Цаасан дээрх хамтарсан засагт орох хүсэлдээ дулдуйдсан СОНГУУЛЬ 2024

Улс төрийн 26 нам, 2 эвсэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өглөө. Энэ нь 1992 оноос хойш хамгийн олон нам, эвсэл оролцсон, хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болох нь тодорхой. Үүн дээр 77 хүн сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд 78-ыг тойргоос, 48 нь жагсаалтаар парламентад сонгогдох учиртай. Баян-Өлгий аймгийг эс тооцвол сонгуулийн тойргийг бүсчилж буюу томсгож тогтоосон тул сонгогчид өөр аймаг, хот, дүүргийн нэр дэвшигчидтэй нүүр тулна. Таних танихгүй, таалагдах эс таалагдахаас үл хамааран тухайн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг болон аль нэг нам, эвслийн нэрийг бүрэн дугуйлж байж сонголт хүчинтэйд тооцогдоно. 

АН-ын дарга Лу.Гантөмөр “Урд хожид байгаагүй хар технологи хөвөрч байна. Сонгууль шударга болоосой” гэсэн бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Залуус саналаа идэвхтэй өгөөрэй. Ард түмэн ялах уу, бүлэглэл дийлэх үү” гэдэгт хариулт өгсөн сонгууль болно гэж хэлжээ. Улс төрд зонхилох нөлөөтэй гэгддэг хоёр намын даргын үгийг шинжвэл аль алинд нь ялна гэсэн итгэл бүрэн дүүрэн харагдсангүй. Харин сонгууль шударга болоосой гэсэн нэг талын хүсэл, нөгөө талаас нь харвал айдас байгаа нь төвөггүй уншигдаж байна. МАН бол 8 жил үнэмлэхүй олонхоор засагласан эрх баригчийн хувиар, АН-ынхан найман жил Баабарын хэлсэнчлэн лааз өшиглөсөн сөрөг хүчний байр сууринаас сонгуульд орно. Ерөнхий зургаар нь харвал АН ч, МАН ч дотроо зодоонтой байгаа. Нэгэн цул болох цаг хугацааны боломж алдагдсан тул сонгууль өнгөрөөгөөд учир зүйгээ олно гэсэн ижил зовлонтой гэж хэлж болно. 

ХҮН-ын хувьд УИХ-ын сонгуульд анх удаа бие даан оролцож байна гэсэн мэссэжийг онцолсон. УИХ-д суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сойгоод амжсан энэ намынхан АН, МАН-ын сонгуулийн зодоон дундаас тойрог “хулгайлах” тактик барих нь тодорхой. Н.Номтойбаярын удирдаж буй МҮАН, МНН-ын “Үндэсний эвсэл” чимээ ихтэй гарч ирсэн ч явцын дунд эрч нь саарч байгааг ажиглагчид онцолж байна. УИХ-аас саяхан баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшилд байдаг Цагаан суваргын ордын 34 хувийг төрд авч магадгүй гэх “бор шувуу” нисэж эхэлсэн. Дандаа хөшигний ард нууц ноёнтон байж ирсэн “МАК”-ийн босс Б.Нямтайшир үе үе хэвлэлээр үзэгдэж, томоохон орд газруудын талаар ам нээх болсон нь наанадаж Цагаан суваргын ордоо алдах вий гэсэн айдас, цаашилбал хүүгийнх нь тэргүүлж буй “Үндэсний эвсэл” ямар нэг байдлаар хоригтой тулгарсныг илтгэнэ. 

Нэр дэвшигчид хараахан тодроогүй үеийн улс төрийн намуудын зураглал товчхондоо ийм. Одоо тавдугаар сар бол нэр дэвших эрхээ намаасаа авахын төлөөх том зодооны оргил цаг. УИХ-д суудалтай намын дарга нар жагсаалтад нэрээ бичүүлэлгүй тойрогт өрсөлдөж, чансаагаа тодорхойлох нь бараг тодорхой болсон. Сонгууль болоогүй, үр дүн нь гараагүй байхад улс төрийн хүрээнийхэн дунд хамтарсан засаг байгуулах тухай яриа нэлээд өндрөө аваад байна. Засгийн бүтцийг урьдчилсан байдлаар зураглаж, яамдаа хуваасан гэх цуу яриа ч гараад амжжээ. Улс төрийн намуудын рейтинг 10 хувьд арай гэж хүрч байгаагаас харвал аль ч нам олонх болохгүй байх магадлал өндөр. Энэ тохиолдолд хамтарч үасаглах хувилбар угаасаа л яригдана. Холимог тогтолцооны онцлог ч энэ. Гэхдээ ардчилсан засаглалтай орны хувьд сонгуулиас урьтаж алаагүй баавгайн арьсыг хуваах нь улс төрийн ёс зүйд нийцэхгүй, сонгогчдын эрхэнд халдсан увайгүй үйлдэл болно. Гэхдээ урд хожид байгаагүй олон нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн нь хамтарсан засаг байгуулаасай гэсэн хүсэлд дулдуйдаж, сандал суудлын тооцоолол битүүхэндээ хийж байгаа нь нууц биш ээ. 

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ногоон автобусны нээлттэй сонсгол энэ сарын 21-нд эхэлнэ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол явуулахаар болсон....

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын...

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая...

Ардчилсан нам шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний...