Өөдөөс харж суун ярилцах энэ эрхэм залуухан. Гэнэтийн ямар ч асуултад хариулт нь харц шигээ тогтуун, жигд хэмээр ярихыг нь ажихад наснаасаа илүү буурьтай. Илүү үг унагаддаггүй шигээ илүү хөдөлгөөн ч хийдэггүй нь анзаарагдана. Түүнийг яаж онож хэлэхээ олж ядан суухад чихэвчинд маань сонсогдож буй чимээ гэнэт “яг энэ урсгал ус шиг” гэж хэлэх шиг болов.
Өсөх өтлөхийн дэнс
Нэг насанд тохиох тоочиж баршгүй олон учрал тохиолдлын торгон дэнсийг олж амьдарна гэдэг асар их ухаан юмсан уу. О.Алтангэрэлийн амьдралыг сонсон суух нь ээ амьдрал нь ч, ажил мэргэжил нь ч тэр олон торгон дэнсүүдийн алтан утсыг зөв хөвөрдөж яваа нь ихээ тод мэдэгдэнэ.
Тэрбээр эмээгийн хүүхэд. Өөрөөр хэлбэл өтөлж яваа, өсч яваа хоёр хүний амьдралын торгон дэнсийг мэддэг хүн. Өнгөцхөн харахад настай хүнтэй байх нь хамгийн энгийн, магадгүй хамгийн уйтгартай амьдрал шиг санагдаж болно. Гэхдээ зарим нэгийнх нь хувьд бүхэл амьдралын туршид ч бэдрээд олж чадаагүй үнэт зүйлс өсөх өтлөхийн заагт оршин байдаг билээ. “Багаасаа эмээ, өвөөгийнхөө нүд чих болж, гарын үзүүрт тусалж өссөн хүүхэд хүнд сэтгэл гаргаж сурдаг. Дээр нь настай хүн хүүхдэд үгээ ерөөсөө харамладаггүй. Залуу эцэг эх “Аав нь ажилтай байна, ээж нь завгүй байна, дараа болъё” гэдэг бол настай хүн тэгдэггүй, асуулт бүрт нь хариулдаг. Амьдралын их туршлагатай хүний үрээ гэсэн их хайранд өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй” гэх түүний ярианаас хүн байхын суурь нь яаж тавигдсаныг олон таван үггүйгээр ойлгож болно. Түүний эмээ олон жил цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан, тухайн үедээ тоотой дээд боловсролтой хүмүүсийн нэг байсан болохоор амин ганц ачийнхаа хүмүүжилд илүү нухацтай хандах нь аргагүй.
Санаа, заяа хоёрын дэнс
О.Алтангэрэлийн өвөө Д.Жамбаа Өвөрхангай аймгийн дээд боловсролтой, анхны шүүгчдийн нэг. “Би өвөөгөө хараагүй ч ул мөр нь үргэлж хамт байсан. Тухайн үе зах зээлийн шилжилтийн үе байлаа. Цахилгаан их тасарна. Хоолтой хоолгүй янз бүрийн үе байна. Тэгэхэд “Өвөө чинь ийм хүн байсан шүү, миний хүү” гээд буурай ээж ярьж өгнө. Мөн түүний харъяан дор, хамт ажиллаж байсан хүмүүс болох хуульзүйн шинжлэх ухааны доктор Мөнхжаргал, доктор Баасан багш гээд хуульзүйн салбарын ноён оргилууд өвөө чинь мундаг хүн байсан шүү гэж хэлэх хүнтэй олон таарсан” гэж тэрээр ярьсан. Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхөд энэ бүхэн нөлөөлсний дээр өвөө нь гаднын нөлөөтэй өөд болсон шалтгаан ч ташуур болсон болов уу. Нэг ёсондоо хуульч мэргэжил түүнд хүүхэд насны сониуч зангаар мэргэжил бүхэнд дурладаг үеэс нь л өөр сонголтгүйгээр үүрэг даалгавар мэт ирсэн ч нөгөө талаар зан төлөв, заяагдсан өгөгдөл нь угаас хуульч мэргэжил байсныг энэ салбарт 17 жил ажилласан өнөөгийн О.Алтангэрэлээс харж болно. Санаа, заяа хоёрын алтан дэнсийг алдаагүй түүнд амьдрал ээлжит бэлгээ барьсан нь энэ.
Хуулийг дагах, сэтгэлээ дагахын дэнс
“Ямар ч хүнтэй эв эеийг хичээх, найрсаг байх, зөв явах юмсан гэдэг үлгэр дууриаллыг буурай ээжээсээ авсан. Харин шударга бус зүйлтэй эвлэрдэггүй, түүнийгээ их хурц илэрхийлдэг, тэмцэгч шинж чанарыг ээжээсээ авсан. Учир нь ээж маань Монголд анх ардчилсан хөдөлгөөн үүсэхэд, Өвөрхангайд үүсгэн байгуулж, ухуулах хуудас тарааж, МоАХ-ны анхны хуралд төлөөлөгчөөр оролцож байсан. Түүнээсээ болж захиргаадалтын нийгэмд их ад болдог байж. Дээр нь зах зээлийн нийгэмд шилжихэд юмыг ил шулуун, нүүрэн дээр нь хэлчихдэг чанар нь өөрт нь нэлээд төвөг учруулсан. Амьдралын эрхээр гэр бүлээ тэжээх гэж ганзагын наймаа олон жил хийсэн. Оросоос вагоноор бараа татаж, гэр бүлээ авч явж байсан” гэж тэрээр ярьсан. Гэхдээ саяхныг хүртэл “урсгал ус шиг” гэж зүйрлэж суусан түүнийг салхи шуурга шиг хурц үгтэй нэгэн болгон төсөөлж нэг л болохгүй байв. Тэрээр шүүх хурлын тэнхимд орохоороо эсвэл хүмүүстэй маргалдаж мэтгэлцэхээрээ өөр О.Алтангэрэл болчихдог тухай найзууд нь хэлдэг. Нэг удаа түүний нэг найз, нутгийнх нь эгч хоёр зурагт үзэж сууж л дээ. Тэгэхэд О.Алтангэрэл Үндэсний телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгээр Эрдэнэтийн 49 хувийн тухай ярихыг хараад “Энэ яасан сүрхий хэлтэй амтай хүүхэд вэ” гэж тэр эгч хэлж. “Манай нутгийн Оюунсайхан эгчийн хүү шүү дээ ” гэж найз нь хэлэхэд “Тэгвэл аргагүй юм байна” гэсэн гэнэ лээ.
Хуульч мэргэжлийг тэрээр спорттой адилтгасан. Тамирчид хэдийгээр дэвжээн дээр тулалддаг ч тэндээс буухдаа бие биедээ хүндлэл үзүүлдэг. Үүн шиг шүүх хурал дээр маргаж, мэтгэлцээд хоёр тал болж байсан ч амьдрал дээр хүн хүнээрээ байх ёстойг хэлсэн. “Прокурор хүн гэхэд хүнийг дандаа ялладаг, ажил нь тийм юм. Өмгөөлөгч хүн ажлаа гялалзтал сайн хийх тусам нөгөө талд тэр хэрээрээ урам хугаралт, үзэн ядалт гээд янз бүрийн эсрэг сэтгэлзүй үүснэ. Би нэг тохиолдлыг сайн санадаг юм. Нэг эмэгтэй хүүхдээ өөр дээрээ авах гэж надаар өмгөөлүүлж байсан юм. Амьдрал нь тааруу учраас үнэгүй өмгөөлөл хийж өгсөн. Харин нөхрийнх нь тал гэр бүлийн том бизнестэй айл. Тэр хэрэг дээр зургаан сар ажиллаад, шүүх хүүхдийг ээжийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж байсан юм. Үүнээс болж хожим би нөхрийн талаас өсөрхсөн олон зүйлтэй тулгарч байлаа. Энэ мэт шүүгч хүн 50 хувьд таалагдах шийдвэр гаргаж, 50 хувь нь дургүйцэж үлддэг. Гэхдээ түүний ажил бүгдэд таалагдах шийдвэр гаргах боломжгүй” хэмээн түүнийг ярихыг сонсоход хуульч хүн нэг асуудлын хоёр талд байгаа хүмүүсийн ээдрээтэй огтлолцол дээр ажлаа хийдэг үнэхээр ярвигтай болох нь ойлгогдоно. Үнэн худлын дэнс нь дээс юм гэж бодвол түүн дээр тэнцвэрээ алдалгүй тогтож явах саваа нь хүнлэг чанар юмсанж уу.
Настай хүнтэй өссөн хүн өр зөөлөн байдгийг уншигч та өөрийн амьдрал дээрх ойр холын жишээн дээрээс лавтай мэдэх биз. О.Алтангэрэлээс “Өрөвч зан чинь ажил мэргэжилд тань алдаа болох үе гардаг уу?” гэж асуухад, “Бэрхшээлтэй байдал үүсгэж л байсан. Тэглээ гээд унаган занг яаж эвдэх вэ дээ. Яг хуулийн хүрээнд асуудалд хандахад сэтгэлзүйн хандлага нөлөөлдөггүй, хийх ёстой зүйлээ л хийнэ. Гэхдээ энэрэхүйн сэтгэл гарцаагүй байх ёстой гэж боддог юм. Бүх зүйлийг нарийн тохируулсан хууль гэж байхгүй шүү дээ. Жишээ нь хулгайн гэмт хэрэг байна. Үнэхээр засаршгүй, насаараа гэмт хэрэг хийсэн, ядарсан айлын амин зуулга болсон малыг туугаад явсан хулгайч гэж байна. Гэтэл хүүхэд нь өлсөхийн эрхэнд хулгай хийсэн хүн байна. Тохиолдол бүр адилхан байна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр тэр олон тохиолдлын дэнсэн дээр асуудлыг хуульд нийцүүлэхийн дээр зөв шударга шийдэх тэр заагт хүний өрөвч нинжин сэтгэл гэдэг зүйл гардаг юм. Гэтэл ерөөсөө л яллаж, шийтгэх, шоронд хорихын төлөө хүсэл, бодолтой хуульч хүмүүс бас байдаг. Сайн хуульч гэж хэнийг хэлэх вэ гэхээр хуулиар олгогдсон боломж бололцоог хүний төлөө хамгийн сайн ашиглаж чаддаг хүнийг л хэлнэ. Хууль тогтоогчид ч үүнийг бодолцож, энэ хууль хувь хүнийг, нийгмийн харилцааг яаж хамгаалах вэ гэдгийг сайн бодож төлөвлөж хийх ёстой юм” хэмээн тэр хариулсан.
Өөрчлөгдөх, өөрөөрөө үлдэхийн дэнс
Хуульчид голдуу аль нэг төрлийн хэрэг дээр дагнаж ажиллаж гаршсан байдаг бол О.Алтангэрэлийн хувьд эрүү, иргэн, захиргаа гээд бүх төрлийн хэрэг дээр ажиллаж байсан, дээр нь Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байхдаа хуулийн төсөл, хууль хэрэгжүүлэх ажлын хэсэг ахлах гээд олон чиглэлд оролцож явсан нь түүнийг мэргэжлийнхээ бүхий л талбарт “сайн тоглогч” болгожээ. Ер нь түүний мэргэжлийн карьер 2010 оноос тасралтгүй өсч, салбартаа төдийгүй нийгэмд танигдаж эхэлсэн байдаг. Тэр хэрээр үйл ажиллагаа нь өргөжин мэргэжлээрээ ажиллахаас гадна өдөр тутмын хэвлэлд нийтлэл бичиж, хууль сурталчлах чиглэлд нэвтрүүлэг бэлдэх болсон нь түүнд хандаж өмгөөлөл хүсэх хүмүүсийн тоог улам нэмэгдүүлж. Тиймээс 2016 онд “Иргэний хамгаалал” гэх хуульзүйн өмгөөллийн төв байгуулж хоёр жилийн хугацаанд 1800 хүнд хуульзүйн үнэгүй туслалцаа үзүүлсэн байх жишээтэй. “Мэдээж аливаа зүйлийн 100 хувьд хүрнэ гэдэг бэрх. Гэхдээ дээд хязгаарт дөхөх хуулийн гаргалгааг хийдэг хуульчдын нэг” гэж түүнийг салбарынх нь хүмүүс үнэлдэг юм билээ. Харин тэрээр өөрийгөө “Намайг хэр хуульч вэ гэж асуувал би амьдралд ойр хуульч гэж хариулна даа” гэж даруухаан тодорхойлсон.
