ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

Нийслэл Улаанбаатарын “Үнэн зоригт” дарга Х.Нямбаатарын шийдвэрээр муу нэртэй ТҮЦ-ээсээ салах кампанит ажил өрнүүлэв. Дотроо шээж баадаг, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, зөвшөөрөлгүй, явган хүний зам хаасан гэх үндэслэлүүдээр газар чөлөөлсөн гэж албаны хүмүүс тайлбарласан. Нийтийн эрх ашгийг хангах гэдэг талаасаа зорилго нь зөв байж болох ч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр ТҮЦ албадан чөлөөлөхдөө хүний эрхийн зөрчил гаргасан гэдгийг ХЭҮК албан ёсоор мэдээлсэн.

Тус комиссын гишүүн Б.Энхболдын олон нийтэд мэдэгдсэнээр, ТҮЦ эрхлэгчдэд бүрэн мэдээлэл өгч, боломжит хугацаанд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог хангаагүй, яриа хэлэлцээр хийснээ баримтжуулаагүй, ТҮЦ буулгах албан ёсны захирамжийг гардуулж өгөөгүй. Үүний улмаас ТҮЦ эрхлэгчид шүүхэд гомдол гаргах эрхгүй байсан, Захирамжийн бэлтгэл ажлыг хангалтгүй хийснээр иргэний эрх зөрчигдөж, иргэдтэй хүнлэг бус харилцаж, эд хөрөнгөөр хохироосон…

ТҮЦ буулгахдаа хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг аваагүй, ХЭҮК-оос хүний эрхийг зөрчихгүй байх талаар зөвлөмж өгөөд байхад үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж байсан… Эндээс харахад Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага болох ХЭҮК-ыг үл тоомсорлодог түшмэдтэй болсныг илтгэнэ.

Сайн муугаараа дуудуулж олон жил оршсон ТҮЦ нийслэлийн өнгө үзэмжид муугаар нөлөөлж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байж болох ч чөлөөлөхдөө хүний эрхийг зөрчиж болно гэсэн үг огт биш. Даргын далласан газар ил гарч, далайсан газар нь далд ордог түшмэдийн ТҮЦ буулгахдаа хүний эрх зөрсөн ганц энэ жишээ Монголд хууль биш хүн засаглаж байгааг бэлхнээ нотлов. Төрийн нэрийн өмнөөс яваа хэнбугай ч гагцхүү хуулийн хүрээнд ажиллах хязгаартай. Ардчилсан нийгэм үүгээрээ л ялгардаг.

Хүний эрхийн үндэсний комиссоос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт ТҮЦ албан чөлөөлөхдөө хүний эрхийн зөрчил гаргасан ямаан омогт албан тушаалтнуудад хариуцлага тооцох зөвлөмж, шаардлага хүргүүлсэн тухай тус комиссын гишүүн Б.Энхболд мэдээлсэн. ХЭҮК-ын тухай хуулийн 28-р зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тов тодорхой заасан байдаг.

Тэгэхээр нийслэлийн “Үнэн зоригт” дарга Х.Нямбаатар хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх үүрэгтэй гэсэн үг. Будапештэд бултаараа яваа нийслэлийнхэн хүний эрхийг хөсөр хаясан, хууль зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг нийтээрээ шаардъя. ТҮЦ муухай ч хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг “Дарга арми”-ийн ялзарсан ёс суртахуун түүнээс ч муухай, хуулийн засаглалд халтай, илүү ноцтой юм шүү.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их...

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэллээ

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955...

Ирэх сараас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар...

“МАК” цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах үйлдвэр байгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор...