Газрын хэвлийдээ “өлгийдүүлсэн” Кувейт

  • Ахмад Аль-Жабер хааны өлмий дор…

Анх далайн ёроолоос сувд олборлон амьдардаг байсан Кувейт улс өнөөдөр дэлхийн хөгжлийг тодорхойлж байна. Аагим халууныг үл ажран амьдрах энэ зон олны үүх түүх нь нүүдлийн соёл иргэншилтэй. 1991 онд Иракийн эзлэн түрэмгийлэлд өртөж дайны хүнд хэцүүг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн Кувейтийн ард түмэн өнөөдөр хөгжлийн “ даруухан” хөлөг онгоцыг сонгон сэлүүрдэж явна. Элсний өнгийг эрхэмлэн сонгосон олон жижиг байшин, орчин үеийн тансаг загварын барилга байгууламжууд хараа булаах. Нутгийн бүсгүйчүүдийн нүүрээ халхлах гивлүүр, эрчүүдийн тэргүүн дэх эрээн өнгийн алчуур зэрэг нь энэ нутгийн ёс, зан заншлыг давхар илтгэнэ. Персийн булангийн эрэг дээрх эл хотыг “Далайн эрэг дээрх цайз” хэмээн араб хэлээр орчуулдаг байна. Кувейт улс өнөөдөр газрын тосны олборлолтын хэмжээгээр дэлхийд арваннэгдүгээрт, экспортын хэмжээгээр дэлхийд долоодугаар байрыг эзэлж буй. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Кувейт улсын газрын тосны батлагдсан нөөц нь 104 тэрбум баррель буюу 15 км.куб бөгөөд энэ нь дэлхий дээрх нийт газрын тосны нөөцийн есөн хувийг эзэлдэг байна. Тус улсын Бурган газрын тосны орд газар нь дэлхийн дөрөв дэх их нөөцтэй төдийгүй хоёр дахь том газрын олборлолтын талбайтай гэж тооцогддог аж. Газрын тосны салбараа 1976 онд 100 хувь төрийн мэдэлд авсан бөгөөд өдгөө энэ салбар улсынхаа эдийн засгийн 43 хувийг дангаараа бүрдүүлдэг.
Хөгжлийн хүрдийг газрын тосны ундаргаар “эргүүлдэг” энэ улсын түүхийн хуудсыг сөхөхөөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөл Эль- Кувейт хотыг зориод буй нь энэ. Бидний энэхүү томилолтыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Кувейтийн Мэдээллийн яамныхан хамтран зохион байгуулсан юм. Манай сурвалжлах багийнхны эхний зочилсон газрын нэг бол Газрын тос байгалийн хийн үзэсгэлэнгийн танхим байв. Тус үзэсгэлэнг Ахмад Аль-Жабер хааны гэгээн дурсгалд зориулжээ. Их хааны үед газрын тосны хайгуулын олборлолт эхэлсэн учраас түүний нэрээр нэрлэж мөнхжүүлсэн байна. Есөн танхимаас бүрдэх уг үзэс­гэлэнд газрын тосны үүсэл хөгжлийг дэлгэн тавьжээ.

Бичил биетийн хөврөлтэй газрын алт


Кувейтэд ирсэн зочдын хамгийн ихээр сонирхдог зүйлийн нэг бол “Газрын тос хаанаас үүдэлтэй вэ, олборлолт хэрхэн явагддаг вэ, хэдий хугацааны нөөцтэй вэ, газрын тосны нөөцөө дуусчихвал та нар яаж амьдрах вэ” гэсэн асуулт байдаг аж. Тэгвэл уг асуултын хариуг үзэсгэлэнгийн танхимаас хамтдаа хайя. Газрын тос байгалийн хийн үзэсгэлэнгийн тайлбарлагчийн хэлснээр, “Газрын тос бол хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан биетүүдээс үүсдэг. Нарны гэрлийн хүчлийн үйлчлэлээр газрын доогуур орж далайн доод талд хаагдчихсан байдлаас газрын тос бий болно. Үүнийг том амьтдын үргэлжлэл болон замаг шавар бүрхсээр байгаад газрын тос үүсэх бактер, бичил биетүүд үүсэн хэдэн сая жилийн процессыг дамжсаны үр дүнд өнөөдрийн газрын тос бий болдог. Газрын тос үүсэх процессыг харуулж буй энэ төв бол Ойрхи Дорнодод байрлах хамгийн том төв гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Өмнө нь байгалийн газрын зүй тогтлоосоо болж газрын тос үүсдэг байсан бөгөөд нэг талаараа Кувейтэд том биетэй амьдардаг байсныг баталдаг. Эдгээр том биетэй амьтад газар дор ороод цөлжсөн гэж үздэг. Хэдэн сая жилийн өмнө Кувейтэд цаг агаар өөр байсан төдийгүй дэлхийн хөдөлгөөний тив өөрчлөгдсөнөөр газрын тос хуримтлагдсан. Газрын тос хуралдаж бөөгнөрсөн хэсгийг газрын тосны ай сав гэж нэрлэдэг. Ай сав газрын тогтоцыг хөдөлгөхөөр газрын тосны олборлолт хийх нөхцөл бүрддэг юм. Гэхдээ олон төрлийн ай сав байдаг төдийгүй энэ нь өөр өөрийн тогтоцтой. Газрын тосны эрт үеийн хэрэглээ нь хүмүүс анх нээж олоод усан онгоцны гадна талыг бүрж ус нэвчихгүй гэсэн зориулалтаар хэрэглэдэг байв. Үүний дараа газрын тосны шатамхай чанарыг нь олж мэдсэнээр зэвсэг хийхдээ гал гаргах зориулалтаар ашиглаж байсан. Үүнээс гадна арьсны янз бүрийн өвчинд ч хэрэглэдэг байжээ. Газрын тосны хэрэгцээг анх 1800- гаад оны үед Каспийн тэнгисийн Бакугаас олборлож байсан түүхтэй” гэсэн юм. 1859 онд АНУ-ын Пеннсилвани муж хамгийн түрүүнд газрын тосны олборлолт хийж байсан бол 1900 оны эхэн үед “Фортес” компани нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэн нэвтрүүлснээр газрын тосны эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. Харин Кувейт улсын хувьд 1936 онд газрын хайгуул хийсэн боловч экспорт хийж гаргахад хангалттай биш гэж үзээд хайгуулын ажлыг зогсоожээ. Түүний дараа буюу 1938 онд Бурган газрын тосны нөөцийг илрүүлснээр Кувейт улсын шинэ түүхийн хуудсыг нээжээ. Бурганаас газрын тос олборсоноос хойш найман жилийн дараа анхны экспортоо хийж, 1949 онд анхны боловсруулах үйлдвэрээ байгуулсан байна. (Монгол Улсад одоо яригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг Кувейт улс 69 жилийн өмнө байгуулсан гэсэн үг). 1958 оноос Кувейт улс өөрийн эзэмшлийн усан онгоцоор тээвэрлэлт хийдэг байсан аж. Тухайн үедээ газрын тосны олборлолтоо бусад орнуудтай хамтран ашигладаг байсан бол 1976 онд Кувейтийн Газрын тосны төрийн өмчит компани 100 хувь мэдэлдээ авчээ. Энэ цагаас хойш тус улсын иргэдийн амьжиргааны төвшин дээшилж бусад орнуудтай зэрэгцэж хөгжих хаалга нээгдсэн юм. Харамсалтай нь, 1990 онд Ирак улсын эзлэн түрэмгийлэл тэдний хүсэл мөрөөдөлд цэг тавьж байсан удаатай. Тус улсын эзлэн түрэмгийллийн үеэр газрын тосны салбарын 90 хувь нь бүрэн устгагдаж дайны хөлд нэрвэгдсэн юм. Иракийн эзлэн түрэмгийллийг олон улсын цэргийн дэмжлэгтэйгээр зогсоож чадсан бөгөөд Монгол Улсын хувьд туурга тусгаар, тус улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халдсаныг буруушааж, өмгөөлж явсныг өнөөдрийн Кувейт улс мартаагүй юм. Тиймээс ч тус улсын Эмир Монгол Улсад жил бүр айлчилж элгэмсдэг ажээ. Зөвхөн тус улсын хаан төдийгүй энгийн иргэд ч Монголын талаархи мэдлэгтэй. Манай улсыг уужим тал нутаг, аялал жуулчлалын хамгийн сонирхолтой бүс гэж үздэг төдийгүй Кувейт улстай адилхан байгалийн нөөц гэдгээр нь илүү сайн мэддэг ажээ.

