ажил гэж үзсэн байна (Мянганы сорилтын сан, Цолмон, Бэгзсүрэн 2013).
Малчны амьдралаас жендэрийн зөрүү олж харах гэж судлана гэдэг тэнэг хэрэг. Гэрийн босго даваад л байгалийн ая зан харж, ахуйн хатуу нөхцөлтэй тулдаг малчны гэрт эрэгтэй эмэгтэй хүний хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарь дэндүү тодорхой. Гэрт суух суудал, унтах хэвтэх орон зай, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, эдлэх хэрэглэх эд зүйлсийн ялгаа зэргээс шалтгаалан эрэгтэй эмэгтэйн биеэ авч явах, өөрийгээ илэрхийлэх соёл бүгд өөр. Хийж буй хөдөлмөр, гараас нь гарч буй бүтээгдхүүн түүний эдэлгээ, үнэ өртөгөөс шалтгаалан өрхийн баялагийг захиран зарцуулах эрх мэдэл ч тусдаа. Хэдий тийм ч тэгш байдлаар хүн бүрт хүртэх ёстой амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох сонгогдох, хөдөлмөрлөх, нийгмийн баялаг хүртэх гэх зэрэг суурь эрхүүдээр ижил тэгш хангагддаг. Адуу мал малаа адгуулан, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, амар амгалан амьдран суудаг тэдний хувьд жендэр ярих нь нөгөө “мал маллахаа марксизмаар заалгахгүй” лугаа адил билээ.
Зөвхөн эдгээрээс дүгнэн хэлэхэд ойлголтыг зөвөөр түгээх, өөрийн орны ёс уламжлалыг гээгдүүлэхгүй байх нь чухал санагдана. Үнэндээ, бид чинь хот хөдөө хосолсон амьдралтай, өрнө дорно холилдсон соёлтой байна. Иймд үндэсний бодлого, үндэсний хөтөлбөр аль алиныг нь үгүйсгэхгүй, мөн давамгайлуулахгүй тэнцвэртэй байх ёстой. Жендэр нь нийгмийн хөгжил, соёл, зан заншлын маш чухал асуудал учир тун нухацтай хандах шаардлагатай. Нухацтай хандах гэж юуг хэлж байгаа тухайд дээрх судалгааны дүгнэлтийг жишээлэн тайлбарлаж өндөрлөе. Үүнд:
Монгол улс нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шилжилтийг хийсэн он жилүүдэд нийгмийн олон салбарт “санамсаргүй” байдлаар тэнцвэрт бус нөхцөл байдал үүсч, улмаар энэхүү тэнцвэрт бус байдал нь хүний наймаа, (жишээ нь охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлэх), гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт, биеэ үнэлэх гэх мэт жендэрт суурилсан хүчирхийллийн 19 олон хэлбэрийг бий болгожээ (АХБ, ШХА, ЖҮХ2010).
Жендэрт суурилсан хүчирхийллийг төгсгөл болгоход цогц бодлого боловсруулж, шинэчлэл явуулах шаардлагатай. Түүнээс гадна хууль сахиулагч байгууллагуудын (эрэгтэйчүүд давамгай ажилладаг) ажилтнуудыг холбогдох хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, мөрдүүлэхэд шаардагдах мэдлэг, мэдээллээр хангах, сургах шаардлага байна (НҮБХАС 2013). Монгол улс жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа төрлийг устгах, түүнээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлж чадсан ч хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлууд анхаарал татсан хэвээр байна.
“Хууль эрх зүйн орчин сайн байх” нь ч, “хууль сахиулагч байгууллагуудын (эрэгтэйчүүд давамгай ажилладаг) ажилтнуудыг холбогдох хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, мөрдүүлэхэд шаардагдах мэдлэг, мэдээллээр хангах, сургах” нь ч гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэх оновчтой арга зам биш юм. Хууль гэж бид гарцаагүй болох өргөтэй, шийдэлтэй гарцтай юмыг хэлдэг. Тухайлбал маргааш нар гарна, орой жаргана гэдэг шиг. Гэтэл бидний энэ хийгээд мөрдөх гээд оролдоод байгаа “хууль” бол хүний амьдрал, байгалийн хуулиас дэндүү хол хөндий, болхи зүйл. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” огтоос хэрэггүй айл зөндөө бий. Тэр айлууд аав шиг аавтай, ээж шиг ээжтэй, хүүхэд шиг хүүхэдтэй буюу гэр бүлийн бүх харилцаа ёс заншлынхаа дагуу, аавдаа цайныхаа дээжийг барьж, ээждээ мод усыг нь дөхүүлж, эгч нь дүүгээ асарч, ах нь дүүгээ сургаж байдаг. Тэр гэр бүлд ах захаа хүндлэх, аав ээжээ, үр хүүхдээ хайрлах, өтгөс нялхсаа асрах гэдэг хууль үйлчилдэг. Тэр бол хайрлах гэдэг хүн ёсны хууль, хүндлэх, эрхэмлэх гэдэг Монгол ёс заншил, уламжлал юм. Үүнийг бодолцоогүй байхад хичнээн хууль, хөтөлбөр, хичнээн хурал тайлан хийгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй билээ.
Р.Оюунбилэг
2018 оны 5 дугаар сарын 15