УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр өвөлижлт, цас зудын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Хөдөөд цагаан сар болоогүй. Нөхцөл байдал маш хүнд байна. Өглөө нь гаргасан зам өдөр нь дарагддаг, өдөр гаргасан зам орой нь дарагддаг. Шилэн зуд, төмөр зуд, түүхэнд байгаагүй зуд нүүрлэсэн. Телевизийн мэдээ өчигдөр үзлээ. Улсын хэмжээнд 670 мянга гаруй толгой мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд 1,2 сая толгой мал хорогдоод байна. 2023 оны тавдугаар сарын гамшгаар бүх төл байхгүй болсон. Нэг аймагт 1,2 сая мал үхчихээд байхад “Шилэн зуд болж байна, 670 мянга гаруй мал хорогдлоо. Тийм учраас манай зургаан сайд гурван бүсэд ажиллаж байна” гэж матрын нулимс унагаад байгаа.
Зудын бүсэд ажил хийдэг хүмүүс нь очихгүй байна. Мэнэнгийн тал нутагт өнөөдөр Монголын бүх адуу байна, ихэнх үхрүүд очсон байна. Хөл толгойгоо алдсан байна. Дөрвөн сарын өмнө бид энэ газар хээрийн штаб байгуулаад өгөөч гэж хүссэн, шийдээгүй. Чаддагаараа хэдэн гэр бариад, эмч аваачсан ч хүн, хүч нь хүрэхгүй байна. Шийдье гэвэл Засгийн газарт байлдааны тэрэг хэдэн арваараа байна. Камаз машин 40 км-т 10 цаг явж байна. Айлыг яндангаар нь олж байна. Өвөлжилт хүндэрхээр байна гэдэг асуудлыг бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд орсон анхны цаснаас л эхэлж хэлсэн. Ардчилсан намынхан ярьж л байдаг юм, улстөржиж л байдаг юм гээд эрх баригчид нохой хуцсаны чинээ тоогоогүй.
Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд хивэг очоод яах юм. Хэрвээ тэр үед нэг, нэг урал машин аваачиж өгөөд, байгаа нөөц тэжээл дэх өвсөө өгчихсөн бол өнөөдөр ийм их хохирол амсахааргүй байсан. Эрх баригчид телевизүүдийг бүгдийг худалдан авсан байна. “Ногоон автобус чинь хуучин байна” гэхэд “Шив шинэ байна” гэж тархи угаасан шиг зүйлийг зуд дээр ярьж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө төгрөг шийдэж өгөх шаардлагатай. Үхсэн мал босохгүй, одоо хүнээ аврах ажиллагаа л явуулах шаардлага байна. Малчид түлэх түлээ, идэх хоолгүй болсон. Үзүүлэх эмчдээ очиж чадахгүй байна.
Халуун намраар хүний энгэр заам засаж өгөөд нисдэг тэрэг хөлөглөөд байсан Шадар сайд С.Амарсайхан хаана явна. Нисдэг тэргээр эмч нар очиж яагаад малчдын даралтыг үзэж өгөхгүй байгаа юм. Бид малчдаа өр зээлээс гаргах, зээлийг нь тэглэх зэрэг хуулийн төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ хэмээн бухимдангуй ярилаа.