“Цэгц аравт” нэгдлийн уран бүтээлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Монголын үнэн сонины дэд эрхлэгч Г.Сонинбаярын 2022 онд хэвлүүлсэн “Дурсахуй, хайрлахуй-II” номыг эргүүлж суунам. Энэ хэдийгээр сэтгүүл зүйн бүтээл боловч бүхэлдээ зохиолч, уран зохиолын орчуулагч, бараг л уран зохиолын тухай ном ажээ. Алим модноосоо хол унадаггүй гэдэг дээ, зохиолч, яруу найрагч хүн сэтгүүл зүйн бүтээл туурвилаа ч өөрийн авьяас сонирхолдоо хөтлөгдөн уран зохиолын сэдвээр илүүтэй бичдэг аж.
Энэ ном зохиолч, орчуулагчийн тухай ойр дотнынх нь хүмүүстэй хийсэн ярилцлага, зохиолч, орчуулагчтай өөртэй нь хийсэн ярилцлага, зохиолч, яруу найрагчийн тухай зохиогчийн бичсэн хөрөг зэргээс бүрджээ. Тухайлбал нэгдүгээрт эрдэмтэн гүүш, нэрт дипломатч С.Наваан-Юндэн гуайн тухай гэргий Н.Лхамсүрэн гуай, Монголын нууц товчоог анх монгол бичигт хөрвүүлсэн их гүүш Цэнд гүний тухай охин Ц.Хандсүрэн гуай, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн тухай төрсөн дүүгийн ач охин Л.Амаржаргал, Мишигийн Цэдэндорж гуайн тухай төрсөн дүү зохиолч Б.Пүрэвдорж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн тухай ойрын садан Ж.Балжинням, Дуэлиэр эрсэдсэн монгол найрагч Г.Цэнджавын тухай үеэл дүү Н.Жагдаг, Японы нэрт яруу найрагч Ишикава Такүбокүгийн тухай орчуулагч Д.Асрагчцогт нартай хийсэн ярилцлага.
Хоёрт ардын уран зохиолч Ш.Дулмаа, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, нэрт орчуулагч Х.Мэргэн, Ж.Нэргүй, зохиолч Х.Зандраабайдий, яруу найрагч Б.Энхжаргал, Н.Пүрэв, Ц.Доржсэмбэ Г.Нэргүй, Д.Одгэрэл, Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нартай хийсэн ярилцлага. Гуравт зохиолч С.Удвал ахайтан, Монголын анхны археологич, нэрт эрдэмтэн, яруу найрагч Хөдөөгийн Пэрлээ, нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, яруу найрагч С.Адъяасүрэн нарын тухай тус номын зохиогч, сэтгүүлч Г.Сонинбаярын чин зүрхнийхээ “үгээр зурсан хөрөг” зэргээс бүтжээ.
Яагаад ч юм, энэ гурван төрлийн аль нь илүү чухал вэ хэмээн эргэцүүлж үзэхэд нэг нь нөгөөгөөсөө дутахгүй их ач холбогдолтой, үнэ цэнтэй мэт санагдлаа. Гэвч зохиогчийн зүгээс илүү их сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр гаргасан нь хөрөг л болов уу. Энэ номд орсон хүмүүсийн үзсэн дуулсан хийгээд туулсан амьдрал, хөөрсөн хууч бол тэр чигээрээ ХХ зууны Монголын түүх билээ. Сэтгүүл зүйн бүтээлийн нэг давуу тал нь янз бүрийн амьдрал туулсан, янз бүрийн эрдэм чадалтай олон хүний тухай сонирхолтой мэдээллийг уншигчдад хүргэдэг, тэр нь цаг хугацаа улирахын хэрээр улам бүр үнэ цэнтэй болдогт байдаг болов уу.
Болор цомын эзэн яруу найрагч До.Болдхуяг