2023 оны 5-р сард Лондонгийн Байгалийн түүхийн музейн эрдэмтэд далайн шувуудын хуванцар залгиснаас үүдэлтэй шинэ өвчнийг илрүүлжээ.Хуванцар нь далайн шувуудын хоол боловсруулах замыг гэмтээж, сорви үүсгэдэг. Хүнд тохиолдолд энэ нь халдвар, шимэгч хорхой үүсэхэд хүргэдэг бөгөөд хоол хүнсийг шингээх чадварыг хязгаарладаг байна. Хуванцар хог хаягдлаас үүдэлтай амьтдын үхэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний талаар дэлхийн эрдэмтэн судлаачид удаан хугацаанд ярьж сануулж буй.
Гэрэл зурагчин Крис Жордан гэхэд 2009 оноос эхлэн хуванцар хог хаягдлууд байгаль орчинд хэрхэн хортой нөлөө үзүүлж буйг хүмүүст ойлгуулахаар эрэл хайгуул хийж уран бүтээлээ энэ зүгт чиглүүлж байгаа. Тэрээр анх Номхон далайн дундах жижигхэн газар болох Мидуэй Атолл руу далайн хэт их хэмжээний хог хаягдлыг баримтжуулахаар явахдаа албатросын дэгдээхэйний хуванцар идэж үхсэн дүр зургийг дарж дэлхий нийтэд дэлгэж байв. Хуванцар залгисан альбатросын дэгдээхэйнүүдийн гэдэсний хана цоорж, шингэн алдалт үүсдэг ба, хүнд металл болон бусад химийн бодисууд нь шувууг үхэлд хүргэдэг ажээ.
Гольфын бөмбөг, шүдний сойз, нэг удаагийн тамхины дөрвөн асаагуур зэрэг өнгөлөг, өдөр тутмын хуванцар эд зүйлсийг альбатросын ходоодноос гардаг.
Крис Жорданы авсан альбатросын дэгдээхэйнүүдийн зураг тухайн үедээ дэлхий нийтийг цочроож, дэлхийн хаа сайгүй тарж, гэрэл зурагчин хариу өгч дийлэхээргүй их зурваст дарагдсан ч бодит байдал нэг их дээрдээгүй. Иймээс тэрээр 2010 онд дахиж Мидуэй Атоллыг зорьж үүнээс хойш нийт найман удаа тус газрыг зорьсон байдаг. 2018 онд тэрээр “Альбатрос” баримтат киногоо бүтээсэн юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн саяхан гаргасан тайланд хуванцар үйлдвэрлэл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 2050 он гэхэд далай дахь хуванцар хог хаягдал дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж Жоржиагийн их сургуулийн байгаль орчны инженер, хуванцар бохирдлын дэлхийн шинжээч Женна Жамбек тооцоолжээ. 2020 онд гэхэд найман сая тонн хуванцар хог хаягдал далайд орж ирсэн нь 650,000 орчим хоёр давхар автобусны жин юм.
Дэлхийн улс орнууд хуванцарын эсрэг хууль тогтоомжууд гаргаж байгаа ч энэ нь хангалтгүй байна гэж мэргэжлийн хүмүүс BBC-д ярьжээ. Одоогоор дэлхийн 175 улс 2024 он гэхэд хуванцарын хэрэглээгээ хязгаарлах хууль тогтоомж хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Нэг удаагийн хуванцарыг бүрмөсөн хориглох, мөн хамгийн гол нь хүмүүсийн энэ талаарх ойлголтыг сайжруулах ёстой гэж салбарын хүмүүс дүгнэж байна.