2024 оны сонгуулийн үр дүнг өмнөх онтой харьцуулахад аймаг, нийслэлийн төвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл 11,2 хувиар нэмэгдсэн бөгөөд аймгийн ИТХ-ын даргаар түүхэндээ эмэгтэй хүн сонгогдсон хэд хэдэн аймаг бий. Тэдний нэг болох Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангаравтай ярилцлаа.
-Ажлынхаа гарааг хаанаас эхэлснээс яриагаа эхэлье.
-Би 2002 онд МУИС-ийг сэтгэл зүйч мэргэжлээр төгсөөд шууд аймагтаа ирсэн. Тухайн үед орон нутагт битгий хэл улсын нийслэлд ч сэтгэл зүйч мэргэжлийн ажил ховор байсан учраас юу ч хамаагүй хийе гэсэн бодолтой л хүн ирсэн. Дэмжиж туслах, ажилд оруулаад өгөх хүн байгаагүй учраас ажилд орох өргөдөл, анкетаа байгууллага болгонд өгөөд л яваад байсан. Ингээд МҮХАҮТ-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт менежерээр ажилд орсон. Энэ нь бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутагт бизнесийн ээлтэй орчныг бий болгохын тулд төр, хувийн хэвшил хоёрын дунд гүүр болох ажил байсан. Мэргэжлээсээ тэс өөр салбарт ажлын гараагаа эхэлж, олон ч зүйл дээр анхны гэсэн тодотголтой ажлуудыг эхлүүлж байсан. “Өвөрхангай түншлэл” гэдэг арга хэмжээг гардан хийж, 19 суманд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд, ААН-үүд, жижиг цех, өрхийн үйлдвэрлэлийн түвшинд хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор анхны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байлаа. Түүнээс хойш энэ арга хэмжээ 21 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа.
-Төрийн байгууллагад хэдийнээс ажиллаж эхлэв?
-2004 оны 2-р сараас аймгийн ИТХ-ын ажлын албанд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилд орсон. Тухайн үед аймгийн ИТХ дэргэдээ телевизийн эфиртэй, улиралд нэг удаа сонин гаргаж үйл ажиллагааныхаа мэдээллийг түгээдэг байсан. Энэ ажилд орсноор төрийн ажлын зах зухыг ойлгож, нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ямар газар байдаг талаар ойлголттой болж байлаа.
-ИТХ-д та хэдэн удаа сонгогдов?
-2008 оноос хойш сумын ИТХ-д 2 удаа, аймгийн ИТХ-д 3 удаа сонгогдсон. Анхан шатны болон дунд шатны төлөөллийн байгууллагад 5 удаа сонгогдож ажилласан байна. Иргэд, сонгогчдынхоо итгэлийг дааж, төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж, 2022 онд нутгийн удирдлагын холбооноос шалгаруулсан 21 аймгийн 800 төлөөлөгчөөс шилдэг 21 төлөөлөгчийн нэгээр шалгарч байсан түүх байна.
-Сумандаа хэр удаан ажиллав?
-2009 онд ажлаа өөрчлөөд, тухайн үеийн нэршлээр НХХЯ-ны харьяа “Бизнес инкубатор төв” гэж байгуулагдаж, менежерээр ажиллах болсон. Энэ хугацаандаа сумын ИТХ-ын төлөөлөгчийн ажлаа давхар хийгээд явж байсан. Төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин байхын тулд энэ чиглэлээр суралцах шаардлага байсан учраас 2010 онд Удирдлагын академид элсэн суралцсан. Төгсөөд ажлаа хийж байтал тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэн дарга нэг өдөр намайг дуудаад “Чи төрийн удирдлагын чиглэлээр мэргэшээд ирлээ. Сум орон нутагтаа очиж ажиллах бодол байна уу. Шууд томилоод явуулах боломжгүй учраас саналыг чинь асууж байна гэсэн. Ингээд саналыг хүлээж аваад 2012 оны 1-р сараас Бат-Өлзий сумынхаа Засаг даргын орлогчоор ажиллах болсон. 2017 он хүртэл ажиллаад, аймаг руу буцаж ирсэн. Тухайн үед Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа 3” төсөлд шалгалт өгч тэнцээд төслийн аймгийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн, сайн ч ажилласан. 21 аймаг, 330 сумын хэмжээнд хэрэгжсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтээр улсад 3 удаа тэргүүлсэн. 2020 оны сонгуульд аймгийн ИТХ-д өрсөлдөөд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод байж байтал мөн ажлын санал ирсэн. Ер нь хөдөө орон нутаг гэлтгүй сонгуулийн циклийн дараа ямар нэг шинэ томилгоо, өөрчлөлт хийгдээд явдаг бичигдээгүй хуультай болсон шүү дээ. Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газрыг удирдаж ажиллах санал тухайн үеийн Засаг даргаас хүлээж аваад, холбогдох шалгалтуудаа өгөөд томилогдсон. Муу ажиллаагүй, аймагтаа 2 жил дараалан тэргүүний агентлагаар шалгарч, 2023 оны ажлын үр дүнгээрээ улсдаа тэргүүлсэн.
-Таны ажлын замналыг харахад төр, төрийн бус, олон улсын гээд бүхий л чиглэлийн байгууллагад ажиллаж байсны хувьд жендерийн ялгаатай байдал хэр гарч байв. Тэр дундаа улс төрд байгаа эмэгтэй хүнд жендерээс үүдэлтэй асуудал их гардаг. Таны бодлоор улс төр эмэгтэй хүнд хэр хатуу талбар вэ?
-Үнэхээр хатуу талбар. Эхнэр шиг эхнэр, эзэгтэй шиг эзэгтэй, ээж шиг ээж байх боломжгүй. Эсвэл улстөрч байх, эсвэл айлын сайн эхнэр байх сонголттой тулгарна. Нэгэнт улс төрийн тогоонд буцалсан бол айлын сайн эхнэр байхад хэцүү. 2004 онд МАН-д гишүүнээр элсээд, намын дэргэдэх “Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо” буюу одоогийнхоор “Социал Демократ Залуучуудын Холбоо”-нд гишүүнээр элссэн. Залуучуудын байгууллагын бүхий л ажилд гар бие оролцож явахдаа улс төрийн соёл гэж юу байдаг, намын үзэл баримтлал гэж юу байдаг талаар тодорхой ойлголттой болсон. Би намын дэргэдэх залуучуудын байгууллагад гишүүнээс нь эхлээд тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга гэх мэт бүхий л шатыг нь дамжсан. Тэр явцад нам, улс төрийн тухай төлөвшил өөрт тогтож ирдэг юм билээ. Дараа дараагийнхаа залуусыг бэлтгэх намын хүний нөөцийн бодлогын үүднээс “Энэ залууг сумын ИТХ-д нэр дэвшүүлье” гэдэг байдлаар квотоо авч явсан гэсэн үг. Миний хувьд жендертэй холбоотой асуудлыг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн он жилүүдэд илүүтэй мэдэрсэн. Сумын Засаг даргын орлогчийн ажлын чиг үүргийн хүрээ маш өргөн. Сумын нохой алахаас бараг бусад бүх юманд оролцоно. Манай сум бол Өвөрхангай аймагтаа хамгийн их ойтой, ойн сан бүхий нутаг. Тэр утгаараа гал түймрийн эрсдэл маш ихтэй. Түймэр гарлаа гэхэд тухайн үед Засаг даргын орлогч нь ахлаад явах болдог байсан. Түймрийг яаж унтраах анхан шатны ямар ч мэдлэггүй, ус цацаад л унтраах байх даа гэсэн ойлголттойгоор анх тэр их ойн түймрийн голомтон дээр очихоос эхлээд Бат-Өлзий суманд бол би маш том сургууль төгссөн. Ачааллыг өөртөө нэлээд ч үүрч ажилласан. Сумын хэмжээнд төрийн ажлыг явуулахтай холбоотой баахан ажлын хэсэг байгуулагдана. Жилдээ хамгийн багадаа 35-40 ажлын хэсгийг ахалж ажиллана. Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, боловсрол, эрүүл мэнд, хог, нохой, ус, гол мөрөн, гал түймэр, юу байдаг бүх ажлын хэсгийг ахалж ажиллана. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аль ажлыг нь яаравчлах, аль арга хэмжээн дээр нь төлөвлөлтийн алдаа гарсан, ямар ажил дээр нь хэрэгжүүлж ажиллах ёстой хүмүүс нь хөдлөхгүй байна вэ гэх мэт асуудал дуусахгүй. Тэр дундаас хүнтэй холбоотой маш олон асуудал гарна. Зарим нэг нь ажлаа таслаад алга болчихно. Ар гэрт нь асуудал гарна, архи уугаад явчихна. Энэ мэт Засаг даргын орлогчоор ажилласан 5 жил бол миний амьдралын маш том их сургууль болсон. Олон хүн гомдоосон байх, олон хүн баярлуулсан байх.
