УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай хэлэлцүүлгээс авсан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын таван хоногийн завсарлага дууссан тул тус бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгааг онцлоод, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад хариуцлага хүлээлгэж Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн, парламентад ажилласан байдал, боловсрол мэдлэг туршлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлж буйг өгүүлээд, түүний товч намтрыг дурдсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, автын инженер, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллажээ. Ж.Бат-Эрдэнэ 2016, 2020 онд Булган аймгийн, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны зургадугаар сараас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намын бүлгийнхээ гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тогтоолыг уншиж танилцуулан, шинээр сонгогдсон дэд даргыг суудалд нь урив.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...