Газрын тосыг инженерийн ухаан тосч авдаг

з

Хүмүүс газрын тосыг ундраад гараад ирэхээр нь шууд тээвэрлэлт хийгээд ашиг олдог гэж боддог байна. Тэгвэл газар дээрээ газрын тос хэрхэн бүтдэг тухай мэдээллийг энэ танхимааас харж болно. Газрын тос бий болоход гурван чулуулаг хэрэгтэй. Нөөц, биежүүлэгч, хадгалагч чулуу гэж хуваадаг аж. Нөөц чулуу нь газрын тос үүсэх хамгийн чухал эрдэс болдог бөгөөд үүнийгээ хамгийн төгс гэж үздэг байна. Дараагийн чулуу нь спонч хэлбэртэй (манайхны ойлголтоор аяга тавга угаадаг зөөлөвч) базвал гоождог. Өөрөөр хэлбэл, газрын тосыг урсгачихгүйн тулд үүнийг хэрэглэдэг гэсэн. Чулуулгын хувьд том хэмжээтэй, янз бүрийн чулуу багтана. Харин газрын тосыг илрүүлэхдээ газрын дээрээс зураг авах, эсвэл доод талд нь үзэх, газрын татах хүчийг ашиглах, соронзон чулууг ашиглах аргыг хэрэглэнэ. Кувейтэд хамгийн ихээр хэрэглэдэг нэг арга нь долгионы арга. Энэ аргаар газрын гүний бүтцийг гаргаж ирдэг. Энгийнээр тайлбарлавал тус улсын газрын тосны мэргэжилтнүүд газраа чагнаж, мэдэрч, судалдаг аж. Түүнээс биш шууд л дуртай газраа ухна гэсэн ойлголт өмнө ч байгаагүй, одоо ч байхгүй. Түүнийх нь баталгаа болсон 8000 гаруй судалгааны дээж энэ танхимд бий. Өөр бас анхаарал татсан зүйлийн нэг нь тэд инженерүүдийнхээ ухаанд итгэдэг нь харагдаж байлаа. Газрын тосны өрөмдлөг хийхийн тулд хамгийн түрүүнд инженерийн зураг төсөл хийнэ. Энэ зураг төсөлд хэчнээн хөрөнгө санхүү шаарддаг гэдгийг тодорхойлон хэлээгүй ч тэд ямар ч байсан баялагтайгаа буруу харьцдаггүй юм байна гэх сэтгэгдлийг төрүүлсэн. Инженерийн төлөвлөлтийг хийснээр газрын тосоо хөндлөн ухах уу, эсвэл босоо чиглэлд ухах уу гэдгээ шийднэ. Үүнд хэчнээн өрөм шаардлагатай, толгой хэрэгтэйг зөвхөн инженер мэднэ. Эхний өрөмдлөг хийхтэй зэрэгцээд тосолгоо усалгаа давхар явагдана. Газар доогуур ухаж байгаа бүх үйл явцыг хянах системээр хянана. Газрын гүнг өрөмдөх тусам маш их даралт ирдэг байна. Тиймээс газрын даралтаас хамгаалж цементээр цутгалт хийнэ. Газрын гүн рүүгээ орох тусам хатуурч, материал нь өөрчлөгдөнө. Хатуу материал тулгарвал өрмийн толгой биш, өөр толгойгоор орлуулна. Өрөмдлөг хийх явцдаа дээж авдаг бөгөөд үүний дараа олборлолт эхэлдэг ажээ. Өрөмдлөг ойролцоогоор 70 км-ийн гүн хүртэл явагдана. Ийнхүү олборлосон газрын тосыг мөн л гурван янзаар ангилдаг байна. Тодруулбал, хүнд, дунд, хөнгөн газрын тос гэнэ. Эдгээр газрын тосыг гурван газраас олборлож ашигладаг. Олборлосон газрын тосоо грантаар нээж хуваарилалтыг шууд төвөөс удирддаг байна. Хуваарилалт хийсний дараа тээвэрлэлтийн асуудал бий. Кувейт улс газрын тосоо хөлөг онгоцоор хийдэг. Нэг хөлөг онгоц нь 300 мянган тонн газрын тос тээвэрлэх чадалтай. (Нэг удаагийн 300 мянган тонн газрын тос Монгол Улсын бүтэн нэг жилийн хэрэгцээг хангаж чадна). Газрын тосоо ачихдаа асгаруулахгүйн тулд хоёр аргыг хэрэглэнэ. Хэрвээ газрын том тээвэрлэлтийн явцад алдагдвал нэгдүгээрт газрын тос алдагдсан хэсгийг жижиг усан онгоцоор гадуур нь хашиж тусгаарлана. Дараагийнх нь химийн бодис цацаж урвалд оруулаад газрын бөмбөлөг болгодог. Хамгийн гол нь хөлөг онгоцыг дүүргэж болохгүй тэнцвэртэй байдлыг хангахын тулд тээвэрлэлт хийх явцдаа онгоцны өрөө тасалгаанд сөөлжих хэлбэрээр байршуулдаг. Бидний ойлголтоор шууд шахаад хаалгыг нь хаачихдаг гэсэн үг биш. Өнөөдөр газрын тосоор шатахуун үйлдвэрлэж онгоц, автомашины хэрэгцээ болон цахилгаан станцуудад ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт бордоо, эрүүл мэндийн салбарт гоо сайхны бүтээгдэхүүн, хиймэл эрхтэн хийх, пластик сав, эмийн бүтээгдэхүүнд ашиглаж буй. Үүнээс гадна сентитик материал, дугуй, хүүхдийн тоглоом, угаалгын нунтаг, неллион материал хуванцар үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Газрын тосны олборлолтын хэмжээг харьцуулж үзвэл, дэлхийн хамгийн өндөрт тооцогддог 832 метрийн өндөртэй, 163 давхар бүхий Бурж Халифа цамхгийг ердөө 27 секундэд, Малайзын хоёр цамхаг гэж нэрлэдэг тус бүртээ 452 метрийн өндөртэй, 88 давхар цамхгийг 15 секундын дотор дүүргэж байна. Энэ талаар Кувейт Ойл компанийн Олон нийттэй харилцах албаны дарга Мухаммед Аль-Басри хэлэхдээ, “Манай компани 1935 онд байгуулагдсан. Кувейтийн газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогийн байдлаар нийт 11.600 гаруй ажилтан алба хаагчидтай. Ажилчдын 86 гаруй хувь нь кувейт иргэд бусад нь гэрээт ажилчид байдаг. Өдөртөө гурван сая баррель газрын тос олборлодог. Өнөөдрийн байдлаар газрын тосны экспортод хязгаарлалт тавьсан байгаа. Хязгаарлалт дууссаны дараа өдөртөө дөрвөн сая баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид дэлхий дээр хамгийн сайн шалгарсан техник технологийг ашиглаж байгаа” гэсэн юм.