О.Алтангэрэл нэг удаа танил дүүтэйгээ таарч ярианыхаа төгсгөлд “За тэгээд хэрэг гарвал ах руугаа яриарай” гэхэд нь “Ах аа, би тэгж хэрэг төвөгт холбогдохгүй байх аа” гэсэн тухай хөгжилтэй дурсамж бий. Түүн шиг хүн өвдөхөөрөө эмчид ханддаг бол асуудал тулгарахаараа л хуульчид ханддаг. Үүнийг нөгөө талаас нь харвал хуульч хүний ажил хүмүүсийн асуудал, бэрхшээл, зовлонг үргэлж сонсдог гэсэн үг. “Хүн бүхний асуудалтай хамт байна гэдэг нэг бодлын их дарамттай. Ганц жишээ хэлэхэд манай шүүгч нараас өндөр насалсан хүн ховор байдаг юм шүү дээ. Хүмүүсийн зовлон бэрхшээлийг сонсч, хэрхэн шийдэх вэ гэж шаналдаг учраас маш их стресстдэг. Тухайн хүн гэмгүй байх юм бол, хэлмэгдээд явж байвал бүр их шанална” гэж ярихыг нь сонсоход сэтгэлийн нэлээд хаттай хүний хийх ажил юм даа гэж бодогдож суув. Эндээс өөрийн эрхгүй “Хуульч мэргэжил таныг хэр их өөрчилсөн бэ?” гэж сониучирхахад минь “Асуудалд илүү хариуцлагатай ханддаг, хийсэн үйлдлээ эргэж боддог, нотлох баримт гэх мэт зүйлд хянамгай болно гээд дадлын хувьд өөрчлөгдсөн болохоос хувь хүнд маань нөлөөлөөгүй гэж боддог. 10 жилийн сургууль төгсөөд хот руу хуульч болох гээд явж байсан О.Алтангэрэл, мэргэжлээрээ 17 жил ажилласан одоогийн О.Алтангэрэл хоёр яг хэвээрээ байгаа” хэмээн итгэлтэй хариулсан юм.
Авах гээхийн дэнс
Авах гээхийн ухаан гэж том философи бий. Ярилцагчийнхаа дотор хүнийг ягуу ягуухнаар нээх тусам О.Алтангэрэлийн нэг тийм тос даасан, нүнжигтэй монгол чанарыг олж харна. “Хүн сэтгэл хөдлөлөө, мэдрэмжүүдээ алдахаар л хүн биш болж эхэлдэг гэж боддог. Тэр мэдрэмжийг дарангуйлдаг зүйл олон байна шүү дээ. Мөнгө, албан тушаал гээд. Би одоо хүртэл нэг сайхан бороо ороход сэтгэл сэргэдэг, машинаа унаад, жилийн аль ч улирал бай, хөдөө талд явахад уужирдаг хэвээрээ. Хүн аливаа зүйлийг мартаж болно. Олон жилийн өмнө танилцсан хүнийхээ царай зүсийг мартаж болно. Харин хүний тусыг мартаж болохгүй. Буурай бид хоёр гурил хуураад идэж байхад буурайгийн тэтгэврийг түрүүлээд авчирч өгдөг байсан манай байрны эгч, багад унааны мөнгөгүй байхад зардал авалгүй хүргээд өгсөн жолооч ах, сургалтын төлбөрөө төлж чадахгүй, ядарч явахад мөнгө өгч байсан найз. Тэр бүхэн бодогдоод л байдаг юм” гэх түүний яриа хэчнээн дотно дулаан.
