Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал зөвшөөрөл нэртэй төрийн олон шат дамжлагыг хална гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл одоогоор Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Барилга, хот байгуулалтын яам “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан акт, журмуудаа хүчингүй болгоод байна. Энэ нь төр хүнд суртлаа багасгаж, иргэндээ ээлтэй, дарамтгүй төрийг бүтээж байгаа хэрэг юм. Тухайлбал, барилгын салбарын хууль давсан журмуудыг ч цуцалж 128 төрлийн зөвшөөрлийг 88 болгожээ. Тусгай зөвшөөрлийн журам 11 зүйл 116 заалт байсныг 3 зүйл 10 заалт болгож хүнд суртлыг бууруулсан байна.
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох гэх мэт журмууд хүчингүй боллоо.
Ингэснээр 200 хоног дарга, мэргэжилтнүүдийн гарын үсэг зуруулах гэж үүд сахиж чихэр набор барьж гүйж авдаг байсан зөвшөөрлийг 7-10 хоногт шууд цахимаар авах боломжтой болсон байна. Мөн эрүүл мэндийн салбарын зөвшөөрлийг журмаар зохицуулан ажлын 48 өдөрт олгодог байсныг болиулж хуульд нийцүүлэн ажлын 22 өдөрт олгоно гэх мэь чихэнд чимгэтэй өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа үргэлжилсээр байна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ бүх ажлыг дүгнэн хэлжээ.



Мөн тэрээр, “251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 тусгай зөвшөөрлийг хууль давсан журмаар зохицуулж байсан бөгөөд зөвшөөрөл нь иж бүрэн хориглолтын систем болсон гэж хэлж болохоор байв. Анх 360 зөвшөөрлөөс илүү зөвшөөрөл байхгүй гэж 2022 онд хуульчилсан ч хоёр жилийн дотор 16 зөвшөөрөл нэмэгдсэн. Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сан байгуулна гэвэл 138 шат дамжлага дамждаг, нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон. Хууль хэрэгжүүлж ажиллах шаардлагыг зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудад “Зөвшөөрлийн зөвлөлийн тогтоол”-ын хамт хугацаатай үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт энэ ажлыг эрчимжүүлнэ. Төрийн албан хаагчид бид иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэйгээ мартаж болохгүй” гэж хэлэв.