Галын аюулыг сөрсөн Сара Акбар

Ард түмэн хэчнээн өөрчлөгдөн хувирлаа ч өөрсдийн үндсэн мөн чанараа алддаггүй гэдгийг тэднээс харж болно. Тэд баялгийн үнэ цэнийг ойлгож ингэх тусмаа даруу төлөв, хүнлэг ардчилсан нийгмийг цогцлоохыг хичээж байна. Ялангуяа тэд өвөг дээдсийнхээ алтан сургаалийг чандлан сахиж тэднийхээ халуун сэтгэл, бүлээн цусаар олдсон тусгаар тогтнолоо хайрлан хамгаалахыг эрхэмлэж байна. Анх газрын тосны их баялгийг олсны дараахан гял цал амьдралыг сонгож байсан бол энэ бүхнээс одоо татгалзжээ. Магадгүй ингэх шалтгааныг хүйтэн дайны уршиг, Иракийн эзлэн түрэмгийлэл хатуу гараараа ойлгуулсныг үгүйсгэхгүй. 1990 оны наймдугаар сарын 2-нд Ирак улс зэр зэвсгийн хүчээр Кувейт улсыг эрхшээлдээ оруулж байв. Тэдний эзлэн түрэмгийллийг АНУ, Их Британ, Саудын Араб, Франц, Канад, Египет, Сири, Катар, Нэгдсэн Арабын Эмират, Бангладеш, Оман зэрэг улс орнууд таслан зогсоосон түүхтэй. Кувейтийн газрын тосны цооногийг галдан шатааж хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг тус улсын иргэд онцгой гавьяа байгуулсан байдаг ажээ. Түүний нэг нь 50 гаруй хоногийн турш галын аюулыг сөрж зогссон Сара Акбар байлаа. Тэрбээр галын шугаманд ганцхан эмэгтэй хүн байсан бөгөөд түүний гавьяа зүтгэлийг хойч үе нь мартаагүй билээ. Тэрбээр одоо 80 гаруй настай энх тунх амьдардаг байна. Энэхүү үзэсгэлэнгээр ороод гарах зуурт Кувейтууд өвөг дээдсийнхээ өлмий дор батжин оршиж, хязгааргүй ухааныг нь өвлөж, ирээдүй хойч үеэ хайрлаж чаддаг мэлмий тунгалаг зон олон юм.

Нар жаргахыг үзэх гэрэлт цамхаг
Бидний дараагийн зочил­сон газрын нэг бол Кувейт улсын бэлгэдэл, илэрхийлэл болсон гол байгууламжийн нэг Кувейтийн цамхаг байв. Тус улсын төрийн далбаанаас бусад бараг бүхий л зүйлд Кувейт гэсэн нэртэй салшгүй холбоотой явдаг, дэлхийд алдартай энэ цамхаг нь өндрийн хэмжээгээрээ ялгаатай хурц үзүүр бүхий гурван цамхгаас бүрддэг байна. Гол цамхаг нь 187 метр өндөр, ресторан болон усан цамхгийн үүрэг гүйцэтгэх бөгөөд цамхгийн 123 метрт Viewing Sphere буюу хотын орчинг тольдох бөмбөрцөг байрладаг байна. Энэхүү бөмбөрцөг нь 30 минут тутамд бүрэн эргэлдэх бөгөөд Кувейт хотыг өндрөөс дурандах сайхан боломжийг бүрдүүлжээ. Харин хоёр дахь цамхаг нь 145. 8 метр өндөр усан цамхаг бол гурав дахь нь цахилгааны урсгалыг зохицуулж, бусад хоёр цамхгаа гэрэлтүүлэх үүрэгтэй ажээ. Цамхгийн загварыг Шведийн архитекторууд болох Сюн Линдстрём, Малень Бьорн нар бүтээсэн бөгөөд Югославын барилгын “Energoproject” компани барьж, сүндэрлүүлсэн түүхтэй. Кувейтийн цамхгийн барилгын ажил 1975 онд бүрэн дууссан боловч 1979 оны гуравдугаар сард анхны зочноо хүлээн авчээ. Цамхгийн нийт гурван бөмбөрцгийг битүү бүрсэн гялтганасан бүрээсийг Хятадын зэвэрдэггүй ган төмрийг найман өөр өнгөөр чимэглэн хийсэн бөгөөд нийт 55 мянган ширхгийг шигтгэсэн байдаг гэнэ. Өдөр шөнийн аль ч цагт олон жуулчдын нүдийг хужирладаг Кувейтийн цамхаг наран шингэх үеэр бүр ч үзэсгэлэнтэй харагддаг байна.
Кувейт улсын нийслэл хотод орших бас нэгэн тэнгэр баганадсан өндөр байгуу­ламж бол Liberation Tower юм. Дэлхий дээрх хамгийн өндөр харилцаа, холбооны цамх­гуудын нэг болох энэ цамхаг нь улсын хэмжээнд хамгийн өндөр байгууламж бөгөөд хэдийгээр гадна хүмүүсийг дотогш нэвтрүүлдэгггүй боловч үзэж сонирхох гэсэн хүмүүс цамхгийг зорьсоор байдаг ажээ. Дээрх цамхгуудаас гадна Кувейт хотод Үндэсний музей, Саду байшин, Байт Эль-Бадр, Сейфийн ордон, Үндэсний ассамблей /National Assambley/, Лалын шашны их сүм /Grand Mosque/, Дайны музей /War Museum/, Энтертайнмент хот
/Entertainment City/, Шинжлэх ухааны төв /Science Center/ зэрэг Кувейтэд зочилсон зочид төлөөлөгч, жуулчдын заавал очих ёстой дурсгалт газрууд бий. Үнэ төлбөргүй нэвтэрч болох Кувейтын үндэсний музейд энэ улсын түүх, байгаль, зан заншил, соёлтой холбоотой.

Нэг тэрбумын өртөг бүхий Соёлын төв
Кувейтийн иргэд соёл урлагийг ихэд дээдэлдэг аж. Тэд үр хойч үедээ үлдээх хөрөнгийн нэг хэсгийг өвөг дээдсийн ухаанаар бүтсэн үүх түүх, зан заншил гэж үздэг. Тиймээс энэ бүхэнд тэд гар татдаггүй гэдгээ онцолж байв. Биднийг очихоос ердөө 14 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 14-ний өдөр нэг тэрбум бүхий өртөгтэй Але Салемын соёлын төвийг нээжээ. Энэхүү соёлын төв Байгалийн түүхийн музей, Шинжлэх ухаан техникийн музей, Арабын Исламын шинжлэх ухааны музей, Сансрын музей, Чөлөөт уран бүтээлийн галерей болон театраас бүрдэх аж. Соёлын төв нийт 130 мянган м2 талбай эзлэх бөгөөд гайхалтай инженер болон зураг төслийн багийнхны хамтын бүтээл болж чадсанаараа онцлогтой. Тус төвд нийт 22 музей байдаг төдийгүй урлагийн 1100 гаруй бүтээл бий. Төвийн гадна засал, дотоод засал нь бүгд Кувейт улсын өв уламжлалтай. Манай сурвалжлах багийнхныг Байгалийн түүхийн музей, Сансрын музейгээр аялуулсан юм. Байгалийн түүхийн музейд дахин давтагдашгүй өнгө “ноёрхож” өнгөрсөн болон одоо үетэй танилцуулна. Өмнөд Азийн ширэнгэн ойг яг л жинхэнэ мэтээр байршуулан тавьжээ. Од эрхэсийн тохиол, ан амьтдын жинхэнэ дүр төрх ийм л байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Энд тэндгүй жиргэх шувуудын жиргээ нь амар амгалангийн ертөнцөд хөл тавих мэт. Мөн далайн амьтад тусгай зориулалтын усан сан бэлтгэж байршуулжээ. Энд бас шүрэн арал бий. Музейн гол хэсэгт тогос мэт харагдах энэ арал хүүхэд багачуудын анхаарлыг ихээхэн татах ажээ. Үүний дараа бид Сансрын музейгээр оров. Сансрын тухай судлах нь үргэлж хүн төрөлхтөний сонирхлыг татсан хэвээр байгаа юм. Сансар ертөнц нь одоо хүртэл нууцлаг бөгөөд тайлагдашгүй байсаар ирсэн. Энэхүү сансар ертөнцийн төв нь дэлхий ертөнц болон сансар огторгуйг илүү тод томруунаар харуулах боломж олгожээ. Энд ирсэн зочид сансрын нисгэгчдийн хувцас болон манай гаригийн ойр орчмыг яг хажууханд нь байгаа мэтээр харж болно. Хүн төрөлхтөний хийсэн хамгийн том нээлт амжилтуудын дунд яах аргагүй сансар судлал ордог билээ. Мөн урлагийн төв нь чөлөөт уран бүтээлчдийн галерей урлаг соёлын оддын студи, уран бүтээл гаргах зай талбайтай юм. Кувейтийн үндэсний дүр төрхийг харуулсан бүтээлүүд олонтой. Үүнээс гадна сүүлийн үеийн шашны хөгжлийн талаар, онцлогийг харуулсан музей ч тус соёлын төвд бий.

