Монгол, Японы хүн төвтэй харилцааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Эзэн Хаан Нарүхито Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Угтах ёслолд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчид болон Эзэн Хааны одон хүртсэн монгол иргэд, Мэргэжлийн сүмо бөхийн Их аваргуудын төлөөлөл оролцлоо.

Айлчлалын үеэр Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газарт морилж, түүх, соёл, зан заншилтай танилцаж байна. Ус сувгийн удирдах газар, ундны усны “Гачууртын эх үүсвэр”, Монгол-Японы эмнэлэг болон боловсролын байгууллагад зочлохоос гадна манай улсад оршин суугаа япон иргэдийн төлөөлөл, Япон Улстай харилцаа холбоотой монгол иргэдийг хүлээн авч уулзана.

Хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1996 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн, 2010 оноос “Стратегийн түншлэл”-ийн, 2022 оноос “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр мөн халуун дотно хүлээн авч байсныг талархан дурслаа. Энэ удаа Эрхэм дээд Хатан Масако-гийн хамт төрийн айлчлал хийж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, зан заншилтай илүү ойр танилцаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ. Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...