Түгжрэлийг мартсан ДУГУЙЧИД

Сүхбаатарын талбайд өнөөдөр хөл хөөр, дуу хуур, бүжиг наадам, уралдаан тэмцээн, инээд баясал, эрх чөлөө дүүрэн байлаа. Хаа сайгүй унадаг дугуй, скүүтэр, роликтэй хүүхдүүд ёстой л дураар жаргав. Уулын, аялалын, хүүхдийн, энгийн дугуйн худалдаа дэлгэгдэж, дугуйн түрээсийн үйлчилгээ эрэлттэй байв. Түг түмэн дугуйчдаас хоёр, гурван настнуудын дунд зохион байгуулагдсан тэнцвэрийн дугуйн уралдаан хөгжөөн дэмжигч дүүрэн, оролцогчдын идэвх сайн, зүрх сэтгэл хөвсөлзүүлсэн нь байлаа. Шулганасан бяцхан тамирчдын ирээдүйн сонголт машин бус унадаг дугуй байх нь гарцаагүй биз ээ.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөгт ахмад дугуйчид өөр өөрийн эко тээврээр гангарч, хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн нь эрхгүй хараа булааж, хүүхэд залуучуудад дугуй унах соёлыг өөрсдийн биеэр түгээн үлгэрлэж байсныг тодотгоё. Нэг үеэ бодвол залуучууд унадаг дугуй хэрэглэдэг, мэддэг, гангардаг, бие биендээ сонголт хийхэд нь тусалдаг, зөвлөдөг болжээ. Тухайн өдөрлөгт саатсан дугуйчдын хооронд тийм л яриа өрнөх бөгөөд дугуйн хэрэглээтэй холбоотой үзэсгэлэн худалдааны асар майхнууд залуусын худалдан авалтын хөлд дараатай байв.

Тус өдөрлөг 12:00 цагт эхэлсэн бөгөөд Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нээж үг хэллээ. Тэрбээр

“Өнөөдрийн байдлаар нийслэл хот 72.1 км дугуйн замтай. Шинээр зөвхөн хотын төв дотор 23 байршилд 55  км дугуйн зам, найман байршилд 2,9 км гаруй дугуйн гүүрэн замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.  Өмнө нь авто машинд зориулан гүүр барьдаг байсан бол энэ жилээс дугуйгаар явахад зориулсан гүүрэн замыг барина.  Улаанбаатарчуудын ердөө 1.2 хувь нь л унадаг дугуйгаар зорчдог  байна. Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлж, зорчих зам, дэд бүтцийг сайжруулснаар түгжрэл хотын төвд 12500 машинаар, хотын зах руу 22 мянган машинаар саарах боломжтой тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, түгжрэлийн бүсээс хамаарч 9-13 хувиар түгжрэл буурах тооцоолол байгаа юм.

Тиймээс Нийслэл хотын иргэн та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аль болох дугуйгаар зорчихыг уриалъя” гэлээ.

Өдөрлөгийн үеэр төв замын аль нэг хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй юм. Иргэд үр хүүхэд, гэр бүлтэйгээ дугуйт тээврийн хэрэгслийг ашиглан бүтэн өдөржин төв талбайдаа тоглож өнжлөө. Өдөрлөгийн бас нэгэн тод чимэг нь яах аргагүй Монголын дугуйн холбооны ахмад тамирчид байлаа. Тэд иж бүрэн хувцас, тоноглол бүхий мэргэжлийн дугуйн спортын гайхамшгийг залууст таниулан сурталчилж сонирхсон нэгэнд нь дуртай нь аргагүй зөвлөгөө мэдээлэл өгч байв. Тэдний төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

Т.Пүрэвдорж: БУРХАН ЗӨВШӨӨРВӨЛ 90 ХҮРТЛЭЭ ДУГУЙНААСАА БУУХГҮЙ

                                                (Ахмад тамирчин)

“1965 оны дугуйчин. Өнөөдрийн өдөрлөгт “Cannondale брэндийн дугуйгаа унаж ирлээ. Монголын шигшээ багт 10 гаруй жил хичээллэсэн. Ирэх тавдугаар сард Солонгос улсад зохион байгуулагдахаар товлогдсон Ази, Номхон далайн орнуудын олимпод оролцохоор бэлтгэлдээ гарсан байна. Залуучууд, нийт ард түмнийгээ эрүүлжүүлэх, дугуйтай нөхөрлүүлэх шаардлага үүссэн. Үүнийг тулд дугуйн замыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг нь зохион байгуулалттай, эмх цэгцтэй, чанартай бүтээн байгуулах хэрэгтэй. Ингэж байж түгжрэл багасна. Ард түмний эрүүл мэнд, залуучуудын хувийн зохион байгуулалт сайжирна. Энэ унааны ерөнхий нэршил нь дугуй гэх боловч эрүүл мэндийг тэтгэж байдаг брэнд бүтээл юм шүү дээ. Дугуйчин хүн ер нь л эм тариа хэрэглэдэггүй, эмнэлэгт ч үзүүлэх шаардлага гардаггүй. Үүний баталгаа нь би өөрөө. 58 жил дугуйн зам дээр уралдаж байгаа 76-тай залуу байна. Одоо олимпод оролцохоор мордоно. Бурхан зөвшөөрвөл 90 хүртлээ дугуйнаасаа буухгүй. Монголд өнөөдөр 30 гаруй мянган хүн дугуй унаж байна. Түүнээс уралдаж байгаа нь 100 орчим тамирчин байна.

 Л.Хангай: ДУГУЙН ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛУУД НЭМЭГДВЭЛ АВТОМАШИНЫ ТҮГЖРЭЛ БАГАСЧ, ЭКОЛОГИД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨХ НЬ ДАМЖИГГҮЙ

  (Ахмад дугуйчин)

-Дугуйн спорт Монголд эрчимтэй хөгжиж байна. Залуучууд дугуйг өдөр тутмынхаа хэрэгцээнд их унаж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндээ өвчнөөс аварч байгаа юм. Дугуй бол үнэхээр биеийн эрүүл мэндийг сайжруулж байдаг ид шидтэй унаа. Хоёрдугаарт, түгжрэлийг сааруулахад ихээхэн нэмэр тус болж байгаа юм. Намайг залууд дугуйн замын дэд бүтэц Улаанбаатарт хөгжөөгүй байсан сул талтай ч авто машин бага байсан. Тиймээс хамгийн аюулгүй унаа байлаа. Одоо авто машин ихэссэн учраас дугуй унаж байгаа хүн аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй. Дугуйнаасаа гадна заавал тусгай зориулалтын малгай, бээлий, нүдний шил зүүнэ. Мөн болж өгвөл жолооч нарын анхааралд өртөхүйц тод өнгийн хувцас өмсч, зөөлөвчтэй тусгай зориулалтын өмдтэй байвал зүгээр. Төр ч мөн дугуйн замыг аюулгүй, стандартад нийцүүлэн хийх хэрэгтэй. Дугуйн замуудыг цаашдаа ч нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй гэдгээ Ж.Сүхбаатар сайд онцгойлон хэлж байна. Энэ сайн мэдээ.  Хэрэв дугуйн замын сүлжээ, зогсоолууд бий болох юм бол автомашины түгжрэл багасч, экологид эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.

Тэд ийн ярилаа. “Унадаг дугуйтай Улаанбаатар” өдөрлөг залуусын дугуй унах санаа сэдлийг өдөөсөн, ахмад үеэсээ суралцаж, хүүхэд залуус нь хотын хөдөлгөөнд дугуйгаар зорчих хүслээ биелүүлсэн, дугуй сонирхогчид цуглаж бие биентэйгээ танилцсан халуун дулаан уур амьсгал дунд болж өндөрлөлөө.

Сэтгүүлч М.МӨНХТУНГАЛАГ

Гэрэл зургийг Б.Сүхзориг

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...