II бүлэг
Кувейтийн хэвлэлийн тухай
Мазен Али Аль-Ансари: Монголын сэтгүүлчдэд Кувейт үргэлж нээлттэй
Бидний энэ удаагийн томилолтын нэг зорилго Кувейт улсын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох байв. Тиймээс бид эхлээд Мэдээллийн яамыг нь зорилоо. Эхний уулзсан хүн бол Кувейт улсын Мэдээллийн яамны гадаад сурталчилгааны салбарын Ази, Австрали хариуцсан захирал Мазен Али Аль-Ансари байв. Тэрбээр биднийг эелдэг дотноор хүлээж аваад Кувейт улсын хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Ингээд түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч урьсанд талархаж байгаагаа илэрхийлье. Танай сайхан эх орны түүх, соёлтой танилцаж байгаадаа баяртай байна. Та Азийн орнуудыг хариуцаж ажилладгийн хувьд Монголын сэтгүүлчдэд урилга илгээв үү?
-Кувейт улс бол бусад тив орнуудынхаа иргэдтэй, тэр тусмаа хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахыг чухалчлан үздэг. Миний хувьд Ази, Австралийн орнуудыг хариуцаж ажилладаг. Энэ орнуудаас Монголын үзэсгэлэнт сайхан байгаль нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдагаас гадна манай Эмир жил бүр Монголд очиж амарч аялдаг. Тиймээс энэ орны сэтгүүл зүйн байгууллагынхантай хамтарч ажиллах зорилготой байгаа. Дараагийн нэг шалтгаан бол хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид нийгэмдээ танигдсан, нийгмийн төлөөлөл гэж үздэг учраас Кувейт улсын талаархи мэдээллийг Монгол Улсад танилцуулахыг хүссэн юм. Тиймээс Монголын сэтгүүлчдэд Кувейт орон үргэлж нээлттэй гэж хэлмээр байна.
-Дэлхийн бусад орнуудын иргэдийн нийгмийн халамж янз бүр байдаг. Бидний анзаарсан зүйлийн нэг нь танай орны иргэд төрөөсөө ихээхэн халамж хүртдэг нь харагдаж байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Манай улсын хувьд бусад орнуудын иргэдийг бодвол халамж сайн авдаг гэдэгтэй санал нийлж байна. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэ төлбөргүй олгодог. Тодруулж хэлбэл цэцэрлэгээс нь эхлээд сургуулиа төгсөх хүртэл бүх зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Хэрвээ манай улсын иргэд өөрийн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин туссан тохиолдолд гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл мөн л төрөөс санхүүжилтийг хариуцдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгоно.
-Нийгмийн халамж ийм өндөр ч хар тамхины хэрэглээ болон гэр бүлийн салалт их байдаг гэж сонслоо?
-Хар тамхины хэрэглээ манай улсад хориотой. Гэхдээ бид хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан хар тамхины хор уршгийг байнга таниулан сурталчилдаг. Гэр бүлийн салалтын хувьд харьцангуй бага байх. Энэ мэдээллийг статистикаар шалгах хэрэгтэй. Яагаад гэр бүр салалт бага гэж үзээд байгаа нь манайд нэг гэр бүл дотроосоо гэр бүл болох нь элбэг тохиолддог учраас үүнийг нь эцэг эхчүүд зөвшөөрөхгүй. Нөгөө талаар эдгээр хүмүүс гэр бүлтэйгээ муу харилцаа үүсгэхийг хүсдэггүйтэй холбоотой. Хэдийгээр ийм боловч бид гэр бүлийн талаарх нэвтрүүлэг, ток шоуг байнга хийдэг.
