Бага үд болоход аагим халуун 34 хэмийг зааж байлаа. Хүн малгүй гол бараадацгаав, сэрүүцэхийг хүсэв. Ерөө голын эрэг аялагч, замын хүмүүсээр дорхноо л дүүрнэ. Тэдний дунд 19 нас хүрээд ердөө тав хонож байсан Н.Буянжаргал найзуудын аяллаа өндөрлүүлэхээс өмнө бусдын адилаар сэрүүцэж байжээ. “Авраарай”, “Туслаарай” гэж шуугилдах чимээнээр урсгал цалгиа Ерөөгийн зүг харвал хоёр хүүхэд хөл алдан живж байх нь тэр. Н.Буянжаргал гол руу ухасхийн үсэрч ороод эхний хүүхдийг татан гаргалаа. Хоёр дахь хүүхдийг найзуудтайгаа хамт татаж эрэг рүү гаргав. Аюул ард хоцорлоо гээд голын эргээр байсан хүмүүс санаа амарч, түрүүлж орсон хүү, түүний найзуудаар бахархах ч завдал өгсөнгүй. Араас нь дахиад л аюул нөмрөн авав. Н.Буянжаргал өөрөө гэнэт хөл алдан живжээ.
Ерөө голын урсгал намуухан боловч цүнхээл ихтэй. Өдийд нэлээн догшин байдгийг Дулаанхааныхан хэлж байв. Ялангуяа явуулын хүн, аялагчдаас амь авчих гээд байдаг гэлцэнэ. Ослын талаар Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт шуурхай дуудлага өгч, өөрсдөө Н.Буянжаргалыг хэрэндээ хайсан боловч тэр өдрөө олсонгүй. Гэхдээ найзуудынх нь итгэл найдвар бөхсөнгүй. Амьд байгаасай гэж чин сэтгэлээсээ залбиран нойргүй хоноцгоожээ. Маргааш нь Дулаанхааны төрийн алба хаагчдаар хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлжээ. Даанч хүүгийн цогцсыг аврагчид гурван метрийн гүнээс олов, амьд байгаасай гэсэн найдвар тэрхэн мөчид тасрав.
Хоёр амь аварч баатарлаг үйлс бүтээсэн ч өөрөө хорвоогоос буцсан Н.Буянжаргал 8 хүүхэдтэй айлын отгон нь, хайртай ах, эгч нарынхаа бахархал нь байжээ. Нэр шигээ буянтай, 19-хөн нас шигээ иртэй Н.Буянжаргалын голоос аварсан хоёр хүүхэд нэг нь 11, нөгөө нь 18-тай гэнэ. Амьдрах зол бэлэглээд, өөрөө Ерөө голд “үлдсэн” Буянаа хүү 19 насны босгоор алхаад тавхан хонож байж. Яасан эмтрэм, яасан харуусалтай. Амьдралд дурлаж, хайрлуулж, үеийн охиндоо татагдаж, алдаж, онож, ухаажиж, хэрсүүжиж, сайн аав сайхан эр хүн болж төлөвших тийм л гэгээн, гэрэлт насандаа эр зоригийн суварга босгоод буцжээ. Гэнэн цагаахан 19 наст минь, чиний баатарлаг үйлс монголчуудын нүдэнд нулимс, бахархал хоёрыг зэрэг үлдээснийг хэлэх ёстой. Амиа зольж амь аварсан баатар зоригт хүү минь чиний алдар нэр, агуу зоригт үйлсийг амьдрал буцалсан маргаашаас зарим нь мартаж болох ч цүнхээл дундаас дулаахан гараас чинь зуурч амьд үлдсэн хоёр хүүхэд хэзээд үл мартана…
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС
Намын төлөө нохой шиг зодолдоод үхсэн хүнд талбай дээр зул өргөөд байсан гарууд энэ залууд зул өргөөд өгөөч