-Юмыг цэгнэхэд хэцүү шүү дээ. Аймгаас суманд жендерийн ялгаварлал илүү гардаг тал ажиглагддаг?
-Жендерийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх тэмцэл Засаг даргын орлогчоор ажилласан 5 жилийн турш үргэлжилсэн. Анх суманд очоод ажлаа аваад удаагүй байтал орон нутгийн сонгууль болдог юм. Сумынхаа ИТХ-д нэр дэвшээд, сонгогдлоо. Тэгтэл “Шинэ ирсэн залуу боловсон хүчнээ дэмжье, Засаг дарга болгоё” гэсэн санал хэсэг хүнээс гарсан. Гэвч эхний сонгон шалгаруулалтын хурал дээр шууд эмэгтэй бас залуу хүн гэдгээрээ ялагдал хүлээж байгаа юм. Тэрийг гол шийдэж байгаа хүмүүс нь сумын ИТХ-ын 27 төлөөлөгч. Намайг бодоход сумандаа олон жил багийн Засаг даргаас эхлээд ажилласан ах, эгч нар маань намайг хүлээн зөвшөөрч чаддаггүй ээ. “Энэ годгор охин яаж сум удирдах юм” гэнэ. Энэ бол жендерийн уламжлалт хандлагатай холбоотой миний анхны ялагдал байсан. Тэндээс би бусдад хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ингээд байж байтал тухайн үеийн аймгийн намын дарга “Аймгийн ИТХ-д өрсөлд” гэсэн. Энд нэг зүйл хэлэхэд улс төрийн тогоонд 20 жил явахдаа аль нэг албан тушаал, улс төрийн карьер руу өөрөө хөөцөлдөж явсангүй. Намын дарга, удирдлагуудын саналыг “Тэгэх ёстой юм байна” гэдэг утгаар хүлээж авч явсаар ирсэн байгаа юм. 2016 оны аймгийн ИТХ-д анх өрсөлдөөд ялалт байгуулаад гараад ирлээ. Ингээд сумынхаа Засаг даргад дахиад өрсөлдтөл дахиад өнөө жендерийн хандлага буюу эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, дутуу үнэлдэг байдлаас болж дахин ялагдал хүлээсэн. Тэгээд Засаг даргын орлогчоор дахиад ажиллах уу, яах вэ гэдэг тодорхойгүй байдал үүссэн. Уг нь залуу хүний хувьд сум, орон нутаг руу их том эрсдэл үүрээд очсон байдаг. Хүүхдүүд бага, настай ээжтэй, гэр бүлийн хүн маань холбооны инженер мэргэжилтэй ч суманд хийх мэргэжлийн ажил нь байтугай салбар нь ч байхгүй. Үндсэндээ ганц миний цалингаар гэр бүлээ авч явна. Засаг даргын орлогчийн цалин тухайн үедээ 700 мянган төгрөг байл уу даа. Нэг л их “Би өөрчилнө, сайхан болгоно” гэсэн хүсэл мөрөөдөлтөй залуу эмэгтэй. Хоёр ч удаа ялагдал хүлээгээд сүүлдээ шантарсан л даа. Тэгээд аймаг руу нүүж ирсэн. 2012 онд сум руу нүүхдээ байраа зараад явсан улс чинь орох орон байхгүй, байр түрээсэлж амьдарч байгаа юм. Дээр нь ажилгүй. 2017 оны 4-р сар хүртэл ажилгүйчүүдийн эгнээнд л яваад байсан. Тэгж байтал олон улсын байгууллагаас төслийн ажил зарлагдаад, тэнцээд орж байсан. Эргээд харахад эмэгтэй хүн гэдгээрээ миний улс төрийн гараа хатуу байсан.
