Адил утгыг хоёр өөр хэлбэрээр бичиж хэвшиж байгаагийн нэгэн жишээ бол “хойд”, “хойт” хэмээх үгс билээ. Хойд Америк гэхийг хойт Америк гэх мэтээр хоёр янзаар бичихийн чухам аль нь зөв бэ?
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “хойд” гэсэн хэлбэрээр 1. Умар, 2. Ар тал, 3. Дараа (хойд үе гэх мэт), 4. Ирээдүй (хойдыг бодох) гэх мэтээр тайлбарлажээ. Бас “Хойт” гэсэн толгой үгний тайлбарт “Хойд” гэснийг үз гэжээ.
Харин Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Хойд” гэж монголын нэгэн овгийн нэр хэмээн, “хойт” гэсэн хэлбэрт зүг чиг, ар тал, дараагийн гэсэн утгуудыг оноожээ. Чой.Лувсанжавын “Монгол бичгийн хадмал толь”-д Цэвэлийн тольтой адил байна. Энэ уламжлалыг академич Л.Болдын 2003 онд хэвлэгдсэн “Монгол хэлний зөв бичих зүйн толь”-д дагасан хэдий боловч “хойд” гэдэгт ямар нэгэн утга оноогоогүй байна.
Гэтэл эсрэгээр Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”-д “хойд” гэж байхаас “хойт” гэж алга байна. Эндээс харахад монголчуудын дунд алдартай Цэвэлийн толь болон Ц.Дамдинсүрэнгийн толинд энэ үг тэс өөрөөр байна. Монгол бичгээр зүг чигийг заасныг нь “хойду”, овгийн нэрийг “хойд” гэж бичдэг. Дуудлага ижил ч эдгээр үгсийг монгол бичигт бичлэгээр нь ялгаж өгсөн байна. Үүнийг хэл шинжлэлд “омоним” буюу “ижил нэр” хэмээнэ.
Бидний одоо хэрэглэж байгаа шинэ үсэгт хойд, хойт хэмээн утга ялгаж буй мэт ч хоёуланг нь “хойд” хэмээн бичих нь зөв юм. Учир нь “хойд”, “наад”, “цаад” гэхийг монгол бичгээр “хойду”, “нагаду”, “чинаду” гэж бичих ба хэрвээ “хойт” гэж бичнэ гэвэл “наад”-ыг “наат”, “цаад”-ыг “цаат” хэмээн буруу бичих болох юм.
Д.Боролзой /http://borolzoi.blogmn.net/