“Интернэт юуг ч мартдаггүй” гэдэг хэлц үг байдаг. Харин өнөөдөр “интернэтэд мартагдах эрх” байх ёстой гэсэн санааг интернэт хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн гишүүд дэвшүүлж байна. Анх сошиал медиаг хөтөлж байхдаа оруулсан зарим гэрэл зураг, нийтлэлээ устгаж эсвэл нийтлэлийн тохиргоог нь өөрчилж үзээгүй хүн бараг үгүй биз. Эсвэл Фэйсбүүк хаягтаа оруулсан нийтлэлийнхээ доор хэн нэгэнтэй хувийн чат өрнүүлж байсан тохиодол бараг хүн бүрт байдаг. Эргээд бодоход энэ бүхнийг интернэтэд хадгалж үлдэхийг хэн ч хүсдэггүй бөгөөд учир нь бидний хэрэглээ, ойлголт мэдлэг өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байдаг.
Хувь хүний нийгмийн сүлжээн дэх хэрэглээ хандлага өөрчлөгдсөөр байгаа боловч хаяг, регистрийн дугаар, дансны мэдээлэл зэрэг нууцалбал зохих мэдээллийг интернэтээс хялбархан олох боломжтой хэвээр байна. Нөгөөтэйгүүр нэг улсад болсон үйл явдлыг өөр газарт нь болсон мэтээр интернэтээс татан авч янз бүрийн тайлбартайгаар худал мэдээлэл тараах тохиолдыг ч бид олонтаа харсаар байна. Эсвэл ядруухан гэр бүл, хүүхдэд тусалснаа баримтжуулан нийгмийн мэдээллийг сүлжээнд байршуулсан нь тухайн гэр бүлд, хүүхдийн ирээдүйд ямар үр дагавар авчирч болох талаар үе үе нийгэмд хэлэлцүүлэг өрнөсөөр байна.
Яг ийм тохиолдлуудтай холбоотойгоор интернэт дэх “мартагдах эрх” гэсэн ойлголтыг холбогдох мэргэжилтнүүд, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл дэвшүүлэн тавьж байна.
“Мартагдах эрх бол интернэтэд байх ёстой үндсэн зарчим бөгөөд анхааруулга, сануулга зэрэгтэй хамт хэрэгждэг байх ёстой.”
Гэхдээ хамаарах нутаг дэвсгэрээс гадуурх мэдээллийн хэрэглээ, дижитал архив, түүхэн баримт бичгийн бүрэн бүтэн байдал, хувь хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэгтэй уг “мартагдах эрх”-ийг хангах бодлогын зохицуулалт зөрчигдөлдөх ёсгүй гэж үзэж байна. Номын сан, боловсролын байгууллага, архив, хайлтын систем зэрэгт шаардлагатай хайлтыг хөнгөвчлөх үйлдлүүдэд, мэдээлэл хайж буй хүмүүс, мэдээлэл дамжуулагчдад олон нийтийн ашиг сонирхлын үүднээс “мартагдах эрх”-ийн зохицуулалт харшлах ёсгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл “мартагдах эрх”-ийг хангах шаардлагатай мэдээллийн төрөлд олон удаа давтан түгээгдэж буй илт худал мэдээллүүд, хувь хүний нууц, хувь хүний алдар хүнд оршихуйд нөлөөлөх мэдээллүүд, нийгэмд хор нөлөө бүхий мэдээллийг багтаан ойлгож, интернэтээс устгах ажлыг хийхэд хуулийн болон технологийн зохицуулалт шаардлагатай бөгөөд нийгэмд шаардлагатай, олон нийтийн эрх ашигт үйлчлэх мэдээлэл интернэтээс “мартагдах” ёсгүй гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн интернэтэд “мартагдах эрх”-ийг хангахад эрх баригчид өөрт ашигтай хэлбэрээр зохицуулалтыг хийх ёсгүй, төр, иргэний нийгэм, иргэд, технологийн салбар, хэвлэл мэдээлэл зэрэг олон талын оролцоог хангаж, улс орон бүрт иргэд, олон нийт энэ талаар ойлголттой болж, хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. “Мартагдах эрх”-ийн тухай ойлголт, үүнийг хэрхэн зохицуулах тухай асуудлыг Австралийн Брисбан хотноо болж буй Ази, номхон далайн бүсийн Интернэт засаглалын форумын үеэр ийнхүү дэвшүүлэн тавьж яг одоо хэлэлцэж байна.
Ази, номхон далайн бүсийн форумд бүсийн төлөөлөл 1000 орчим оролцогч биечлэн, 450 оролцогч онлайн хэлбэрээр оролцож, нийт 34 өөр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгааг зохион байгуулах хорооны дарга Эдмон Чанг мэдээллээ.
Тэрээр үргэлжлүүлэн технолгийн эринд төрж өсөөгүй хүмүүс улс орон бүрт засаглалын эрхийг гартаа атгаж, шийдвэр гаргаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг технологийн талаар, технологийн дэвшилттэй холбоотой асуудлыг хуульчилж, журамлах чиглэлээр чадавхжуулах нэн шаардлагатай байгааг дурдсан юм. Тиймээс форумын яриа хэлэлцүүлэг үргэлжлүүлэн парламентын салбар хуралдаанаар үргэлжлэхээр төлөвлөжээ.
Ж.Оюунцэцэг
Бүсийн Интернэт засаглалын форумын оролцогч