-Жирэмсний амралттай байх үедээ ажлаасаа халагдаж байсан тухай та өмнө нь ярьж байснаа тодруулбал?
-2016 оны аймгийн ИТХ-д нэр дэвших үү гэх үед би бага сартай жирэмсэн байсан. “Энэ том сумыг аймагт төлөөлөх хүн эрэгтэй хүн байх хэрэгтэй. Би л наад тойргоос чинь дэвших ёстой” гээд эрчүүд маань над руу давшиж эхэлсэн л дээ. Судалгааны үр дүнгээр би илүү санал авах урьдчилсан тооцоо гараад байдаг, тэд тойрог булаацалдаад байдаг. Тийм нөхцөл байдалтай байсан учраас би жирэмсэн гэдгээ хэлж чадаагүй. Угаасаа дургүй байгаа хүмүүс чинь жирэмсэн гээд мэдвэл юу болох нь тодорхой. Тэгээд тэр сонгуулийг дуусан дуустал гэдсээ дарж боочхоод л явж байгаа юм. Манай нутаг өндөр даваа гүвээ ихтэй, олон том голтой, хангайн том сум л даа. Нэг айлд очиж 2 хүнтэй уулзахын тулд хамгийн багадаа 50 км, холдоо 110 км явж байж айлын бараа харна. Тэр жил орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай хамт болж байсан. Тэгээд тэр хэцүү замаар, тэр их усан бороон дундуур сонгуулийн сурталчилгааны ажил өрнөж байгаа юм. 1-р багийн Уургатын давааг давах гэтэл өдөржин бороо асгаад, машин хөндлөн гулсаад гардаггүй. Тэгээд нэр дэвшигчид маань давааны ёроолд буугаад явган алхаж байгаа юм. Өнхөрч ойчоод унаж тусаад, нэг нэгийгээ татаж чангаасаар яваад гарсан. Тэр дунд үнэнээ хэлж чадаагүй 5 сартай жирэмсэн эмэгтэй яваад л байгаа юм. Ингээд сонгуулийнхаа ард гарч, 12 сард төрөх боллоо. Тэгэхэд л хүмүүс мэдэж, хамт нэр дэвшиж байсан хүн “Чи чинь тэр Уургатын даваагаар шавар шавхайн дээр өнхөрч ойчоод явахдаа жирэмсэн байсан юм уу” гэж гайхаж билээ. Тэгээд болоогүй. Сонгууль дуусаад би жирэмсний амралтаа авлаа. Төрөөд эмнэлгээс ч гараагүй 3 хонож байж байтал Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газраас мэйл ирдэг юм байна. Баяр хүргэж,мэнд мэдэж байгаа юм байх гээд хартал “Таныг ажлаас чөлөөлөв” гэсэн Засаг даргын тушаал байсан. Нялх биетэй хүн чинь тийм мэдээ уншихаар их эмзэг хүлээж авдаг юм билээ. Гомдсон, цөхөрсөн. Энэ бол “Засаг даргад өрсөлдсөний минь шагнал”, эрчүүдийн тоглоомын дүрэм ёсоор болж байгаа хэрэг л дээ. “Би гомдол гаргана, хуулийн байгуулллагад хандана” гээд нөхөртөө хэлтэл “Чи сумынхаа төлөө хангалттай удаан бүх юмаараа дэнчин тавьж явлаа. Одоо болно, орхи цаашаа” гэсэн. Нээрээ л “Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг” дээ гээд би орхисон.
-Эмэгтэй хүн төрийн албанд, улс төрд олон саадтай тулсан ч тууштай явахын гол зүйл нь юу гэж боддог вэ?
