БНСУ-ын Пёнчан хотод болсон Өвлийн олимпын үеэр хойд болон өмнөд Солонгосын харилцааны түүхэнд болсон нэгэн шинэ үйл явдлын гол дүр нь Ким Ёо Жун байв. Тэрээр хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны бага дүү бөгөөд 1950-1953 онд болсон хоёр Солонгосын дайнаас хойш Кимийн гэр бүлийнхнээс хамгийн анхлан БНСУ-д хөл тавьсан эрхэм болсон нь энэ юм.
Түүний тухай мэдээлэл интернэтэд барагтай байдаггүй. Тэрээр хамгийн анх эцгийнхээ оршуулгын үеэр олонд ил үзэгдсэн бол үүний дараа 2014 оны 03 дугаар сард анх умардын Ажилчдын намын нэгэн арга хэмжээн дээр уг намын томхон төлөөлөл болон гарч ирсэн юм. Харин Пёнчаны өвлийн олимпод БНАСАУ-ын удирдлагыг төлөөлөн оролцсон энэ үеэс нууцлаг хатагтай маань өмнөдийнхний анхааралд урьдынхаас илүүтэй өртөж эхэлсэн байдаг.
Ким Ёо Жун энэ олимпын үеэр Өмнөдийн ерөнхийлөгчтэй уулзаж зэвсэггүй бүсэд уулзалт хийх ахынхаа саналыг дамжуулсан. Ямартай ч үүнээс өмнө Ким Жон Уны уулзалт албан ёсны арга хэмжээнүүдийн үеэр зэрвэсхэн харагддаг байсан хатагтай Ким Ёо Жуныг энэ үеэс эхлэн сонирхож ажих “нүд, чих”-нүүд ч ихэссэн билээ. Элдэв чимэггүй, инээмсэглэсэн даруу төрхтэй энэ бүсгүйг хоёр Солонгосын хүйтэн харилцааг шинэ шатанд гаргаж, эерүүлэх гарц гэж харж байгаа талууд цөөнгүй байна. Тэр дундаа БНСУ-ын талаас түүнийг онцгойлон сонирхож байгаа гэхэд хилсдэхгүй. Өвлийн олимпын үеэр Пёнчанд гурав хоног саатах үед түүний хувцаслалт, гадаад төрхнөөс эхлээд үйлдэл бүрийг нь өмнөдийн хэвлэлийнхэн алдалгүй ажиж, зарим нь АНУ-ын төрийн тэргүүний охин Иванка Трамптай зүйрлэж харьцуулан бичиж байв.
Саяхан болсон хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын албан ёсны бүрэлдэхүүнд ч тэрээр багтав. Хойд Солонгостоо бол нэр нөлөө ихтэй, одоогийн удирдагч Ким Жон Унд нөлөөлөхүйц, итгэлтэй зөвлөгч нь гэх шавилхан биетэй нууцлаг энэ бүсгүйн талаар мэдээлэл ховорч гэлээ түүнийг тодорхойлох баримтуудыг дор цуглуулахаар оролдлоо.
Тэр төрөлхийн улстөрч үү
Түүнийг 1987 оны 09 дүгээр сарын 26-нд төрсөн гэх мэдээлэл бий. Гэвч энэ нь тийм ч баталгаатай биш бөгөөд ямартай ч 30 орчим настай, ахаасаа нэг олон насын зөрүүгүй гэж эх сурвалжууд үздэг. Тэрээр Умардын удирдагч асан Ким Жон Илийн бага охин бөгөөд ээж нь Японд төрсөн бүжигчин Ко Ёонг Хью ажээ. Одоогийн удирдагч Ким Жон Унтай багаасаа л дотно өссөн, 1996-2000 онд хамтдаа Швейцарьт сурч байсан гэх мэдээлэл бий. Тэднийг сургуулиа төгсөөгүй байхад цаг төрийн байдлаас шалтгаалан эцэг Ким Жон Ил нь хоёуланг нь нутаг буц хэмээн дуудсан гэдэг. Түүнийг 2000 оны эхээр нутагтаа буцаж ирээд Ким Ир Сений нэрэмжит их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр сурсан гэсэн таамаг байдаг. Хойд Солонгос судлаач Майкл Маддены хэлснээр түүний эцэг 2002 онд гадаадын нэгэн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө миний хамгийн бага охин улс төрд их сонирхолтой. Алсдаа улсдаа нөлөө бүхий хүн олохыг хүсдэг хэмээн бахархалтайгаар хэлж байжээ. Тэгэхээр одоогийн энэ нууцлаг бүсгүй маань 10 гаруйхан настай байхаасаа л улс төрийг сонирхож, бас ч үгүй аавынхаа итгэл тавьсан хүүхэд нь байсан бололтой. Ким Жон Илийн үед хойд Солонгост ОХУ-ын дипломат төлөөлөгчөөр ажиллаж байсан Константин Пуликовски 2012 онд NHK телевизэд ярилцлага өгөхдөө Ким Ёо Жуныг хэрсүү, том удирдагч болох урч чадвартай гэж дүгнэснээ хэлсэн байдаг.
Умардын хэвлэлийг атгагч бүсгүй
Сургуулиа дүүргэсний дараа тэрээр намынхаа өсвөр үеийн төлөөлсөн нэгэн томоохон кадр нь болж улс төрийн амьдралд идэвхитэй оролцох болсон байна. 2011 онд эцгийгээ нас барах хүртэл тэрээр Ким Жон Унаас илүүтэй эцгийнхээ дэмжлэг, итгэлийг хүлээсэн нэгэн байсан гэж зарим эх сурвалж мэдээлдэг бол зарим нь ах болон аавынхаа хамгийн найдвартай туслагч, ар тал нь байсан гэж хэлдэг. Ямартай ч тэрээр 2010-2011 онд Ким Жон Унд туслан их удирдагчийн албыг залгамжлан авах ажлыг нугалалцаж, Үндэсний батлан хамгаалах комисс болон Ким Жон Илийн хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Ким Жон Уныг ажлаа авсны дараа хамгийн ойрын зөвлөгч туслагч нь болж олон нийтийн болон бусад арга хэмжээг нь гардан зохион байгуулах болсон байна.
2015 онд тэрээр Ажилчдын намын Суртал ухуулга, сурталчилгаа хариуцсан дэд дарга болсон бөгөөд умардынхны хэвлэл мэдээлэл түүний хяналтан дор байдаг гэх мэдээлэл бий. Мөн 2014 онд Ким Жон Уныг хэсэг өвчтэй байх үед түүнийг богино хугацаагаар улсаа удирдсан гэж CNN мэдээлж байв.
Хайрын хаалттай романс
Хувийн битгий хэл хувьсгалын мэдээлэл нь тун бага түүний хувьд хувийн амьдралынх тухай мэдээлэл тун бага. Тэрээр 2015 онд умардын лидерүүдийн нэг Чой Рён Хае-ын хоёр дахь хүү, санхүүч Чой Сон-той гэрлэсэн гэх мэдээлэл байдаг ч өмнөд Солонгосын тал үүнийг ташаа мэдээлэл гэж үгүйсгэх нь бий. Мөн түүнийг бие хамгаалагчдаа дурласан гэсэн үнэн худал нь эс мэдэгдэх яриа ч бас гарч байв. Түүнийг 2015 ондоо анхны хүүхдээ төрүүлсэн гэх нь бий. Мөн Пёнчаны олимпын үеэр түүний гэрэл зургаас нь үүдээд хоёр дахь хүүхдээ тээж байгаа бололтой гэх таамаг ч гарч байв.
Түүний зорилго хаа хүрээд зогсох вэ
-“Үнэнийг хэлэхэд би энд ингээд сууж байгаа минь гэнэтийн байна. Би бүх зүйл манайхаас өөр, хачирхалтай байх боловуу гэж бодтол харин ч эсрэгээрээ бидэнд адил төстэй зүйл олон байна. Бид энд өмнөдийн олон сайн хүмүүстэй уулзаж энэ нь биднийг илүү ойртуулан ирээдүйд бид дахин нэг улс болох байх гэж найдаж байна”.
Өвлийн олимпын үеэр БНСУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж зоог барихдаа тэрээр ингэж хэлжээ. Хоёр сар гаруйн өмнө болсон энэ уулзалт ч үр дүнгээ өгч 04 дүгээр сарын 27-нд Хоёр Солонгосын хилийн дунды н Панмунжом зэвсэггүй бүсэд Солонгосын удирдагч нар уулзав. Тусгаар улс болсноос хойш ийнхүү 73 жилийн дараа албан ёсоор түүхэн энх тайванч уулзалтаа тэд хийсэн юм. Энэ үеэр хоёр талын бүрэлдэхүүн дунд цорын ганц эмэгтэй нь Ким Ёо Жун байв. Тэрээр ахдаа гарын үсэг зурах үзгийг нь өгч, өмнөдийн Ерөнхийлөгч Мүн Жае Ин түүнийг Пёнчаны олимпын гол дүр гэж хэлэхэд бага зэрэг улайн сууж байсныг Английн Independent сонин тодотгосон байдаг. Ямартай ч түүхэн энэ уулзалт болоход, хоёр талын уулзалтын уур амьсгалыг зөөллөхөд, цаашлаад өмнөд, умардын хувь заяа хэрхэхэд түүний маш том нөлөө бий гэж судлаачид найдаж байгаа юм.