Нийслэлд хийгдэх авто зам шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.
Тодруулбал энэ үеэр Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил хийгдэх юм байна. Тиймээс замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор нийтдээ найман газарт түр зам гаргахаар төлөвлөжээ.
Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүчийг нэмэгдүүлээд, 1.6 жилд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангасан гэнэ. Тэгэхээр аравдугаар сарын 30 гэхэд гүүрний ул суурь буюу тулгуур багана дан нурууг бүрэн хийж амжих аж. Замын цагдаагийн гүүр нийт 96 том тулгуур баганатай, 470 м урттай. А, В, С гэсэн гурван рамтай байх юм байна.
Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог замын цагдаагийн уулзвар нь Нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэл, баруун тийшээ Энхтайвны гүүр, урагшаа Home plaza, хойшоо Гадаад хэргийн яам хүртэл түгжрэл үүсдэг байсан. Гүүр ашиглалтад орсноор энэ түгжрэл байхгүй болно. Мөн авто замтай огтлолцдог төмөр замаар өдөрт 40 гал тэрэг зорчдог. Ингэх тоолонд авто машины хөдөлгөөн хязгаарлагдаж түгжрэл үүсдэг. Мөн авто машин, гал тэрэг мөргөлдөх осол аваар их гардаг байсан бол гүүрэн гарц байгуулснаар энэ асуудал шийдэгдэнэ гэж тооцжээ.
Хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагуудын баг хамтран хэд хэдэн санал гаргаж, Дүнжингарав хороолол, Оддын хотхон, Баянмонгол хорооллын хөдөлгөөнийг таслахгүй байхаар зохион байгуулах аж.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр ярихдаа “Замын цагдаагийн уулзвар босоо чиглэлтэй хаагдаж байгаа учраас, дугаарын хязгаарлалт хийж, олон хоног зам хаахгүйгээр зохицуулалт хийж байгаа нь энэ.
Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна.
Тодруулбал, бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм.
“Замын цагдаагийн уулзвар нь Улаанбаатар хотын урд хойд хэсгийн холбодог том уулзвар. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор ЗЦА-наас ачааны авто машины хөдөлгөөний хязгаарлах санал гаргасан. “Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн ачааны төв рүү чиглэсэн ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын маршрутыг өөрчлөх саналтай байгаа. Иргэдийн хувьд үргэлж автомашинаар зорчих шаардлагыг тавьсаар ирсэн. Өвлийн улиралд автомашингүй байх хэцүү ч зуны улиралд бол явганаар, дугуйгаар зорчих боломжтой учраас хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна” гэлээ.
Эдгээр саналуудыг цахимаар танилцуулж иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх ажээ. Санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөнө гэсэн үг. Дугаарын хязгаарлалтыг ингэж өөрчилж зам засварын томоохон ажлуудыг хийснээр цаашид хотын зам түгжрэлгүй болоход ихээхэн хувь нэмэр оруулах юм.