-Аав ээж хоёр маань намайг оюутан байхдаа төрүүлээд, нэгхэн сартайд 60 гарсан хоёр хөгшин дээр үлдээчхээд яваад өгсөн. Тухайн үед харилцаа холбооны систем муу, захиа л бичдэг, тэр нь сарын дараа эзэндээ хүрдэг байсан байх. Тийм үед хоёр хөгшний өвөр дээр үлдээд, бор авдрынх нь өмнө өссөн хүүхэд байхгүй юу. Намайг өсгөж хүмүүжүүлж, гарыг маань ганзаганд хөлийг маань дөрөөнд хүргэж өгсөн тэр хоёр хөгшин л миний дотоод хүнийг бүтээсэн. Миний аав Туваандорж гэж хүн 1939, 1945 оны дайнд оролцож, эгмэндээ бөмбөгний ширэмний шарх авч байсан, цусан гавьяаны одонтой хүн байсан. Хэзээ ч ардын засаг, ардын төрдөө муу санаж яваагүй, эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан, тийм хүний гар дээр би өссөн. Тэр хоёр хөгшин л цаг нь болоогүй зүйлд хэзээ ч бүү шунахыг, ямагт үнэний талд байж, олонтойгоо явах ухааныг сургасан. Тэдний сургасан “Ямарваа зүйлд ялагдаж болно, тоогдохгүй байж болно. Тоогдох юмсан гэж аашаа эвдэж болохгүй. Өөрт оногдсон ажлаа хийгээд явж байхад болно” гэдэг амьдралын бор ухаанаар явсаар ирсэн. Улс төрийн тогоонд 20 жил явахдаа хэн нэгэнд сайн хүн бол жүжиглэж явсангүй. Чадах ч үгүй юм билээ. Харин итгэл хүлээлгэсэн ажлыг аль сайнаараа хийх юмсан гэдэг зарчим, чиг шугам маань намайг өнөөдөр өдий зэрэгтэй явахад тусалсан болов уу. Намайг хамгийн сайнаараа хичээж байгааг хүмүүс мэддэг болов уу гэж шантрах өдрүүд зөндөө байсан. “Овоо доо” гээд хэлэх хүн ч олдохгүй үе байсан. Улс төрийн олон янзын тэмцэл дунд явж байхдаа үнэнээрээ явна гэж худлаа юм байна гэж шантрах үе ч олон байлаа. Гэхдээ “Төр түмэн нүдтэй, түмэн олон чамайг харж байгаа. Хэзээ нэг цагт хичээл зүтгэлийг чинь харна” гэж аавын минь хэлсэн үнэн байсан. Одоо эргээд бодоход надад сайн болон муу хандаж, үргэлж “чи чадна” гэж урам өгч дэмжиж байсан болон “чадахгүй” гэж хурцалж, үсэртэл унагаж мохоож, хамтран ажиллах явцдаа нүдийг минь нээж өгч байсан хүмүүст би талархмаар санагддаг. Хүн давах ёстой юмаа давж байж л хүрэх юмандаа хүрдэг юм билээ.
-Аймгийн ИТХ-ын даргаар та илт давуу олонхын саналаар сонгогдсон байна лээ. Энэ мэдээг та хэрхэн хүлээж авав?
-Өмнө нь нэг салбарыг харж ажилладаг байсан бол одоо нэг биш нийгмийн бүх салбар, аймгийн хэмжээний 19 сум, 113 багийн хөгжил, хүн зоных нь амьдрал амьжиргаа шууд буугаад ирж байгаа юм. Бүх салбарыг бүтнээр нь харж байж бодлого зангидах болж байна гэсэн үг. Би өмнө нь өөрийгөө хоёр дахин хичээж байна даа гэж боддог байсан бол одоо бүр илүү хичээх болж байна. Дээр нь аймагтаа анх удаа эмэгтэй хүн ИТХ-ын дарга болсон гэдгээрээ их том хариуцлага гэж хүлээж авсан. Манай аймаг 117.000 гаруй хүн амтай, бүртгэлгүй иргэдтэйгээ 119.000 орчим хүн амьдардаг. Тэдний 51 хувь нь эмэгтэйчүүд. Одоо би өөрийнхөө нэрний ард эмэгтэйчүүдийнхээ нэрийг хамт авч явах юм байна. Би унавал эмэгтэйчүүд угаасаа чаддаггүй гэж харах юм байна, би чадвал эмэгтэйчүүд чадна гэж харах юм байна. Өөрөөр хэлбэл, би эмэгтэйчүүддээ гай болох уу, гавьяа болох уу гэдэг дээр ирээд зогсож байна. Тиймээс эмэгтэй хүн ачаа дааж чаддаг юм гэдгийг харуулж, дараа дараагийн залуу эмэгтэйчүүдээ өөртөө итгэлтэйгээр юмны урд зогсож чаддаг болгох хариуцлага надад иржээ гэж харж байна.