Монголоо сурталчлах төсвөөр дарга нарыг тансаглуулсаар байх уу

Мэдээллийн эрин зуунд гадаад ертөнцөд эх орноо өндөр түвшинд сурталчлах, эерэг имиж бүрдүүлэх, найрсаг таатай уур амьсгал бүрдүүлэх гээд “Зөөлөн хүчний бодлого”-д суурилсан алхмууд нэн чухал. Дэлхийд хөгжлөөрөө түүчээлж яваа бараг бүх орон төрийн тусгай бодлогын хүрээнд эх орноо дэлхийд сурталчилдаг. Өнөөдөр дэлхий дахин монголчуудыг байгалийн асар их баялаг сандайлсан гуйлгачид, эсвэл авлигач түшмэд уулиан шуугиан, үдэш болохоор солонгос сериалд цовдлогдож манарсан гэдгээр төсөөлдөг бүрэнхий цаг нөмөрлөө. Гадагшаа цацагдах мэдлээллийн урсгал бодлогогүй, төлөвлөлтгүй, мэргэжлийн төвшинд бэлтгээгүй гэх мэт шалтгаануудаас болоод Монгол Улсын нэр хүнд олон улсад сайнаар дуурсагдах нь хумигдсаар байгааг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.Монголын төр гадаад улс орон руу мэргэжлийн төвшинд баталгаат мэдээлэл боловсруулж түгээх тал дээр яаж ажилладаг талаар эрэл хайгуул хийж, цуглуулсан баримтаа харахад сэтгэл гутмаар дүр зураг хөврөв.

УИХ-аас баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн “Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад сурталчилгааны бүтэц бий болгохыг дэмжих” тухай тов тодорхой тусгасан байна. Өнөөгийн бодит нөхцөл байдлыг харахад улсаа гадаадад сурталчлах бүтэц, байгууллага, сүлжээний аль ч байхгүй. Монголоо гэсэн сэтгэлтэй зарим хүн, хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцууд, ТББ-уудыг эс тооцвол шүү дээ. Бусдаар бол Монголынхоо нэрийг муугаар цоллуулдаг нь олон болохоос сайнаар цуурайтуулдаг нь нүдний гэм болсон цаг.

Эрлийн явцад энэ чиглэлээр төрийн байгууллагаас баталсан баримт бичиг байдгийг олж мэдэв. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” хэмээх сүржин нэртэй шүншиг муутайхан баримт бичгийг дарга нар гар өргөн баталжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах чамгүй хэмжээний зардал мөнгийг ч төсөвлөж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хараад “Төр хамгийн муу менежер” гэдэг алдарт үг орой руу орж байдаг шүү. Хэдхэн баримт өгүүлье. Монгол Улсыг гадаадад сурталчлах ажил хийнэ гээд Нийслэлийн ЗДТГ 1.5 тэрбум төгрөг төлөвлөгөөнд тусгуулжээ. Хамгийн өндөр төсөвтэй учраас хамгийн эхэнд нэр цохож буй нь энэ. Гадаад харилцаагаа хөгжүүлэх, дэлхийн хотуудтай хамтарч ажиллах бол тогтсон жишиг, уламжлал. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Үндсэн хуульд зааснаар улсын гадаад харилцааны бодлогын үндсийг УИХ тодорхойлж, гардан хэрэгжүүлэгч нь Гадаад харилцааны яам байдаг. Нийслэлдшийдэх тоймгүй олон асуудал байхад улсын гадаад сурталчилгааны ажлыг барьж авах гээд байгаа нь огтоос ойлгомжгүй. Хотын захиргааны үндсэн ажил нь хотоо л өөд татаж, иргэдээ аюулгүй орчинд амьдруулах баймаар.Гэтэл гадаад сурталчилгааны ажлыг мэргэжлийн төвшинд хийчих ТББ-ууд байхад өмнүүр нь хөндөлсөж орж ирснийг нь ойлгох ухаан хүрсэнгүй. Гадаад харилцаа, гадаад сурталчилгаа гэх ойлголтыг асар зөрүүтэй ойлголтыг хүчээр хооронд нь эвцэлдүүлж шинэ “онол” гаргаж ирэх гэж байгаа бол 1.5 тэрбум төгрөг хайран санагдаж байна.

Энэ мөнгөний чамгүй хэсгийг нийслэлийн Засаг даргын гадаад айлчлалын бүрэлдэхүүнд орсон урлаг соёлынхны зардал, хоол хүнс зэрэгт зарцуулахаар төсөвлөсөн нь даанч харамсмаар. Бусад яам, байгууллагуудад иймэрхүү үр ашиггүй зардал өчнөөн байх. Монголоо сурталчилна гэдгийг даргыг тансаглуулна гэж ойлгож байгаа түшмэд төсвийн мөнгө ёолдоггүй юм гээд л налайж суудаг болов уу. Бас болоогүй сэтгүүл хэвлэх, сайт хөгжүүлэх гэх мэт ажилд өчнөөн сая төгрөг төсөвлөсөн байх. Ийм ажлуудыг гадаадын 5 хэл дээр сонин гаргадаг, дэргэдээ студитэй, мэргэшсэн боловсон хүчинтэй МОНЦАМЭ агентлаг хөнгөхөн хийчих байтал нэг ч төгрөг төсөвлөөгүй д гайхаж хоцорлоо.Төр, хувийн хэвшлийн түншлэл гээд олон жил ярьсан. Улсаа сурталчлах ийм хариуцлагатай ажлыг дан ганц төрд даатгаад орхимгүй байна. Мэргэжлийн, олон улсад үйл ажиллагаа явуулдаг, сүлжээ сайтай ТББ-уудаар ажил гүйцэтгүүлж яагаад болохгүй гэж. Монголоо сурталчлах төсвөөр дарга нарыг хэдий болтол тансаглуулах юм бэ.

Б.Энхмэнд

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...