Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг мэдэхгүй хүн ховор байх. Тосон, Цэнгэл гэх хайрхануудын нэрээр сумаа нэрлэсэн түүхтэй юм билээ. Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг, байгалийн төгс гэмээр үзэсгэлэн бүрдсэн энэ сумын 100 жилийн тэгш ой энэ онд тохиож буй. Тэмдэглэлт ойг хөшөө дурсгал нэмж, цэцэг туузханаар гул барин өнгөцхөн байдлаар аргацаан өнгөрүүлдэг тогтсон уламжлалыг Тосонцэнгэл сумынхан эвдэж байгаа юм байна. 100 жилийнхээ түүхэн ойг хүний хөгжлийг дэмжсэн, амьдралын таатай орчин бүрдүүлэх цогц ажлын хүрээнд тэмдэглэхээр хичээн зүтгэж байгаа нь нэн олзуурхууштай бөгөөд бусдад жишиг болох биз. Амьдрал маш энгийн. Хүн аятай амьдрах, хүүхэд аюулгүй тоглож, хөгжиж болох тийм л орчин хаа сайгүй дутагдсаар байгаа.
Тосонцэнгэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 18 мегаваттын хүчин чадалтай ДЦС-ын бүтээн байгуулалт хаврын урь орохтой зэрэгцэн эхэлжээ. Цахилгаан, дулаан, уур гэсэн гурамсан ажиллагаатай энэ станцын хүчин чадал 18 мегаватт гэдэг нь гурван аймгийн хэрэглээг өлхөн хангах үзүүлэлт юм. Хүн амаа нэмж, түүнийг дагаж өсөн нэмэгдэх хэрэгцээг урьдчилан тооцсон нь энэ станцын үнэ цэнийг улам өсгөж нь тодорхой. 2024 оны намар ашиглалтад хүлээлгэн өгөх хуваарьтай. Цахилгаан, дулааны хэрэглээг нэг дор шийдсэнээр энэ суманд наанадаж яндан цөөрнө, утаа буурна. Агаарын бохирдлоо 100 хувь шийдсэн хамгийн анхны сум болох эхлэлээ ийн тавьжээ. Шинэ станцад хамгийн багадаа 60 ажлын байр шинээр бий болно.
Тосонцэнгэл сум цэвэр бохир усны шугам хоолой татаж, албан байгууллагууд болон зарим айл өрхийг хэдийнэ холбожээ. Өдгөө 60 гаруй хэрэглэгчтэй болжээ. Сум гэхэд том тоо байгаа биз. Эмнэлэг, сургууль, Соёлын төв, Шүүх, Прокурор гээд төрийн байгууллагууд бүгд цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон байна. Эднийх подхийсэн усан сан, цэвэрлэх байгууламжтай. Хоногт 800 куб метр цэвэр ус шахах суурилагдсан хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар хоногт 50 куб метр ус цэвэршүүлж байгаа гэсэн. Цэвэрлэх байгууламжийн тухайд хоногт 250 куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ч одоогоор хүчин чадлынхаа тавны нэгийг л ашиглаж байна. Хэрэглээ нэмэгдлээ гэхэд нөөц хангалттай гэсэн үг.
Тус сум жуулчдыг хүлээн авах 6 амралтын газартай. Эдгээрийн тэн хагас нь бие даасан байдлаар дэд бүтцээ шийдэж, байгальд ээлтэй байдлаар бизнесээ явуулдаг. Модон жорлонг халснаар хол, ойроос ирэх гийчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг “Ойн хишиг” ХХК-ийн захирал Г.Долгорсүрэн нотлон өгүүлэв. Улсын нийслэл Улаанбаатар болоод Завхан аймагтайгаа хатуу хучилттай авто замаар холбогдсон нь аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд давуу тал болжээ. Сумынхаа төвийн олон хүн цугладаг спортын талбай орчимд боловсон 00 барих ажлыг эхлүүлсэн нь хүмүүсийн ая тухтай амьдрах, зочлох боломжийг бүрдүүлэхийн төлөөх бодлогын нэг хэсэг гэдгийг сумын Засаг дарга Л.Одонтуяа хэлж байлаа. Төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмж боломжийн төвшинд шийдэгджээ.
Идэр голыг түшиглэн байгуулсан УЦС дээр нэмээд дулаан, цахилгаан, уур үйлдвэрлэдэг станц ашиглалтад орно. Ингэснээр эрчим хүчний хос эх үүсвэртэй данагар сум болно. Хос морьтой хүн хол замыг туулдаг. Орон нутгийн хөгжлийн сангаар залууст зориулж 3×3 сагсан бөмбөгийн,хөлбөмбөгийн стандарт талбай байгуулчихсан, наадам хийдэг цэнгэлдэх нь 500 хүний суудалтай байсныг 1500 болгож гурав дахин нэмсэн, нэг дор 1000 харваач хүлээн авах 30 зурхай бүхий сурын талбай тохижуулжээ. Сурын улсын аваргын тэмцээнийг наадмын дараа Тосонцэнгэл суманд хийх товтой гэдгийг аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл багш мэдээлэв. Орон нутгийн хөгжлийн сангаас 1.5 км газарт явган хүний зам, гэрэлтүүлэг шинээр хийсэн зэрэг ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглсэн ажлыг тоочвол олон.
Эрчим хүчний хос эх үүсвэртэй, инженерийн нэгдсэн дэд бүтэцтэй, баруун аймгуудын гол зангилаа болсон энэ суманд үйлдвэрлэл хөгжих, бизнес эрхлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн таатай нөхцөл бүрджээ. Таатай орчин бол хүн татах хөгжлийн соронз. Тосонцэнгэлийн хүн ам суурин болоод явуулынхтайгаа нийлээд 12 мянгад шүргэж явна. Өсөн нэмэгдэх хэрэглээгээ тооцсон дэд бүтцийн ийм таатай нөхцөлтэй сумын хүн ам цаашид хурдтай өснө. Хуучин нийгмийн үед модны үйлдвэр түшиглэн байгуулсан энэ сууринг ХОТ хэмээн албан ёсоор нэрлэж байсан бодит түүхтэй. Тосонцэнгэл 100 жилийнхээ босгон дээр төвлөрлийг сааруулах төрийн бодлогын хүрээнд хотын статусаа сэргээх хөгжлийн зорилт дэвшүүлснийг сумын ИТХ-ын дарга Б.Ганбаяр хэлсэн нь амнаасаа санамсаргүй унагасан үг лав биш байх.
Хот байгуулах хамгийн чухал урьдач нөхцөл нь эрчим хүчний найдвартай эх үүсвэр байдаг. Тосонцэнгэлийн хувьд эрчим хүчний хос эх үүсвэртэй болж байгаа нь үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэх зэргээр маргаашийн олон боломжийг цэлийтэл нээнэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд мартагдах шахсан хотын статусыг нь өнөөдрийн Тосонцэнгэлд эргүүлэн өгөхөд буруудахгүй болжээ.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС
Тийм шүү манай сум хотын статустай болох хэрэгцээ маш их байдаг уугуул суугуул нийлээд 10000 -г хол давсан байдаг Баруун аймгуудын гол зангилаа газар гэж бодог
Монголын хамгийн том сум суурин газаршд сайхан байгалтай ард иргэд нь ажилсаг сайхан сэтгэлтэй зүтгэлтэй сумын удирдлагууд нь зөв бодолтой сумандаа хийе бүтээе гэсэн сэтгэлтэй бага багаар ургашаа явж бна хүүхэд залууст ээлтэй сумын засаг дарга Болортуяа ИХД Б. Ганбаяр хоёр нутаг усаа сурталчилах ажилыг хавраас хойш тасралтгүй хийлээ Шагж аврагаа мөнхжүүлээ нутагаа өад нь татаж бна өнгө үзэмж нэмэгдэж бна хүүхэд залуус сурын талбайтай боллоо үүнд аймгийн мэргэн спортын мастер Б.Батцэнгэл багш маш их үүрэг гүйцэтгэсэн олон олон шавьтай хүүхэд бүртээ хүрч ажиллаж чаддаг чадварлаг багш сурган хүмүүжүүлэгч талархаж бна мөн нутгийн бүх иргэд гар бие оролцож хашаа хороо цэвэр үзэмжтэй сайхан болгож бна сайхан наадамын талбайтай боллоо хийж бүтээх ажил ихч ургашаа тэмүүлсээр цаашдаа хийнэ