-Тэгвэл хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал нь. Хэдийгээр сургууль цэцэрлэгт боловсрол олгодог ч гэр бүлийн хүмүүжил гэр бүлд явагддаг. Тиймээс энэ бүхэнд эцэг, эхчүүд өөрөө үлгэрлэх хэрэгтэй. Би одоо 40 настай хэдий ч ээжээсээ айдаг. Яагаад гэвэл энэ нь хүндэтгэлийн нэг хэлбэр юм. Харин би өөрийн хүүхдүүдээ хар тамхи хэрэглэж болохгүй гэж хэлдэг. Зөвхөн хүүхдүүдээ аливаа зүйлийг ойлгуулахын тулд үзэл сурталд нь бага гэхгүй нөлөөлөл үзүүлж байх хэрэгтэй болов уу.
-Тантай уулзахаасаа өмнө таны мөрөөдлийн талаар сонсоод сайхан сэтгэгдэл төрлөө?
-Бид өнөөдөр гэрийн даалгавраа биелүүлэхийн тулд амьдарч байна. Зарим арабын орнууд аялал жуулчлалын салбарт амжилтад хүрч байгаа. Үүнийг бид зүгээр хараад сууж болохгүй гэж боддог. Жишээ нь миний мөрөөдөл Файлака арал дээр олон улсын нисэх онгоцны сүлжээний зочид буудлыг байгуулж, шинэ гольфын талбай бий болоосой гэж хүсдэг.
Мухаммед бин Нажжи:
Гадаад иргэдийн тусгай телевизийн сувагтай
Өнөөдөр Кувейт улсад үйл ажиллагаа эрхэлдэг телевизийн нийт 28 суваг байдгийн 21 нь хувийн өмчит телевиз байдаг аж. Өөрөөр хэлбэл, тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх нь төрийн мэдэлд гэсэн үг. Үүнд үндсэн суваг, үндсэн сувгийн ll суваг, англи хэл дээр мэдээлэл бэлтгэдэг суваг, үндэсний ассамблей буюу парламентын үйл ажиллагааг дагнан сурвалжилдаг суваг, шашны асуудлаар дагнасан суваг, спортын суваг, соёл урлаг, баримтат киноны сувгууд багтана. Энэ талаар Мэдээллийн яамны мэдээ улс төрийн нэвтрүүлэг хариуцсан туслах сайд Мухаммед бин Нажжигаас тодрууллаа.
-Танай улсын хэвлэл мэдээллийн салбарын онцлогийн талаар сонирхуулахгүй юү?
-Манай улс 1.3 сая гаруй иргэнтэй, үүнээс гадна гадаадын 4 сая гаруй иргэн амьдарч, ажиллаж байна. Тодруулбал, манай кувейт иргэдээс гурав дахин их гэсэн үг. Эдгээр гадаадын иргэд Кувейт улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж бид үздэг. Тиймээс бид тэднийг мартах ёсгүй учраас тэдэнд зориулсан мэдээнийй сувгийг аль болох олон хэлээр бэлтгэж явуулдаг. Кувейт улсын бодлогын хувьд ч гадаадын иргэдийн амьдрах тохь тухыг анхаарч ажилладаг.
-Телевизийн зохион байгуулалтын талаар ярьж өгөөч?
-Манай телевизэд олон нийттэй харилцах араб хэлний хэлтэс, гадаад мэдээний хэлтэс, сошиал медиа хариуцсан сэтгүүлчид ажилладаг. Нийт зургаан телевиз 11 станцаас бүрддэг. Радио сувгийн хувьд гадаад хэлний сургалтын чиглэлээр дагнасан нэг радио станцтай. Франц хэлний шинэ суваг нээхээр ажиллаж байгаа. Телевизийн мэдээгээ араб хэлээр өдөрт гурван үндсэн мэдээ, дөрвөн товч мэдээ, англи мэдээг үзэгчдэд хүргэж байна.

Файсхл Лайл Аль- Мутлакем:
Кувейт улс хэвлэлийн цензургүй, гэхдээ бүгд хуульд захирагдана

Монголын сэтгүүлчдийг хүлээн авч биднийг ажиллах боломжоор хангасан эрхмийн нэг бол Кувейт улсын Мэдээллийн яамны Гадаад харилцааны асуудал хариуцсан туслах сайд Файсхл Лайл Аль-Мутлакем юм. Түүнтэй Кувейт улсын хэвлэл мэдээллийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Монголын сэтгүүлчид танай хэвлэлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ явцад хамгийн их сонирхол татсан зүйлийн нэг нь Кувейт Улс хэвлэлдээ хэр цензур тавьдаг бол гэсэн асуулт гарч ирлээ?
-Кувейт Улсын хувьд цензур байхгүй. Манай улсын хуульд хэвлэл мэдээллийн салбарт хориглосон заалт байхгүй бөгөөд хувь хүнийхээ хувьд үүнийг эсэргүүцдэг. Мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой. Манай хуульд хоёр зүйл бий. Үүнд нэгдүгээрт, шашны асуудал. Зөвхөн исламын шашин биш дэлхийн бүх шашны эсрэг үзэл суртлын агуулгатай мэдээлэл байвал цензур тавина. Хоёрдугаарт, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд харшилсан мэдээлэл байвал түүнийг гаргах боломжгүй. Ийм хоёр тохиолдлоос өөр нөхцөлд тавихгүй. Бусад нь хуулиар баталгаажсан хэвлэлийн эрх чөлөө юм.
-Тэгвэл үндэсний аюулгүй байдлыг хангахад хэрхэн ажилладаг вэ. Энэ тал дээр бие даасан хууль байгаа юу?
-Мэдээллийн салбарт байхгүй. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд манай улс парламентын засаглалтай. Парламентын засаглал бол ард түмний төлөөлөл. Тиймээс хуулийг нь батлаад Засгийн газрыг хэрэгжүүл гэсэн үүрэг өгнө. Эндээс гарч ирж байгаа хуулийг иргэд мөрдөх ёстой. Бусад улс орнуудад халдсан эсэргүүцсэн, үндэсний аюул­гүй байдалд нөлөөлөхийг оролдсон, эвэл бурхан шашны эсрэг чиглэсэн мэдээллийг хориглоно гэсэн заалт бий. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл хуулийн дагуу шийтгэл хүлээнэ.
-Энэ заалтаар шийтгүүлсэн сэтгүүлч байгаа юу?
-Кувейт улсын сэтгүүлчдийн хувьд энэ заалтаар шийтгэгдсэн тохиолдол байхгүй, учир нь тэд хуулийн дагуу ажилладаг. Харин сошиалаар мэдээлэл цацаж хуулийн дагуу шийтгүүлсэн хүн бий. Гэхдээ бид үүнийг сэтгүүлч гэж хэлэхгүй. Албан ёсны сэтгүүлчдийн үгийг олон нийт хүлээж авдаг юм.
-Сэтгүүлчдийн аюулгүй байдал болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Кувейт улсад Сэтгүүлчдийн эвлэ­лийн хороо ажилладаг. Энэ хорооны удирд­лагыг чөлөөт зарчмаар сонгоно. Харин Мэдээллийн яамны хувьд сэтгүүлчдийнхээ эрх чөлөөг хангаж ажилладаг. Хамгийн чухал зүйл бол Кувейт улсын хууль дүрэм. Зөвхөн сэтгүүлчид ч биш хүн бүхэн дагаж мөрдөх ёстой. Сэтгүүлчидтэй таарсан иргэд тэдэнтэй хүндэтгэлтэй хандаж, тэд мөн иргэддээ хүндэтгэлтэй хан­дах нь чухал. Ийм нийтийн харил­цан итгэлцлийн дор ажил үүргээ гүйцэтгэнэ. Олон хүний үзэл бодол манай нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бид бүх мэдээллийг нээлттэй байлгахыг зорьж ажилладаг. Нэг зураачийн зураг сонирхол татдаггүйтэй адил олон хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэж боддог.
-Дэлхий нийт сошиал медиаг илүүд үздэг болжээ. Танай иргэд хэр идэвхтэй хэрэглэгч бол?
-Булангийн орнуудын иргэд их завгүй байдаг болохоор твиттэрийг их хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нөгөө талаар тэд их ярих дургүй хүмүүс учраас үүнийг сонгодог байх. Хамгийн сүүлд авсан судалгаагаар манай улсын иргэд instagram, snapchat-ийг их хэрэглэдэг юм билээ.

Кувейт Улсын Мэдээллийн яамны урилгаар хүрэлцэн ирсэн Монголын сэтгүүлчдийн төлөөлөл тус улсын хэвлэлийн байгууллагын үйл ажиллагаатай ийнхүү танилцсан юм.
Үргэлжлэл бий.
Эль-Кувейт хот

Сэтгүүлч В.Сарантуяа

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...