“Бусдыг дэмжих нь хэдийгээр хүнд юм хийж өгөөд байгаа мэт харагдавч нөгөө талаар өөрийнхөө сэтгэлийн мөн чанарыг усалж, өөрийгөө дэмжиж байна гэж боддог” гэж тэр хэлсэн. Энэ бол түүний амьдралын асар том философи. Тиймдээ ч олон залуусыг тэр амжилтын замд нь хөтөлсөн, олон ахмадыг дулаан сууц, тухтай орчноор хангасан. Эдэд биш, хүнд хөрөнгө оруулахад үр дүн хамгийн сайхнаар гардагийг тэр мэддэг. Энэ мэт нэг сайн үйлс нөгөө сайханд хөтөлсөөр тэрээр “монгол хүний амин чанар” гэдэг ихээ урт холын эрэлд гарсан байдаг.
“Хүүхдүүд маань төрсөн жилийн зун нь Төв аймагт зуслангийн байшин түрээслээд, тийшээ очихоор Айдасын даваа өнгөрөөд явж байлаа. Тухайн үед хөгжмийн дэлгүүрээс “Уртын дуунууд” гэж ном авсан байсан юм. Номны завсраас нэг цомог унахаар нь машиныхаа хөгжимд хийтэл “Дуртмал сайхан” гэж дуу явсан. Эргэн тойрон нов ногоон, тэнгэр цэлмэг. Тэгэхэд яг транст орж байгаа юм шиг, бүх зүйл аажуу тайвуу болоод уужраад ирсэн. Өмнө нь уртын дуу сонсдог, монгол ахуйтай ойр өссөн хэрнээ тэгэхэд л уртын дуу чинь ямар сайхан юм бэ гэж бодогдож, монгол соёлын үнэ цэнийг ойлгох шиг болж билээ” хэмээн тэрээр амин чанар хэмээх ухагдахууны араас яагаад эрэлд гарах болсон тухайгаа ярьсан юм. 2012 оноос эхэлсэн тэрхүү эрлийн төгсгөл нь “Монгол хүний бусдаас онцгойрч ялгарах амин чанар бол монгол ахуй, соёл юм байна” гэдэгт ирж, энэ чиглэлээр олон төрлийн телевизийн нэвтрүүлэг, хэвлэлийн нийтлэл, тусгай дугаар гаргажээ. Улмаар монгол хүн Монголоороо байх гол арга зам нь монгол соёл хадгалагддаг малчин ахуйд нь амьдралын чанарыг дээшлүүлэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төрийн байгууллага бодлогын төвшинд авч явах учиртай энэ том ажлыг хувь хүн сайн дураараа төдийгөөс өдий хүртэл авч явна гэдэг хийх нь битгий хэл бодоход ч шантармаар санагдана. “Би юу ч хийсэн дуусгая гэж боддог, шаардлагатай бол хүлээж чадна. Гэхдээ хүч хүрэхгүй байна гээд больж болохгүй. Хэзээ нэг цагт бололцоо нь гарч л таарна” хэмээн тэрээр өнөө л тогтуун харц, жигд хэмээр итгэлтэй ярив.
Энэхүү хөргийн эхэнд түүнийг хэрхэн тодорхойлохоо онож ядан суусан бол одоо төгсгөлөө маш итгэлтэй хийж чадахаар боллоо. Чулуу хэдий хатуу ч усны урсгалд элдэгийн адил тэрээр зорьсон бүхэндээ ягуухан, даруухан хүрдэг нэгэн. Учир нь тэрээр амьдралдаа тохиолдсон олон шалгуурын торгон дэнсийг хэзээ ч алдаж байгаагүй.
Сэтгүүлч Д.ПҮРЭВСҮРЭН