Яармагийн гүүрийг есдүгээр, Зайсангийн гүүрийг арванхоёрдугаар сард нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Яармаг, Зайсанд хийж буй гүүрийн байгууламжийн барилгын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Тодруулбал, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 391.5 метр, 54.8 метр болон 36.7 метр урт гурван гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогоор Дунд гол дээгүүр баригдах урт төмөр бетон гүүрийн 39 ширхэг дам нуруу, завсрын тулгуурын баганыг цутгаж, завсрын хоёрдугаар тулгуурын арматурыг зангидаад буй. Мөн бэхэлгээний хавтангийн цутгалт эхэлжээ. Түүнчлэн 36.7 метр урт гүүрийн нийт 12 ширхэг дам нурууг цутгаж, 10 дам нурууны арматур хэлхээс зангидаад байна. Харин 391.5 метр урт төмөр бетон гүүрийн арванхоёрдугаар тулгуурын хуваарилах хавтанг цутгаад буй.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна. Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох 483 метр урт гүүрийн байгууламжийн ажил үргэлжилж байна. Зургаан эгнээ, дөрвөн гонхтой (амралтын тавцан) энэ гүүрийн бүтээн байгуулалтад гурван компани оролцож байгаа. Тэд өнгөрсөн оны есдүгээр сараас ажлаа эхлүүлсэн, одоогоор гүйцэтгэл нь 55 хувьд хүрээд байна. Ирэх есдүгээр сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 14.9 хувиар буурна хэмээсэн юм.

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор хоёроос арваннэгдүгээр тулгуурын ажил бүрэн дуусаад буй. Мөн 24 метр урттай, хүчитгэсэн 40 дам нурууг тавьсан бөгөөд дөрвөөс аравдугаар тулгуурын дам нурууг байрлуулж байна. Харин хуучин гүүрийн хувьд инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлын тодотгосон зураг төслийн ажил дуусаж, газрын эзэмшигчтэй зөвшилцөж эхэлжээ.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.

“ЗМЗ” ХХК-ийн ерөнхий инженер Т.Баярмаа:

-Шинэ, хуучин хоёр гүүрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна. Шинэ гүүрийн ажлын явц 85 хувьтай байгаа. Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...