НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн, “Их долоо”-гийн бүлгийн гишүүн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Хирошимад болсон “Их долоо”-гийн хүнд сэдвүүд хөндсөн уулзалтаа өндөрлүүлээд ардчилсан Монгол Улс руу хүлгийн жолоо залсан нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татав. Монгол Улс француудтай хамтарч дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлэн эрчим хүчний хараат байдлаасаа гарах амбицтай байна гэхмэтчилэн дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд бичиж байна. Европт дайны гал ассан, дэлхийн улс төр тогтворгүй байгаа энэ цаг үед Монгол Улс энх тайвныг эрхэмлэгч ардчилсан засаглалтай улс гэсэн мэссэжийг Эммануэл Макроны эхнээсээ дуустал нүүрэндээ инээмсэглэл тодруулсан айлчлал дэлхий дахинд бататган өртөөлөв. Дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийн дараа биеллээ олсон Францын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын эхний үр дүн энэ байлаа.
Өнгөрсөн 58 жилийн хугацаанд хоёр улсын харилцааны төвшинг “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай” гэж тодорхойлж ирсэн байдаг. Монгол Улсын гурван Ерөнхийлөгч, УИХ-ын гурван дарга, хоёр Ерөнхий сайд тус улсад айлчилж байсан түүхтэй. Айлын талаас өндөр, дээд хэмжээний айлчлал хийж байгаагүй бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн учраас түүхийн шинэ хуудсыг эргүүлсэн хэрэг. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “Гуравдагч хөрш” гэх нандин ойлголт бий. Европын хувьд Герман, Туркээс гадна Францыг гуравдагч хөршөө хэмээн дотночлон үздэг гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тов тодорхой илэрхийлэв, зарлав. “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай”-г шат ахиулах цаг болсон гэдгийг Монгол Улс илэрхийлсэн хэрэг л дээ. Одоо хоёр улсын харилцаа цоо шинээр бичигдэнэ.
Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх 10-р сард Францад айлчлахыг урьж, хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэх талаар тохиролцож чадав. Буурал тив дэх “Их долоо”-гийн бүлгийн гишүүн Франц улстай стратегийн түншлэл тогтоох нь олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг Монгол Улсын хувьд хоёр дахь хожил болов. Дипломат харилцааны хувьд нэг нь нөгөөгөөсөө бадар барих биш, эн тэнцүү, эрх тэгш байдлаа баталгаажуулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох нь хамгийн том зорилго, бас ялалт байдаг. Айлчлал өндөрлөсний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн цахим хуудсандаа “Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” хэмээн бичсэн нь монголчуудад дотно сэтгэгдэл үлдээж чадлаа.
Хоёр улс ойрын жилүүдэд дараах салбаруудад харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажитллахаар айлчлалын үеэр тохиролцов.
- Цэвэр эрчим хүч /Атомын цахилгаан станц/ болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов.
- Францтай хамтран Үндэсний сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болов.
- Худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамтарч ажиллахаар тохиролцов.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэх 10 дугаар сард Франц Улсад айлчлахыг урив.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилга”-тай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцов.
- “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчнийг Францад бэлтгэж, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр болов.
- Хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
- “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэхээр болов. Франц Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжихээр болов.
- Францын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэхээр болов.
- Онцгой байдлын ерөнхий газар, Францын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газрууд гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хамтран хувь нэмрээ оруулахаар болов.
- Гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцов.
- Францын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч ажиллахаар болов.
- Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол- Франц хооронд шууд нислэгтэй болохыг дэмжихээр тохиролцов.
- Кино урлагийн салбарт хамтран ажиллаж, хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүд байгуулахаар болов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эммануэл Макрон нарын харилцан тохиролцсон эдгээр асуудлууд хэдэн арван жилээр тогтвортой үргэлжлэн хэрэгжинэ гэж хамтарсан мэдээлэл хийхдээ онцолсон. Энэ бол хариуцлагатай амлалт. Тавхан сарын дотор Ерөнхийлөгчийн төвшинд хариу айлчлал хийхээр албан ёсоор тов тохирч байгаагаас харвал Франц, Монголын харилцаа илт идэвхжиж, эрчимтэй хөгжих суурийг энэ удаагийн айлчлал тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочноо гүн хүндэтгэлтэйгээр угтаж, Ерөнхийлөгч Эммануэл Макрон ч айлчлалдаа сэтгэл хангалуун нутаг буцлаа. Төрийн тэргүүнүүдээр дамжуулж хоёр орны ард түмний нүүрэнд инээмсэглэл, сэтгэлд дотносол, харилцаанд итгэлцэл бэхжив.
Б.ТҮВШИНТӨГС