Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын олон улсын гэрээ, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколыг Улсын Их Хурал соёрхон баталж байжээ.
Хүний эрхийн хамгийн чухал суурь зарчмын нэг бол эрүү шүүлтээс ангид байх эрх юм. Энэ нь хүн төрөлхтний үндсэн үнэт зүйлсийг хамгаалах, хүний нэр төрийг дээдлэхэд чиглэсэн бөгөөд аливаа улс оронд хууль ёсыг сахиулах чухал тулгуур болдог.
Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний бие махбод, сэтгэл санааны хүндлэл, нэр төрийн дархлаа, хүний эрхийн үндсэн зарчмуудын нэг хэсэг болох хүнлэг ёс, хүндэтгэлийг баталгаажуулж буй зайлшгүй эрх юм.
Энэ эрхийг хэрэгжүүлэх нь хүний амьдралын аюулгүй, эрх чөлөөтэй, хүндлэлтэй орших нөхцөлийг хангах гол баталгаа болдог. Эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромжлох бүхий л хэлбэрээс ангид байх нь аливаа нийгэмд хүний эрхийг сахиулах үндсэн зарчимд тооцогддог бөгөөд үүнийг хангах, хэрэгжүүлэх нь төрийн үүрэг хариуцлага.
Эрүү шүүлтээс ангид байх эрхийн олон улсын хэм хэмжээ: Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хамгаалах нь олон улсын түвшинд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл гэж үздэг бөгөөд үүнийг баталгаажуулсан олон гэрээ, конвенц, хууль эрх зүйн хэм хэмжээнүүд бий. Олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд, тухайлбал Нэгдсэн Үндэсний Байгууллагын (цаашид НҮБ) Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд “Хэнийг ч эрүү шүүлтэд өртүүлж, хүнлэг бус, хэрцгий, доромжлох харьцаа үзүүлэх, шийтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Эрүүдэн шүүхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенц нь энэхүү эрхийг дэлхийн улс орнуудад баталгаажуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Энэ эрх нь зөвхөн эрүү шүүлтээс хамгаалах төдийгүй хүнлэг бус, хэрцгий, доромжилсон ямар ч үйлдлээс ангид байхыг шаардах бөгөөд зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төдийгүй төрийн бусад үйл ажиллагаанд ч энэхүү зарчим мөрдөгдөх ёстой.
Эрүү шүүлтээс ангид байх эрхийн үндэсний хэм хэмжээ: Монгол Улс эрүү шүүлтээс ангид байх эрхийг хууль тогтоомждоо баталгаажуулж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний амь нас, бие махбодын дархлаа, эрх чөлөө, нэр төрийг хамгаалах талаар тодорхой заалтуудыг тусгасан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль нь энэ эрхийг хамгаалах механизмыг тодорхойлж өгдөг.
Эрүү шүүлтээс ангид байх эрхийн зөрчил, түүнээс үүдэлтэй үр дагавар: Эрүү шүүлт нь хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд хүндээр нөлөөлөх бөгөөд түүний сөрөг нөлөө нийгэм, хувь хүн, төрийн үйл ажиллагаанд урт хугацаанд мэдрэгддэг. Эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн тохиолдолд хууль бус шийдвэр, ард иргэдийн итгэл алдах, хүний нэр төрийг доромжлох, нийгмийн шударга ёсыг алдагдуулах сөрөг үр дагавартай.
Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хамгаалах үүрэг хариуцлага: Энэхүү эрхийг хангахын тулд төрийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд, олон нийтийн үүрэг оролцоо тун чухал юм.
Төрийн албан хаагчид хүний эрхийн зөрчлийг үл тэвчих, аливаа хүчирхийлэл, дарамт шахалтаас ангид байх бодлого хэрэгжүүлж, хууль, журмыг чанд мөрдөх ёстой. Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн үйл ажиллагааны нэг хэсэг төдийгүй нийгмийн бүх шатанд хүний эрхийг хүндэтгэх соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл явц юм.
Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, хяналт, хариуцлага: Энэхүү эрхийн хэрэгжилт, хяналтыг баталгаажуулахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагуудын үүрэг, иргэний нийгмийн оролцоо, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэг чухал үүрэгтэй. Хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд хариуцлагын механизм бүрдүүлж, хууль сахиулагчид болон бусад холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх нь нэн чухал гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур, буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй!